Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж буй Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы нээлт Төрийн ордонд өчигдөр боллоо. Далай ээжид санаа тавьдаг, сэтгэлээ чилээдэг жирийн иргэдээс эхлээд байгаль орчны төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, орон нутгийн засаг захиргаа, яам, тамгын газрын төлөөлөл, УИХ-ын гишүүд хоёр өдөр үргэлжлэх тус арга хэмжээнд оролцож байна.
Хөвсгөл бол Монгол төдийгүй дэлхийн экосистемд чухал нөлөөтэй цэнгэг уст нуур. Энэ нь дэлхийн цэнгэг усны 20, ОХУ-ын цэнгэг усны 90 орчим хувийг бүрдүүлдэг Байгал нуурын үндсэн цутгалуудын нэг. Харин манай улсын цэнгэг усны нөөцийн 74.6 хувь нь эндээс эхтэй. Хөвсгөл нуур хүн төрөлхтний оршин амьдрахуйд, хүрээлэн буй орчинд хэр зэрэг чухал байр суурь эзэлдэг нь эндээс тодорхой харагдаж буй юм. Тиймээс эл нуурыг хамгаалах, экосистемийг нь тэнцвэртэй байлгах асуудал үеийн үед хөндөгдсөөр ирсэн.
“Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан одоогоос 35 жилийн өмнө “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэл бичиж, нуурын экосистемд онц их хэмжээний хор уршиг учруулахуйц томоохон төсөл (Бүрэнхааны фосфоритын орд ашиглах)-ийг зогсоосон түүхтэй. Хөвсгөл нуурын амийг таслах энэ санаархал дахин сэргэсэн үеүдэд ч манай сонин эл асуудлаар хүчтэй дуугарч, олон нийтийн анхааралд аваачиж байв. Тэрчлэн нуур орчимд гаарсан газрын наймаа, төлөвлөлтгүй аялал жуулчлал, стандартын бус ариун цэврийн байгууламж, хог хаягдлаас үүдэлтэй орчны бохирдлын асуудлыг тууштай хөндсөөр өнөөдрийг хүрсэн. Тиймээс Төрийн тэргүүн эл асуудалд онцгой ач холбогдол өгч, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулан, бүх шатны холбогдох албан тушаалтан, бодлого, шийдвэр гаргагчдыг хамруулсан томоохон чуулганыг Төрийн ордонд анх удаа зохион байгуулж буйд, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэнд хэвлэл мэдээллийн салбарын нөлөө бага ч атугай бий хэмээн бодож, олзуурхаж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээхдээ “Одоогийн байдлаар Хөвсгөл нуурын ёроолд том, жижиг нийлсэн 50 гаруй тээврийн хэрэгсэл байна. Эдгээрээс 100 литр шатахуун алдагдахад нуурын усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн эрдэмтдийн тооцоо, судалгаа бий. Живсэн тээврийн хэрэгслүүдэд агуулагдаж байгаа шатахуун, тос, тосолгооны материал бүхий шингэнүүд их хэмжээгээр асгарвал нуурын экосистем үлэмж хэмжээгээр доройтож, биологийн олон янз байдалд асар их хор хохирол учруулах эрсдэлтэй. Иймд далай ээжийг аюултай хог хаягдлаас ангижруулах арга хэмжээг даруй авах шаардлагатай. Бид тус нуурын ундарга хэрхэн өөрчлөгдсөн, сав, шим ертөнц нь ямар байна вэ гэдгийг шинжлэх ухаанчаар судлан тогтоож, үнэлж дүгнэж чадсан бил үү. Үүнд итгэл төгс хариулахын тулд Хөвсгөл нуур судлалыг бүх талаар хөгжүүлэх шаардлагатай.
