2011 онд байгуулсан хувийн цэргийн компанийн удирдагч, Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтан байсан хоёр хошуучийг Оросын Баруун тойргийн цэргийн шүүхэд хэрэгтний сандалд суулгав. Энэ компанийн дайчид Донбасс, Сири, Уулын Карабахт болсон үйл явдлыг оролцуулаад цэрэг, дайны холбогдолтой янз бүрийн зөрчил тэмцэлд оролцож байжээ. Яваандаа эдний дайчид цэрэг эрс байснаа бусдаас ялгарахгүй дээрэмчид болж хувирсан аж. Удирдагчид нь нөгөө Аюулаас хамгаалах албаны хошууч нар.
Цэргийн хувийн компанийг үндсэрхэг үзэлтнүүдийн “Светлая Русь” хөдөлгөөний удирдагч Игорь Мангушев байгуулсан гэж үздэг. Донбасст байдал хурц ширүүн байх үед энэ хүн тус бүс нутгийн сайн дурынхны үйлдэлд яавал албан ёсны статус олгож болох талаар бодох болжээ. “Светлая Русь”-ийн Мангушев нарын хэсэг хүн Москва орчимд байдаг өөрийн хөдөлгөөний “Народный собор” салбарыхантай цуг хүмүүн лэг зорилго өвөрлөн Донбасс руу явжээ гэх мэдээлэл 2014 оны хавраас дуулдах болов. “Народный собор”-ыг Роман Теленкевич гэгч толгойлж байлаа. Хүмүүнлэгийн энэ тусламжид оролцогчид Лаврентий гэж өөрсдийн нэрлэсэн илбэнхийг дүрсэлсэн зөөлөн тоглоом авч явжээ. Цаашдаа эд өөрсдийгөө “илбэнх” гэж нэрлэх болсон аж. 2016 оны тавдугаар сард Оросын Хууль зүйн яам залуучуудын цэрэг-эх оронч хүмүүжилд тусалж, хамгаалах “Ардын нэгдмэл нөхөрлөл” гэдэг бүс нутгийн олон нийтийн байгууллагыг бүртгэв. Энэ байгууллагын орос нэрийн эхний үсгүүдийг нийлүүлэхэд “Енот” (илбэнх) болдог аж. Тус байгууллага эхлээд Луганск болон Донецкийн Ардын БНУ-ын сайн дурынханд хүмүүнлэгийн тусламж цуглуулдаг байв. Хүмүүнлэгийн тусламж нэрээр эм, эмнэлгийн хэрэгслийн хажуугаар сум үл нэвтрэх хантааз, бууны тусгал сайжруулах төхөөрөмж, шөнийн харааны багаж зэргийг цуглуулна.
“Илбэнх”-ийн дайчид байлдааны ямар нэг үйл ажиллагаанд оролцоогүй гэж эхний үедээ зүтгэдэг байжээ. Гэвч зэвсэг барьсан, дүрэмт хувцастай тэдний дүрс цахим сүлжээнд байсхийгээд л харагдана. Тэгж байснаа уг байгууллагад хүмүүс элсүүлж буй тухай зарлал сайт дээр нь гараад ирсэн бөгөөд бүхий л шинжээрээ “илбэнх”-үүд хөлсний этгээд л гэхээр байлаа.
Уг зарлалын эзэд болохоор “илбэнх”-үүд хувийн цэргийн компанийнхан байж таарахгүй, учир нь ийм байгууллагыг Орост хориглодог гэж учирлана. Тэгсэн хэрнээ хугацаатай юм уу, гэрээт цэргийн алба хаасан, аливаа цэрэг, дайны ажиллагаанд оролцож байсан “мэргэжилтэн”-үүд эднийд хэрэгтэй байв. Нэг талаас “илбэнх”-үүдэд туршлагатай хүмүүс хэрэгтэй байж. Тэдний үйл ажиллагааны талбар өргөжөөд, Донбасс, Сири, Уулын Карабахад буу дуугаргаж явснаа өөрсдийн гавьяа гэж хэлэхээсээ нүүр улайдаггүй байлаа. Тийм ч учраас “Илбэнх”-ийг хувийн цэргийн компани, түүнд оролцогчдыг “хөлснийхөн” гэж хэвлэлд нэрлэх болжээ. Нөгөө талаас цэргийн хувийн компанийг Орос удахгүй хууль ёсны статустай болгоно гэж тус байгууллагын “дээдэс” найддаг байв. Игорь Мангушев 2015 онд л ийм компани хуулийн түвшинд улсад хэрэгтэй болно гэж төсөөлдөг байсан аж. Энэ үеэс Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтнууд “илбэнх”-үүдийг ихээхэн со нирхох болжээ. Гэтэл 2016 онд “илбэнх” хийгээд Мангушевийн зам гэнэт салж, олны ярихаар “илбэнх”-үүд, “хүчний эвсэл” рүү мэдэгдэхүйц хэлтийсэн бодлого явуулах болсон нь тус байгууллагыг үндэслэгчийн санаанд нийцээгүй бололтой. Үүнээс хойш байгууллагыг үндэслэн байгуулагч зургаан хүний нэг, мөнөөх Роман Теленгевич удирдах болжээ.
