Мэдээж монголчууд хэмээхээр хүн бүрийг нэгбүрчлэн хэлээгүй, нийтлэг нийгмийн байдлаар нь энд өгүүлэх болно. Угтаа манай Монголын түүх нэн арвин хийгээд сайтар судалсан болон судлагдаагүй нь маш олон бөгөөд судалсан нэрийн дор мушгин гуйвуулсан түүхэн завхрал XX зуунаас эхэлж, эдүгээ тэр эрчээрээ явж байна. Энэ нь юу вэ хэмээхээр Монголыг монголоор нь мөхөөх харь орнуудын бодлого хийгээд монгол хүн болж төрсөн ч Монголын өв соёл, үнэт зүйлсэд өс хонзон зангидсан хүмүүс дотроосоо өтөн гарч, нийгэм, улс төр, шашин, урлагийн салбар, бизнес тэргүүтэн дунд олширч, тэдгээр бодлогыг гаднын этгээдүүдийн оролцсон, оролцоогүй өөрсдийн улаан гар, урагшгүй үйлээр шамдан үйлдсээр өнөөгийн Монголыг өвөрмөц бус, өрөвдмөөр байдалтай амь зогоох амьдралын түвшинд чирч гулдчин явж байна.
Амь зогоох нь хоол унд, өмсөж зүүх, байр орон суудлын талаар бус, бүр улс орны дэд бүтэц ч бус, энэ бол оюун санааны дотоод амьдралын тал дээр ХХ зууны марксизм, ленинизмийн үзэл санаагаар дулдуйдаж монгол үндэстэн, ястан нугуудад үйлдэгдсэн геноцид, цаашлаад үзэл санаа, үндэстний соёл тэргүүтэй бүхий л үнэт зүйлсэд их болон бага ямар нэгэн хэмжүүртэй, хэмжүүргүйгээр хядлага хийсний гороор эдүгээ маш өрөвдмөөр, бас инээдтэй гэмээр, бусдын элэг доог болохуйц, бүр сүүлдээ ирээдүйдээ итгэлгүй залуу үеийнхэн олширсоор буй ийм нийгмийн байдалд манай Монгол Улс хүрсэн буй.
“СЭРЭЛТ”
“Бүх урлагийн дотроос кино урлаг бол хамгийн агуу” В.И.Ленин маш хурц оюунтай хүмүүн байсан учраас кино урлагаар дамжуулан бусдын үзэл санааг өөрчилж, үнэт зүйлсийг нь ч хөрвүүлж чадахыг олж харсан хэмээлтэй. Тийм учир ЗСБНХУ-ын коминтерний даалгавар, дагалтын дор Монголын түүх, соёл, шашныг гуйвуулсан маш олон киног ХХ зуунд хийсэн. Ер тэр үеийн бараг бүхий л кино нэгэн адил зарчмаар хэмжигдэнэ. Тэдгээр киноноос бараг оргил нь болсон “Сэрэлт”-ийг жишээ татаж өгүүлсү. Эл кино нь өнгөн үзэгдэл дээрээ монголчууд хувьсгал хийж улс орныхоо төлөө уухайлан нэгдэж, уулгалан босож, олон зуун жил, цаашлаад хүмүүний нийгэм үүссэн цагаас гүн нойрноос сая л нэг анх удаа сэрж, эрх тэгш, хөдөлмөрч, соёлт нийгмийг цогцлоохыг зорьж буй санааг үзүүлдэг. Киноны гол үзэгдэл болгон сайн, муу хоёр талын дүрээр голдуу хийгддэг зарчмаар дүрсэлсэн. Чингээд муу дүрүүдийн дотроос хамгийн адгийн дүр нь “Сэрэлт”-ийн лам хэмээхэд завхай, хуурамч, башир, дээрэнгүй, дарангуй, ховдог, шунахай, муу санаатай гэх зэрэг хүнд байж болох бүх адгийн занг шингээж үзүүлсэн. Энэ мэт кинонуудаа бараг даалгавартай, аль эсвэл албатай мэт Цагаан сар тэргүүтэй баяр наадмаар яг л социализмын үед амьдарч байгаа мэт үндэсний суваг сэлт элдэв олон телевизээр үзүүлдэг. Мэдээж хэрэг аль ч нийгэмд, ямар ч салбарт сайн, муу бүгд л оршин байдаг. Тэдгээрийн шүүмж бол аль цаг үед ч тодорхой ёс суртахууны өнцгөөс хардаг байх ёстой. Гэвч социализм, коммунизмын үеийн кинонд Монголын буддизм болон лам нарыг гамин, барон тэргүүтэй харийн дайснаас ч илүү ангийн дайсан болгож харуулснаараа хар хорын усаар нүсэр их тархи угаалт явагдаж, 1990 оны ардчилсан хувьсал гарсан ч улам доройтсоор, эдүгээ тэр хор нь хэд дахин нэмэгдэж, өөрсдөдөө болоод ирээдүй үедээ хор уршиг, гамшиг тарьсаар байна.
