"Алтан тариа" ХХК "Дайныг эсэргүүцэж" өөрийн компанийн байшин дээр "Украины туг"-ыг байршуулжээ. Ямар учир шалтгааны улмаас Украины тугийг байршуулах болсон талаар тус компанийн бизнес хөгжлийн хэлтсийн дарга Ө.Саруул-Эрдэнээс тодрууллаа.
“Дайныг эсэргүүцэж өөрийн компанийн байшин дээр Украины тугийг байршуулсан. Ингэж дайныг эсэргүүцсэний дараагаар цагдаагийн байгууллагаас тухайн улсын туг, далбааг зөвшөөрөлгүйгээр мандуулсан байна буулга гэх шаардлагыг өнөөдөр тавьсан. Хэрэв хууль зөрчсөн гэж үзээд шүүхийн шийдвэр гарвал бид хариуцлагаа хүлээнэ.
Эрх чөлөөт тусгаар тогтносон улсад амьдарч байгаа учраас өөрсдийн эзэмшлийн барилга дээрээс ямар ч улсын туг далбааг мандуулах эрхтэй. Монгол Улсын хуульд өөрийн орноос бусад улс орны тугийг зөвшөөрөлгүй мандуулж болохгүй гэсэн хууль заалт байхгүй. Харин хуульд тухайн улсын туг далбааг гутаан доромжилж, устгаж сүйтгэхийг хориглоно гэсэн заалт бий.
Бид өнөөдөр чөлөөт ардчилсан улсад амьдарч байгаагийнхаа хувьд дайныг эсэргүүцэж зэвсэгт мөргөлдөөн зогстол тугийг байршуулах болно. Магадгүй Оросын талыг дэмжиж байгаа хүмүүс биднийг буруутгахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид дайныг эсэргүүцэж байна гэдгээрээ оросын ард түмнийг эсэргүүцэж буюу хэрэг биш. Дайныг өдөөн дэгдээсэн Путины дэглэмийн төр захиргааг эсэргүүцэж байгаа юм. Хэрэв дайн зогсвол хоёр талын ард иргэд баяртай байх болно гэдгийг энэ үйлдлээрээ илэрхийллийг хүссэн” гэлээ.