Оросын Мөрдөн шалгах хороонд байгаа баримтаар бол энэхүү Теленгевич Москва хот, Москва мужийн Аюулаас хамгаалах албаны ажилтан Александр Мрищук, Антон Барякшев нартай хэзээ ч юм танилцаад авчээ. Өмнөх удирдагч Игорь Мангушев бол байгууллагадаа хөрөнгө мөнгө олох боломжийг ямагт хайж, улстөрчид болон хүчний эвслээс хол, нөлөө бүхий хүмүүсийн дотроос алга олигтойхон тэнийлгэчихдэг хүнийг олж чаддагаараа нэрд гарсан хүн байв.
Харин Теленгевичийн харилцааны хүрээ үүнээс өөр, “цэрэг”-ийн гэж хэлж болохоор. Тийм болохоор хүчний дэмжлэг үзүүлэхийг хэн нэгэн санал болгохыг “илбэнх”-үүд огт гайхдаггүй байжээ. “Илбэнх”-ийн удирдагч нь дайчдаа тусгай ажиллагаанд оролцуулахаар явуулахаас татгалздаггүй байлаа. Нэг ийм ажиллагаа 2016 оны арванхоёрдугаар сард болж, Орос руу “саарал” техник их хэмжээгээр оруулж ирдэг бүлэглэлийн эсрэг Холбооны аюулаас хамгаалах албаны тусгай салбарын ажилтнууд дайрч, 27 сая рублийн, янз бүрийн цахилгаан бараа хурааж авчээ. Москва мужид оршин суудаг Владимир Аристарховын гэрт 20 гаруй хүн нэгжлэг хийхэд тэдний хоёр нь дүрэмт хувцастай, нэг нь Мрищук байв. Бусад нь нүүрээ далдалсан байлаа. Холбооны аюулаас хамгаалах албаны тусгай зориулалтын хүчнийхэн ирсэн гэдэгт Аристарховын гэр бүлийнхэн эргэлзэлгүй ихээхэн айж сандарчээ. Ирсэн хүмүүс их догшин ширүүн байж, гэрийн эзнийг бууныхаа бөгсөөр хэд хэд цохисон байна. Эцэст нь Аристарховыг гаалийн төлбөрөөс зайлсхийх хууль бус схем бий болгосон гэж буруутгав. Тусгай ажиллагаа дуусаад Теленгевич “илбэнх”-үүдийн штабт мөнгө болон үнэтэй, шинэ харилцуур утаснууд авчрахдаа “Өчигдөр сайн үйлс бүтээсэн, хэнд ч гомдол байхгүй” гэж хэлжээ. Мөрдөн байцаагчдын үзсэнээр “илбэнх”-үүд хийгээд хошууч Мрищук, Барякшев нарын хамтын ажиллагаа чамлахааргүй нягт уялдаатай байж.
“Илбэнх”-үүд цэрэг-эх оронч байгууллагын статустайн хувьд цэргийн, тэр дундаа Аюулаас хамгаалах албаны тусгай салбарын ажилтны хувцас худалдаж авч болдог байв. Ийм хувцас нэг талаасаа чекистийн дүрд хувилсан хөлсний дайчид болох хошууч нарын даалгаврыг биелүүлэхэд хэрэгтэй байлаа. Нөгөө талаар “илбэнх”-үүдийн бодлоор залгамж үеийнхэнд тун чухал буудлага, тактик болон хээрийн цэргийн бусад дэг журам боловсруулдаг цугларалтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь болдог байжээ.
Оросын Мөрдөн шалгах хорооны үзэж буйгаар Краснодарын хязгаарт оршин суудаг Петр Супоневийг дарамтлан, “тусгай ажиллагаа” явуулж, “зөв” шийдвэр гаргуулсныхаа төлөө Роман Теленгевич мөрдэстэй ивээн тэтгэгчдээсээ 2018 оны долдугаар сард 150 мянган рубль авсан аж. Супоневт оноосон газрын хэмжээг буруу тэмдэглэснээс нэрд гарсан эмгэг судлаач, академич Михиал Пальцев өөрт оногдсон газраа худалдах гэв. Гэтэл хэмжээ хязгаарыг нь Супоневтэй тохиролцохгүй бол наймаанд сүрхий хохирол хүлээхээр байлаа. Гэсэн ч Супонев түүнд туслах гэж яарсангүй. Тэгэхлээр нь академичийн туслах (одоо мөрдөн байцаагдаж байгаа) нь удирдагчаасаа зөвшөөрөл авалгүй өөрөө санаачилга гарган хөдөлж, мөнгө өгвөл “илбэнх”-үүд Супоневийг үгэндээ оруулж чадна гэдгийг мэдэж авсан байна. Ингээд “Илбэнх”-ийн үзэл сурталч, мөнгөний нярав Владимир Морозов, хоёр туслахын хамт Краснодарыг зорив. Туслахуудыг Денис Карабан, Василий Минчук гэх бөгөөд тэд Супоневийн гэрт нэвтэрч, гэргийг нь гараашид оруулж түгжчихээд эзнийг нь хүлээжээ. Супоневийг ирмэгц хоёр туслах хүч хэрэглэн түүн рүү довтолж, тэдний нэрийг нь хэлсэн хүнд газраа шилжүүлж өгөхийг шаарджээ. Супонев тэр даруйд уг шаардлагыг биелүүлэхийг зөвшөөрсөн ч хожим нь хуулийн байгууллагад хандав. Эцэст нь Морозов, Карабан, Минчук гурвыг баривчиллаа. Минчук удалгүй ярьж эхэлснээр Супоневт хүч хэрэглэсэн хэргийг “Илбэнх”-тэй холбож, улмаар энэ байгууллагын үйлдсэн хэргүүдийг илрүүлэхэд түүний мэдүүлэг тус болжээ.
Хууль сахиулах байгууллагууд “Илбэнх”-д ойртох гэсээр бас хэдэн жил болов. Эхлээд Шуурхай ажиллагааны тусгай отрядынхан “Илбэнх”-ийн хэд хэдэн оролцогчийг Рязанд машины төв буудлын дэргэдээс баривчиллаа. Орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд л үүнд анхаарлаа хандуулсан болоод, чухам юу болж байгааг сайн ойлгосонгүй, товч мэдээлэх төдийгөөр өнгөрөөв. Ер маргааш нь баривчилсан хүмүүсийг сулласан тухай “Илбэнх” нийгмийн сүлжээнд мэдээлсэн байлаа. Арванхоёрдугаар сард хийхээр товлосон ээлжит цугларалтдаа бэлтгэж байсан “илбэнх”-үүд хууль сахиулах байгууллагын гарт орсон нь дараа дараачийн мэдээллээс тодорхой болжээ. “Илбэнх”-ийн дайчдын эсрэг явуулсан тусгай ажиллагааны явцад тусгай зориулалтын хүчнийхэн Теленгевичийн нэг машинд цугларалт, сургалтад зориулсан ачаа ачсан байхыг олсон байна.
Харин жинхэнэ аянга цахилгаан 2019 оны аравдугаар сард нүргэлж, Оросын Мөрдөн шалгах хороо “Илбэнх”-ийн үйл ажиллагааг гэмт хэрэг хэмээн үндсэндээ хүлээн зөвшөөрөв. Тэгээд Эрүүгийн хуулийн 158 (хулгай), 162 (дээрэм), 209 (тонуул), 210 (гэмт хэргийн зорилгоор хамт олныг зохион байгуулах) дугаар заалтаар хэрэг үүсгэн, гэмт хэрэгтнүүдийг шил даран баривчиллаа.
Аюулаас хамгаалах албаны ажилтан байсан Мрищук, Барякшев нар одоо шүүх хурал хүлээн урьдчилан хорих байранд байна. Мрищукийн өмгөөлөгч нь гэмт хэргээ нуувал хахууль өгөхөөр “илбэнх”-үүд санал болгосон, дамын наймаачид өш хонзонгийн улмаас түүний эсрэг мэдүүлэг өгсөн гэж хэлсэн ч энэ бүхэн хэргийг шийдэхэд тэгтлээ нөлөөлөхгүй юм. Нөгөө талаас хошууч Барякшев мөрдөн байцаах ажиллагаанд тусалж хэргээ нэгэнт хүлээн, оноож буй ялыг зөвшөөрчээ. Тийм болохоор Мрищуктэй харьцуулбал Барякшевт өгөх ял хөнгөрөх байх. “Илбэнх”-үүдээс Василий Минчук мөн мөрдөн байцаагчдад туслахыг зөвшөөрч дөрвөн жил колонид байх ял авчээ. Денис Карабаныг чанга дэглэмтэй колонид найман жил хорихоор болсон байна. Владимир Морозов бас чанга дэглэмд 10.5 жил хоригдох болжээ. “Илбэнх”-ийн хэргээр 10 орчим хүн хариуцлага хүлээх болсны дотор толгойлогч Роман Теленгевич орсон нь гарцаагүй. Түүнд одоогоор шийтгэл оноогоогүй байгаа аж.
Бэлтэгсэн Р.Жаргалант