Манай үе үеийн эрдэмтэн, мэргэд, судлаачид, сэцэн билигтэй ард, шударга оршсон сэхээтэн, аливаа зүйлсийг наана цаанатай эргэцүүлдэг бодгалууд нь балмад бүдүүлэг, ухвар мөчид олонхын өмнө цөөдөж, хүчин мөхөстөж байгаа харагдана. Яагаад хэмээвэл Монголын их оюуны сан хөмрөг, түүх архив, биет болон биет бус соёлын өвөөр дамжсан үндэстний дархлаа ямар чухал болохыг ойлгоогүй Төрийн тэргүүнүүд болон соёл, боловсролын салбар хариуцсан яам тэргүүтэй ажлаа хийх ёстой хүмүүс нь өөрсдөө эрт эдүгээ, дэлхий нийтийн соёлд сайтар боловсроогүй учраас нөгөөх л ХХ зууны ялзарсан сэтгэлгээгээр явж байгаа нь манай улсын нийтлэг гадаад байдал, дотоод сэтгэлгээнээс илхэн. Энэ нь Монгол кинонд тусгалаа олж байгаа үзэгдэнэ.
Монгол лам нар түүхэндээ эрдэм мэдлэг, сэтгэлийн боловсрол, оюун санааны ер бусын гайхамшигт бадрангуй Их хөлгөн болоод Очирт хөлгөний ухаанаар улс орон, төр засаг, нийгэмдээ тусалж ирсний шалтгаан нөхцөлүүдээр тэд эдүгээгийн улсын нийслэлийн шавыг тавьж байгуулсан ба тусгаар тогтнолоо олон үеэр хамгаалж, сэргээж, төр, засагтаа тэрслэлгүй олон түмнээрээ амь бие цусаараа төлж ирсэн учраас харийнхан тэднийг нэр ч үгүй булшилж хойч үед нь мартуулаад, орчин үеийн шилдэг зомби үндэстэн болгохуйг зорьсон зорилго нь биелсэн мэт эдүгээ олон монголчууд “Сэрэлт” киноны хуурмаг үзэл санааны гүн нойроос сэрээгүй л байна. Сэрээгүйгээр барахгүй хар дарсан зүүд мэтээр зүүдэлсээр. Тэрхүү зүүднүүдээ үр ач нартаа ч өвлүүлсээр сууна.
МОНГОЛ БАГЦ
Монголын кино хэмээх худгийн мэлхийн сэтгэлгээгээр хийсэн экспортолж ч чадахгүй, зөвхөн монголчууд үздэг бүтээлүүд бол гүйцэд сайн ойлгоогүй түүхийн тухай хийрхэл бардамналын, хошин шогийн, шорон гяндангийн “атаман”-уудын, шалиг завхай, балмад бүдүүлэг, Өрнөдөд сонсогддог харгис цуврал алуурчдын, америк мөрөөдлийг хуулагсдын, инээдтэй гэмээр аймшгийн гээд ангилаад байвал зөвхөн монгол багцад багтах өөр нэлээд олон ангилал гарч ирнэ. Урам зориг, ухаарал баясал, уужим тэмүүлэл, хөнгөн гуниг, гүн ухаан өгдөг уянгын, сонгодог, түүхэн, баримтат, эмгэнэлт, арт хаус төрлийн кино байхгүй биш байгаа. Гэвч маш цөөн. Тэдгээрийгээ төр, засаг барьж байгаа хүмүүс нь ч үнэлж хардаггүй. Үзэгчид ч тэрхүү төрлүүдийн киног үзэх сонирхолгүй, үзсэн ч ойлгохыг хүсэхгүй учир засаг баригчид монгол багцынхаа сүргийн сэтгэлгээг дагана.
Ирээдүй үеийн тархинд ямар янзын бузар булай үйл үйлдэж буйгаар өөрсдөө ойлгохгүй байгаагаар үл барам Монголын төрийн нэрийн өмнөөс тэдгээр кино найруулагч, продюсер, жүжигчинд Төрийн шагналаас аваад төрийн дээд шагналуудаа бараг бүгдийг нь өгч дууссан хэмээлтэй харагдаж байна. Энэ үзэгдэл бол харин Уильям Шекспир, Жюзеппэ Вэрди тэргүүтний бичсэн орчлонд огоот алдаршсан төр, нийгмийн сэдэвтэй эмгэнэлт жүжиг, дууриудтай аанай агаар нэгэн буй.
Монголын ирээдүй үеийн хүүхэд, залуучууд хаанаас зүг чиг авах юм бэ. Ямархан зүрх сэтгэл, оюун бодлоор дараа дараагийн жаран болон зуунтай золгож явах вэ. Яахан төр улсаа цогцлоож явах вэ. Бодох цаг оройтсоор л байна. Хуучирсан социализмын болон шинэ үеийн хэтийдсэн тэнэглэлийн тогоон дотроосоо гарч сэтгэх хэрэгтэй хэмээн сэтгэгдэнэ.
“ХИЙМОРЬ”
Орчин үед бүтээж байгаа олон киноны лам дүрд Монголын ихэнх эрэгтэй жүжигчин тоглосон хэмээвэл хилсдэхгүй байх. Алиа хошин маазрал, хийрхэл тэнэглэлээ урлаг хэмээн зарлаад, нөгөөх “Сэрэлт”-ийн ламын дүрийг элдэв байдлаар дүрслэн үзүүлсээр хэдэн халтар төгрөг хөөдөг аятай шиг. Тэр дундаас нэгийг нь бас онцлон өгүүлсү.
“Хийморь” хэмээх нэртэй, хөөрхөн монгол хүү мориныхоо цулбуураас барьж суусан шинэ киноны зурагт хуудас хараад мөхөс миний багад аав минь авч өгсөн Английн алдарт зохиолч Жэймс Олдрижийн “Гайхамшигт монгол морь” хэмээх ном санаанд буув. Тэр ном одоо ч номын санд минь буй. Ингээд тэрхүү гайхамшигт монгол морины тухай бодолдоо хөтлөгдөн шавь хүүхдүүдээ аваад кинотеатрт очиж үзсэн юм. Уг нь зохиолын санаа аятайхан, маш олон дүртэй, зураг авалт тийм сайн биш боловч муугүй. Ижийдээ вансэмбэрүү цэцэг авч ирдэг хүү болон гол дүр болсон монгол морь, бөө, баян айлын эзэн, сайн эрс, ортодокс орос, мусульман казах, тал нутгийн туульч өвгөн болон түүний сайхан сэтгэлт эмгэн гэх тэргүүтэй олон дүртэй. Гэвч энэ кинонд ганцхан эсрэг дүртэй. Тэр нь үзээрийн муухай царайтай, үүдэн шүд нь унасан, хир даахиндаа баригдсан нэгэн этгээд монгол лам дээл эгэлдрэглэж, жошоо малгай тавьсан, хавчиг үүрэг үүрч, эрих барьсан, хөлдөө майжийсан монгол гуталтай нэгэн буй. Найруулагчийн санаа юм уу, кино багийнхны санаа юм уу, угтаа монгол бадарчин ламыг дүрсэлсэн бололтой. Тэр этгээд хүүгийн ээжийн хойдохыг худал хуурмаг маягаар уншихаас эхлээд кино дуустал шахам элдэв муу муухайг үйлддэг. Ухаангүй шахам өвчтэй хэвтэх эмэгтэйн биед ёс бусаар халдах гэх мэт хүүхэд үзэж болохгүй нүд халтирам зүйлс ч бий. Уг санаа нь анхнаасаа төгсгөл хүртлээ хүүгийн ганц морийг өөрийн болгох гэж явсаар хээр хатаж үлддэг. Чингэхдээ хүүгийн морийг авсан ч морь үргэж, мордуулахгүй бөгөөд өөрөө ч моринд мордож чадахгүй болохоор харгис уурандаа шатаж, чинжаал сугалж аваад морины гуя руу зоогоод явуулдаг тийм үзэгдэл. Ингээд мэдээж эцэст нь морь, хүү хоёр учирч, кино сайхнаар төгсдөг.