Тус нуурт 36 жилийн өмнө живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг холбогдох яам, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүргийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр өнгөрсөн онд татан гаргасан. Үлдсэн тээврийн хэрэгслүүдийн байршлыг нарийвчлан тогтоож, мэргэжлийн түвшинд, осол эрсдэлгүйгээр татан гаргах ажлыг цаашид үе шаттай хийнэ. 2024 он гэхэд бүх машин техникийг гаргаж, нуурыг аюултай хог хаягдлаас бүрэн салгах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлснээр Монгол Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, далай, тэнгисийн усны нөөцийг хамгаалах үйлсэд бодитой хувь нэмэр оруулах юм. Тиймээс энэ үйл ажиллагаанд шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсөвт жил бүр суулгах, оновчтой хуваарилах, гадаад хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа энэ төрлийн төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэх чиглэлийг Засгийн газар холбогдох байгууллагад өгнө. Хөвсгөл нуур орчим дахь газар олголтын асуудлыг цэгцлэх, тогтвортой, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд БОАЖЯ болон холбогдох бусад байгууллагынхан онцгой анхаарах хэрэгтэй. ШУА-ийн хүрээлэнгүүд болон судалгааны байгууллагууд тухайн бүсийн гамшгийн эрсдэлийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөө, загварчлал боловсруулах шаардлагатай. Цаашид Хөвсгөл нуурыг судлах төв байгуулах, усны чанарын лабораторийг шинэчлэн өргөжүүлэх, жуулчны баазуудын байршлыг оновчтой төлөвлөх, нүхэн жорлонгуудыг устгах, хориглох, усан тээврийн үйл ажиллагаанд олон улсын стандарт нэвтрүүлэх ажлуудыг хэрэгжүүлж, тус бүсэд нэмж газар олгохгүй байх бодлого баримтална. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, оролцоо чухал” гэсэн юм.
Харин БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг батлахдаа тогтвортой хөгжлийн үндсийг тодорхойлсон. Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангахад усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал байр суурь эзэлж буй. Тиймээс энэ чиглэлд төрийн тууштай бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх, тусгай хамгаалалттай газрын дотоод бүсчлэлийг шинэчлэх ажлуудыг ойрын хугацаанд хийж, “Хөвсгөл нуур орчимд аялал жуулчлал хөгжүүлэх цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг эрчимжүүлнэ” гэсэн бол Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Одоогийн байдлаар манай аймагт 132 гэр буудал, 94 жуулчны бааз, амралтын газар 15, найман зочид буудал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь 10 орчим мянган үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай. Энэ нь бусад аймагтай жишихэд өндөр үзүүлэлт боловч Хөвсгөлийг зорин ирдэг жуулчдын тоотой харьцуулахад чамлалттай. Өнгөрсөн онд гэхэд манай аймагт дотоодын 56 мянган жуулчин аялсан. Цаашид энэ тоо өсөх нь гарцаагүй. Засгийн газар Хөвсгөлийг байгалийн аялал жуулчлалын бүс болгох зорилт дэвшүүлсэн. Тиймээс нуур орчмын байгаль хамгааллын асуудалд анхаарал хандуулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхээс өөр аргагүй” хэмээн ярилаа.
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганд оролцогчид “Хөвсгөл нуурын экосистемийн өнөөгийн төлөв байдал”, “Экосистемийн үнэ цэн ба судалгааны төв байгуулах шаардлага”, “Тусгай хамгаалалттай газрын жишиг загвар”, “Далай ээжийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх боломж”, “Тусгай хамгаалалттай газрын эрхзүйн шинэчлэл, тогтолцоог боловсронгуй болгох”, “Хатуу хог хаягдлын менежмент”, “Живсэн машин техникийг нуураас татан гаргах ажиллагаа” зэрэг олон сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд эндээс гарсан шийдэл, санал санаачилгуудыг холбогдох байгууллагынхан нэгтгэн боловсруулж, хэрэгжүүлэх боломжтойг нь цаашдын бодлого, төлөвлөгөөндөө тусган ажиллах гэнэ.