Франц Улсад ажиллаж амьдарч буй яруу найрагч Б.Эрдэнэсолонго, зохиолч Х.Болор-Эрдэнэ нар "Мэдрэмжийн үдэш" тоглолтоо жил бүр хийдэг байсан. Цар тахал, хөл хорионоос шалтгаалж, гурван жил хэртэй завсарласан "Мэдрэмжийн үдэш" ийнхүү "Хайрын үдэш" нэрээр "эргэн ирлээ". Уламжлалт үдэшлэгээ өнөө жил Шведийн Стокгольм хотод "Хайрын үдэш" нэртэйгээр зохион байгуулсан байна. "Мэдрэмжийн үдэш"-ийн анхны дугаар 2013 оны аравдугаар сард Улаанбаатарт Тусгаар тогтнолын ордонд болсон. Түүнээс хойш уран бүтээлчид эл үдэшлэгээ Бельги, Герман, Франц, Польш, Швед гээд дан Европын орнуудад хийжээ. Өнөө жил тэд шинэ залуу дуучин Жамыг Англиас урьж, хамтарчээ. "Хайрын үдэш"-ийг үзэхээр Америк, Франц, Герман, Турк, Польш, Испани, Англи, Шведээс монголчууд ирсэн аж. Зохиолч Х.Болор-Эрдэнэ тоглолтынхоо талаар "Бидний ард сэтгэл нийлсэн, ажил хэрэгч, гайхалтай бүсгүйчүүд бат зогсож байсан учраас энэ бүх үйл ажиллагаа амжилттай болсон. Энэ үдэшлэгийг өөр орнуудад үргэлжлүүлэн хийх урилга санаачилга ч их гарч байна. Хамгийн гол нь Б.Эрдэнэсолонго бид хоёр энэхүү үдэшлэгээрээ дамжуулан монголчууддаа утга зохиол, яруу найргийн амтыг мэдрүүлж, тэр хэрээрээ үгийн урлагийн үнэлэмжийг дээшлүүлэхийг зорьсон юм. Мөн Б.Эрдэнэсолонгын ЧАМД ЗОРИУЛАВ нэртэй дан хайрын сэдэвт шүлэг бүтээлүүдээс бүрдсэн цоо шинэ номын баярыг энэхүү ХАЙРЫН ҮДЭШ-ээр хийсэн" хэмээлээ.
Мөн тэд ХАЙРЫН ҮДЭШ тоглолтын үеэр анх удаа дуэт шүлгүүд дуудалцав.
Б.ЭРДЭНЭСОЛОНГО
ЗУН ШИГ
Чи яг зун шиг
Үс чинь ой шиг
Нүд чинь шөнө шиг
Чи яг зун шиг…
Чиний хаашаа ч юм нэг л алхвал
Төөрч мэдэх учраас
Би чамайг одоо болтол
Тэвэрсэн хэвээр …
Чи яг ус шиг.
Урагш нэг л алхвал
Хөл алдах учраас
Анх чамайг харсан тэр газраасаа би
Холдож зүрхэлдэггүй.
Чи яг бороо шиг
Чи үүл шиг
Чи нар шиг
Миний үүл, миний бороо
Миний нар учраас би чамд хайртай.
Их халуун, их гэрэлтэй учраас чам руу
Эгцэлж харж болдоггүй
Чи яг зун шиг
Хөл чинь өвс шиг
Хөх чинь үүл шиг
Нүдээ аниад, хөлөө өргөөд
Өндөрт хөвөх
Үүлэнд хүрэхэд
Хурууны үзүүрт
Хүүхдийнх шиг зөөлөн арьс
Жигд бус цохилох
Зүрхний хэмнэл мэдрэгдэнэ.
Чи яг зун шиг
Чи яг шөнө шиг
Чиний хаашаа ч харсан гүн харанхуй
Тиймээс одоо болтол чамайг хэн гэдгийг
Би мэдэж чадахгүй байна
Надад туслаач зун аа, шөнө өө
Чи яг зун шиг
Чи ном шиг
Би чамайг уншихын тулд төрөлхийн сохор
Эсвэл сохорсон, бас дүлий байх ёстой…
Чиний гоо үзэсгэлэнг мэдрэхийн тулд
Би чамайг өмнөх ширээн дээрээ тавиад
Хамгийн түрүүнд хуруугаараа тэмтэрч үзнэ.
Нүдээрээ биш, яг ч хуруугаараа биш
Түүний дараа төрөх мэдрэмжээ
“Чи яг зун шиг” гэж нэрлээд
Цаасан дээр буулгана."
Х.БОЛОР-ЭРДЭНЭ
ДОЛДУГААР САРЫН ЗАЛУУ
Санаа алдахад нь манан татаж
Сар зүрхний нууранд тусаж харагддаг
Санаж санаж энгэрт нь зүүгдэхэд
Санчигнаас нь бороо үнэртэж байдаг
Долдугаар сарын залуу.
Шивнэж хэлсэн ганцхан үгийг минь
Шившиж эмхэрдсээр зангиа болгон зүүчихээд
Шилээ засаж, хамраа имэрсээр
Салхи сөрөн алхсан
Долдугаар сарын залуу.
Намар оройн жаварт гараас минь шүүрч аваад
Насан туршдаа тавихгүй гэж шүд зуун зөрүүдэлсэн
Жавартай өвлийн цасан дээр"Чи яг зун шиг" гэж биччихээд
Залуу насыг минь цэцэгтэй мөнхөлсөнДолдугаар сарын залуу.
Хэзээ ч түүнд хэлж болдоггүй үгстэйгээ
Хэзээ ч түүнээс нууж чаддаггүй нууцтайгаа
Үзэн ядалт, үлэмжхэн хайр,
Үл хагацахуйн цоожтойгоо
Үүл шиг, бороо шиг, үнэртэн шиг тэвэрт нь
Гал шиг, салхи шиг, цас мөс шиг би оршино.
Тэр долдугаар сарын залуу.