Оросын үзэгчид "Пушкинская карта"-аар соёл урлагийн үзвэр үйлчилгээг хямдралтай үнээр үзэх боломжтой юм билээ. Тус улсын Засгийн газраас нэг хүний картыг жил бүр хамгийн багадаа монгол мөнгөөр 200 мянган төгрөгтэй тэнцэхүйц рублиэр цэнэглэдэг. Нийгмийн хариуцлагын хүрээнд тус улсын соёл урлагийн 300 гаруй байгууллага уг санал санаачлагыг дэмжиж, нэгдсэн аж.
Энэхүү “шидэт” картын тусламжтайгаар, Оросын иргэд дэлхийн сонгомол, сор болсон уран зураг, дуурь, жүжиг, симфонийг үзэж, оюун санаагаа "цэнэглэж", сэтгэл зүйн боловсролоо дээшлүүлж байна. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд эерэг нөлөө авчирна. Нөгөө талаас соёл урлагийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт болж буй юм.
Энэхүү сайн туршлагыг “Орфей” театрынхан эх орондоо нутагшуулахаар “IStudent” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Тус театрын захирал, жүжигчин Т.Ариунчимэгтэй энэ талаар ярилцснаа хүргэе.
-“IStudent” төслийг нутагшуулах болсон шалтгаан юу вэ?
-Сүүлийн жилүүдэд ковид, хөл хорио, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалж, нийгэмд маш их бухимдал, стресс үүссэн. Үүнээс үүдэн амиа хорлолт, гэр бүлийн хүчирхийлэл, гаж гэмээр гэмт хэрэг ихэсчээ. Мөн өсвөр насныхан буруу зуршилд автах, нийгмийн сүлжээнд нэгнийгээ харлуулах, доромжлох, гадуурхах зэрэг байж боломгүй сөрөг үзэгдэл гарах боллоо.
Түүнчлэн техник технологи хөгжих тусам хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж байна. Энэ нь эргээд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боллоо. Тиймээс манай театрынхан өөрсдийн чадах бүхнээрээ нийгэмдээ хувь нэмэр оруулахыг хүссэн юм. Манай улсад сая гаруй залуус бий. Тэд оюун санааны хүчирхэг дархлаатай байвал ирээдүйн Монгол Улс хөгжин, цэцэглэх нь дамжиггүй.
-“Гэм зэм” жүжгийг үзэх сонирхолтой залуучууд тасалбарынх нь үнийг сонсоод “Театрын урлаг надаар дутав л гэж” гэсэн сэтгэгдэлийг нүүр хуудсандаа хуваалцсан байхтай таарсан л даа. Залуучуудын дээрх сэтгэгдэл уг төслийг эхлүүлэхэд нөлөөлсөн үү?
-Тийм ээ. Тэр сэтгэгдэл аравдугаар сард фэйсбүүкт түгж, манайхаас явуулсан судалгаагаар 18-аас дээш насныхан “Гэм зэм” жүжгийг илүү сонирхсон талаарх үзүүлэлт гарч байсан. Мөн манайд ажилладаг хүмүүсийн 90 хувь нь залуу. Тэд хэлэхдээ “Хэрвээ тасалбарын мөнгө 40-50 мянган төгрөг болчихвол, үзэх хүсэлтэй 10 найз байна” гэж байсан.
Сонгодог бүтээлийг залуучууд хүсэж, сонирхож байна гэдгийг мэдээд миний хувьд их баярласан. Жүжиг үзсэн цөөн хэдэн залуус нүүр хуудсандаа бичсэн сэтгэгдлийг уншихад, жүжигт дүн шинжилгээ хийж, цензур тавьж байсан нь мэргэжлийн хүнээс ялгарахааргүй байсан нь ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ залуу хүн бүрт сонгодог бүтээлийг үзэх бололцоо байхгүйд харамсаж байлаа.
Тухайн үед урлаг соёлын арга хэмжээг дөнгөж нээж байсан үе. Найруулагч М.Батболд “ Ядахдаа сурлагаараа тэргүүлж буй оюутнуудад жүжиг үзэх боломж олгое” гэж хэлж байсан. Гэвч Засгийн газраас 50 хувийн дүүргэлттэйгээр урлаг соёлын арга хэмжээг нээх боломж олгосон. Тэр үед залуучууддаа жүжиг үзэх боломж олгож чадаагүйдээ халаглаж байлаа.
-Ер нь сонгодог бүтээл хүнд ямар нөлөө үзүүлэх хүчтэй вэ?
-Театр нийгмийг гэгээрүүлж, сэтгэлийг ариусгагч их хүчтэй. Сонгодог бүтээлд хүний оршихуйн философи, нийгмийн асуудлыг тод томруунаар тусгагддаг. Магадгүй үзэгч жүжгийн дүр, нэг үйл явдал нь түүнд тохиолдсон байхыг үгүйсгэхгүй. Түүнээс дүн шинжилгээ хийж, амьдралдаа зөв гарц гаргалгааг хайх итгэлийг олж авч мэднэ. Энэ нь нийгмийг соён гэгээрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Нэн ялангуяа ирээдүйг авч явах залууст өгөөжтэй.