Эл киног хийгчид монгол хүн ямар байдаг, тэр дотроо монгол лам ямар байдаг, монгол бадарчин хүн ямар байдаг, ер монгол морины гайхамшиг ямар байдгийг ч сайн судлаагүй аж. Хэрэв тэр адгийн лам монгол хүн байсан ч молор эрдэнэ болсон мориныхоо гуя руу хутгаар зоодог тийм зан суртахуун тэр үеийн монголчуудын гадаад үзэгдэлд бүү хэл, оюун санааны сэтгэлгээнд ч байгаагүйг эртний шарласан судар шастир, үлгэр домог, баатарлаг туульс, эмээ өвөө, аав ээжийн ам дамжсан үүх түүх гэрчилнэ. Харин энэ мэтийн кино үйлдвэрлэгч тэр нөхдийн амьдралд ийм балай балмад зүйлс байдаг бололтой. Энэ киноны лам бол “Сэрэлт” киноны ламаас хэд дахин бузрын амьтан, хэд дахин муухай дүр. Жүжигчний ур чадварыг гайхах юмгүй шалтгаан нь уулаасаа
манай Монголын жүжигчид муу дүрийн баатар болохдоо шилдгүүдийн шилдгүүдэд орох байх. Тэдний гудамжны хулгайч, залилагч, шоронгийн хадаас, алуурчин, хүчиндэгч, агсам согтуу болж жүжиглэсэн нь Монголынхоо бүх шагналыг түүчихсэн биз. Тэгээд бас үндэстний “Хийморь” нь сэргэж байгаа гэж бодож байгаа бол бүү сэрүүн зүүдэл.
Одоо манай нийгэм социализмын үеийн үзэл бодлын хар дарсан зүүднээс хэд дахин илүү бурангуй будангүй зүүд нойрноос сэрээгүй улам доройтсоор. Яагаад хэмээвээс их хэлмэгдүүлэлтээс хойш монголчууд бусдын буруу үзлийн засгийн торонд орж, гадаад эрх чөлөөгөө алдсан ч дотоод сэтгэлгээний эрх чөлөөгөө алдаагүй байсан. Харин одоо бол энэ хоёр эрх чөлөө байраа сольсон ажээ.
ҮНЭТ ЗҮЙЛС
Энэхүү өгүүлэмж утгасын хариуд “яагаад ийн өгүүлэх болов” хэмээн олон хүн ам булаалдан зарим нь мэтгэлцэхээр, зарим нь ухаж бодолгүй зүрх уушги нь сагсайж шууд л дайрч давшлахаар зэхэх байх. Гэвч харин шуудхан хариултыг өгчихвөл хэн бүрт эргэцүүлэн бодох хугацаа гарч ирнэ хэмээн сэтгэгдэнэ.
Монголчууд бид өөрсдийн бүхий л үнэт зүйлээ таних хэрэгтэй. Түүнийгээ боловсролын системдээ ч тусгаж анхааран авахгүй бол ирээдүй хойч үе маань ойд төөрсөн сармагчин лугаа болохын үлгэр энүүхэнд. Үнэт зүйлс нь Монголын газар шороо, хил хязгаар, монгол хэл, монгол бичиг, төрт ёс, шашин соёл, хос ёсон, малчин ард, нийгмийн ухаан, түүх шастир, урлаг, ёс суртахуун, сэтгэлгээний онцлог, хувь хүний, айл гэрийн тэргүүтэй тоолшгүй олон нандин зүйлс буй. Үүний дотроос Монголын буддизм бол согд, уйгар, Хүннү гүрний үеэс төгс гэгээрлийн хоёр их төрөлхтний мөрийн зэрэг дэлгэрч ирснээрээ манай соёл, амьдралын хэв, нүүдэлчдийн сэтгэлгээний хөрсөнд шингэснээр олон түүхэн цаг үед оюун санааны эв нэгдлийг авч ирж, энх цагийг тогтооход онцгой хувь нэмэр оруулан, эдүгээгийн Монгол Улсыг хүртэл явж ирсэн түүхтэй. Цаашилбал, Монголын геополитик буюу газар зүйн улс төрийн нөхцөл байдалд хамгийн тэргүүн үүргийг гүйцэтгэсээр ирснийг ч мартаж болохгүй. Будда болон Буддын ном, түүний шашныг Энэтхэгийн, аль эсвэл Төвөдийн, Хятадын, Японы хэмээх зэргээр хэнбээр ч өмчилж, улс үндэстний зааг ялгаа гаргаж чадахгүй. Учир нь Буддын шашин бол дэлхий дахины хүмүүн төрөлхтний оюуны нийтийн хүртээл. Гэгээрэл соёлд тэмүүлэгчдийн бодь мөрийн зул. Гагцхүү улс үндэстэн бүр газар зүйн байршил, цаг агаар, удам угсаа, зан заншил, ёс суртахуун, сэтгэлгээний онцлог, хоол хүнс тэргүүтэй өөр өөрийн үндэстний соёлын олон арван шалтгаанаар хөрсөндөө шингээсний дотроос Энэтхэг, Төвөдөөс уламжлан авч өөрсдийн оюун санааны болон аж амьдрал, соёл гэгээрлийн хөрсөндөө шингээж чадсанаараа Монголын буддын шашин, соёл орчлонд олонтоо гайхамшиг болж байсан удаатай. Энэ тухай нангиадын Фасяань лам болон Тансан ламын зорчсон тэмдэглэл, Төвөдийн XIII Далай лам болон Оросын их эрдэмтэн Николай Рерих тэргүүтэй Өрнөдийнхний шударга агч эрдэмтдийн дурдатгал, судалгааны өгүүлэл тэргүүтнээс уншиж судалж болно.
Монголын кино урлагт үнэт зүйлс байхгүй бус, байгаа. Гэвч цөөн. Харин үнэт зүйлсээ уландаа гишгэн үзүүлж байгаа нь нэн олон. Үүгээрээ эдүгээгийн лам нарыг магтан дуулаач хэмээсэнгүй. Тийм шаардлага ч байхгүй. Энэ асуудал зөвхөн лам дүрийн ч асуудал бус. Гэвч өсөн дэвжиж, хичээж буй залуу үеийн цөөхөн хэдэн лам хуврагаа хүний тооноос хасах хэрэг манай Монгол Улсад байхгүй. Хэрэв тэгвээс монголчуудын оюун санааны эв нэгдэлд маш хортой. Алив олон учир зангилааны үүднээс үнэт зүйлсээ олж хараасай хэмээсэндээ ийн өчив. Хэрэв үндэстэн нэгэн зүйл дээр ихэд бүдэрвэл нэлээд олон зүйлс дээр дараалан бүдэрч, цаашлаад олон үеэрээ бүдэрч унах аюултай. Эцэст нь олон үггүйгээр үнэт зүйлсийн тухай эрдэнэ адил эрдэмтэн, доктор, профессор Ж.Баянсан абугайн чухаг айлдварыг эш болгоё. Түүний айлдсанаар үнэт зүйлс гэдэг бол чухамдаа зөвхөн эерэг үнэлэмж шингээсэн эрхэм зүйл бөгөөд хувь хүний үнэт зүйл, гэр бүлийн үнэт зүйл, хамт олны үнэт зүйл, улс үндэстний үнэт зүйл гэж байхаас аргагүй. Монгол хүн болгон нь биш юм гэхэд илт зонхиороо “манай юм, бас миний ч юм” хэмээн үнэлж цэгнэсэн үнэлэмж бүхий сэтгэлээ шингээж, ой ухамсартаа бэлэн зэлэн хадгалсан, уг юмыг үзвэл баярлан баясаж, өөриймсөн бахдаж ханддаг, эс үзэгдсэн ч үгүйлэн санааширч, дурсан санагалздаг болсон эрхэм чухал, эрхэм нандин зүйлсийг л монголчуудын үнэт зүйл гэж үзэж болно.
Бэлтгэсэн Зава дамдин ринбүчи