“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин, соёлын наадмыг Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөх үеэс эхлэлтэй уг наадмыг сүүлийн жилүүдэд сэргээн соёл, уламжлалаа хадгалах, түгээх болон жуулчдын сонирхлыг татах зорилгоор дэглэн тавьж буй билээ. Түүнчлэн “Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлж, хадгалах, соёлын үнэт өвөө ирээдүй хойчдоо таниулахад чухал ач холбогдол бүхий баяр цэнгэл юм.
Энэ үеэр хүчит 256 бөх барилдан, хязаалан, их нас болон жороо морьдыг уралдуулж, морьт харвааны үзүүлбэр толилууллаа. Мөн лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин, тосон урлалын тэмцээн зохиож, цам харайх, маань татах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэжээ. Бурхны шашны бага таван ухааны бүжиг лэлийн ухаанд багтдаг цам нь “Даншиг наадам”-ын гол онцлог бөгөөд хүрээ цамын ёслолыг Гандантэгчэнлин хийдийн эрдэмт хуврагууд 1999 оноос сэргээн, дэг жаягийнх дагуу тавьж хэвшжээ. Цамын үеэр Очирваань бурхан, уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн бүжин нааддаг. Энэ удаад 120 гаруй цамчин оролцон, хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй бэлгэдлийг уран яруу хөдөлгөөнөөр үзүүлэв. Мөн “Улаанбаатар” театрынхан уран бүтээлээ үзэгчдэд толилууллаа. Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд завсарлаад байсан “Даншиг наадам-Хүрээ цам 2022”-ыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Аялал жуулчлалын газар, Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгууллаа.
Гэрэл зургуудыг Э.Харцага