Хэдийгээр амьдралын төлөө өдөр шөнөгүй явж буй ч, сардаа нэг, улиралдаа нэг жүжиг үзэх боломжийг өөртөө олгодог байгаасай гэж хүсмээр байна. Ингэвэл хэсэгхэн зуур бодит ертөнцөөс холдож, амьдралыг өөр өнцгөөс харж, оюун санааны хувьд бусдаас нэг алхам урд алхах болно.
-"IStudent" төслийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Ерөнхийдөө төсөл маань яриа хэлэлцээрийн түвшинд явж буй. Гэхдээ карт авах хүсэлтэй хүмүүс "Орфей" театр гэсэн фэйсбүүк хуудаст хандаж, авах боломжтой. Бид эхний ээлжинд сан үүсгэж, оюутан залуучуудад зориулж уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Соёлын болон Боловсрол, шинжлэх ухааны яам хэрхэн хүлээж авч байна вэ?
-Одоогийн байдлаар бид соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд төслөө Соёлын болон Боловсрол, шинжлэх ухааны яаманд танилцуулаад байна. Хараахан хариу ирээгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хоёр яам хамтарч ажиллана гэдэгт өндөр хүлээлттэй байгаа.
Соёлын сайд аравдугаар сард толилуулсан “Гэм зэм” жүжгийн сүүлийн тоглолыг үзсэн. Маш их сэтгэгдэл өндөр байсан. Ч.Номин сайд хэлэхдээ “Төрөөс хараат бус ажиллаж буй залуу театр ийм мэргэжлийн өндөр түвшний бүтээлийг богино хугацаанд гаргаж байгаад талархаж байна. Ийм бүтээлийг олон нийтэд заавал хүргэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Мөн их, дээд сургуулийн удирдлагуудад төслөө танилцуулсан. Их нааштай хүлээж авсан шүү.
-Хэрхэн хэрэгжүүлье гэж бодож байна вэ?
-Төсөл эхний ээлжинд зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Урлагийн бүтээлийг үнэгүйдүүлэхгүй байхын тулд “IStudent” картаа 20 мянган төгрөгөөр үнэлж байгаа. “Гэм зэм” жүжгийн хоёрдугаар улирлын тасалбараа нийгмийн хариуцлагын хүрээнд бид 100-аас 50 мянган төгрөг болгон бууруулсан. Худалдаж авсан картаараа уг жүжгийг 20 мянган төгрөг хасуулж үзэх боломжтой. Харин үлдсэн 30 мянган төгрөгийг төслийн хүрээнд аль нэг компани, сургуулийн захиргаа, Соёлын яам, Боловсролын яамтай санхүүжилтын асуудлыг тохиролцохоор төлөвлөж байна.
-“IStudent” картаар урлагийн ямар, үзвэр үйлчилгээ үзэж, сонирхох боломжой вэ?
-Эхний ээлжинд “Гэм зэм” жүжгийг хөнгөлөлттэй үнээр үзэх боломжийг “Орфей” олгож байна. Дараагийн манай театрын онцлох бүтээл нь “Мастер Маргарита” байх болно.
-Төслийн хамрах цар хүрээ, цаашдын алсын хараа юу вэ?
-Хэрэв төслийг төрөөс бодлогоор дэмжвэл “Мастер и Маргарита” жүжгийг карт авсан хүмүүст хөнгөлөлтэй үнээр үзүүлнэ. Мөн галлерей, музей, дуурь, балет, драм, симфони зэрэг сонгодог урлагийнхныгаа төсөлдөө хамруулах бодолтой байна. Ингэснээр хүн төрөлхтний сор бүтээлийг үзэж сонирхох боломж олон хүнд олгогдох юм. Түүнчлэн ковидоос шалтгаалж, тоотой хэдэн театр л “амьд үлдсэн”. Үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод буй. Тиймээс орон нутгийн театруудтай хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар зөвхөн нийслэлийн их, дээд сургуулиудын хүрээнд болон карт худалдаж авах сонирхолтой хүмүүсийн дунд төслийг явуулахаар төлөвлөсөн. Цаашид улсаас бодлогоор дэмжих юм бол улс орон даяар зохион байгуулна
-Төслийн үр дүнг хэрхэн гаргаж ирэх вэ?
-Сэтгэл судлалын үндэсний төв болон Социалогийн үндэсний хороотой хамтарч үзэгчдээс судалгаа авахаар төлөвлөж байна. Үүнээс театр хүний оюун санаа, сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлж байгааг бодитой судалж гаргаж ирэх юм.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа