БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэдхэн хоногийн өмнө үг хэлэхдээ мэргэжлийн болон их, дээд сургуулиуд чанартай боловсрол олгож чадахгүй байгаа нь өнөөдөр ядуурал, ажилгүйдлийн гол үндэс болсон тухай ярьсан. Үүнийг их, дээд сургуулийн багш нар янз бүрээр хүлээж авав. Зарим нь “Энэ хүн юу яриад
байна вэ. Боловсролын салбар хариуцсан сайд байж ча - дах уу” гэхчлэн эгдүүцлээ. Нэг хэсэг нь “Үнэн шүү дээ. Их, дээд сургууль төгссөн залуус дипломоос цаашгүй, чадваргүй. Тийм болохоор элдэв “хар, бор” ажил хийх нь элбэг. Зарим нь гэртээ сууж байдаг” гэж сайдын хэл - сэнтэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм.
Манай улсын хэмжээнд өдгөө их, дээд 88 сургуульд 150-иад мянган оюутан суралцаж буй аж. Сайд боловсролын эдгээр байгууллагын талаар “Их, дээд сургуулиуд дипломтой ажилгүйчүүдийн маш том арми “үйлдвэрлэдэг” буруу тогтолцоо нэгэнт бий болчихсон байна. Хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан бодлого огт боловсруулдаггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард бид ажил олгогчдын дунд хөдөлмөрийн зах зээлийн судалгаа явуулахад их, дээд сургууль төгссөн, мэргэжлийн боловсрол эзэмшсэн залуус ур чадвараар ажил олгогчдод гологддог нь харагдсан. Ажил олгогчдын хүсэж байгаа ур чадварыг мэргэжлийн дээд боловсрол олгож чадахгүй байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээс гажсан тогтолцоо үүссэн учраас үүнийг зайлшгүй засаж залруулах шаардлагатай” гэсэн. Боловсролын салбарыг тогтолцоогоор нь өөрчлөх замаар өөд нь татаж, улмаар их, дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэн бэлтгэдэг болтол чанарыг ахиулах хүртэл зай байх шиг. Их, дээд сургуулийн бүтцийг өөр- чилнө, эдгээрийг зөвхөн сургалтын байгууллага байлгахгүй, эрдэм шинжилгээ, практик гэсэн хоёрдогч, гуравдагч үүргийг нэмж цогц байдлаар хөгжүүлэх талаар 2014 оноос ярьж эхэлсэн ч өнөөг болтол хэрэгжээгүй л байна. Энэ талд БШУЯ-ы зүгээс “Хийж эхэлсэн алхмууд бий” гэж буй юм.
Тогтолцоогоор нь шинэчлэхийн наана тулгамдаж буй асуудлуудыг ээлж дараатай шийдвэрлэж явбал голын урсгал голдирлоо дагаж чөлөөтэй урсахтай адил боломжийг нэмэгдүүлэхэд тустай болов уу. Асуудал олон байгаагийн нэг нь хөтөлбөрийн давхардал юм. Сургуулиуд элсэлтээ бодоод буюу оюутны сургалтын төлбөрөөр санхүүгээ зузаалах эрмэлзлээр хөтөлбөрийг хөдөлмөрийн зах зээлтэй уялдсан бодлогын хүрээнд бус, харин элсэгчдийн сонирхолд нийцүүлэх маягаар боловсруулан зарлаж ирсэн. Ингэснээр эрэлтээс хэд дахин давсан тооны оюутан төгсдөг болсон бөгөөд чадвараар гайгүй нь, эс бөгөөс “арын хаалгатай” нь ажилтай болж, үлдсэн нь ёстой л “хар, бор” ажлын эрэлд гардаг. Их, дээд сургуулиуд хөтөлбөрийн давхардлыг арилгах талд одоогоор алхам хийгээгүй бөгөөд БШУЯ ч тухайн хөтөлбөр аль нэг их сургуульд бий гэдгээр нөгөө сургуулийнхыг ор мөргүй болтол хааж болохгүй гэсэн байр суурьтай байна. Ер нь бол их, дээд сургуулиуд хөтөлбөрийн давхардлыг арилгах сонирхол багатай гэдэг нь анзаарагддаг. Учир нь түрүүнд хэлсэнчлэн дуртай мэргэжлээ эзэмшихийг хүссэн элсэгч төлбөрөө үг дуугүй өгөөд суралцдаг. Тиймээс тухайн хөтөлбөр бусад их, дээд сургуулийнхтай давхацдаг, эсэхээс үл хамааран элсүүлж л орхино. Их, дээд сургуулиудын зүгээс “Хичээлийн индекс ондоо шүү дээ” гэж тайлбарладаг. Үүнийг нь ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж, элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн залуус ч, эцэг, эхчүүд нь ч ойлгодоггүй. Үнэндээ анзаардаггүй. Ийм байдлаар хандсаны гороор оюутан дөрвөн жил сурсныхаа дараа төгсөхийн наана, эсвэл сургуулиа дүүргээд “Би ер нь ямар ч хэрэггүй мэргэжлээр сурсан юм байна шүү дээ” гэж амаа барин, зарцуулсан мөнгөө тооцоолж харамсахад хүрдэг. Тэгэхээр хувийн хэвшлийн ч бай, төрийн их, дээд сургуульд суралцахаар мэргэжил сонгохын өмнө тухайн сургууль ямар хөтөлбөрөөр сургаж, ямар ажил эрхэлдэг мэргэжилтэн бэлтгэдэг байгууллага вэ гэдгийг сайтар судалж байж шийдвэр гаргах хэрэгтэй юм.
Тухайлбал, МУИС бакалаврын сургалтын 115 хөтөлбөртэй аж. Жишээ нь, тус сургуулийн антропологи, археологийн хөтөлбөртэй давхардуулах, андуурч, эндүүрэх сургалт аль ч их, дээд сургуульд байхгүй. Түүх, уламжлал, туршлага, сургалтын чанар, мэргэжилтний эрэлт талаас аваад үзсэн ч Монголдоо зөвхөн МУИС гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Харин эднийх хаа сайгүй, бараг их, дээд сургууль болгонд байдаг аялал жуулчлал гэсэн хөтөлбөртэй аж. Үүгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль сургадаг юм байна. Хөтөлбөрийн индекс нь D 101501. Түүхийг нь харъя. 1992 онд аялал жуулчлалын менежментийн мэргэжлийн анги нээж, өнөөг хүртэл тасралтгүй 25 жил мэргэжилтэн бэлтгэж байна гэжээ. Суралцагчдад олгох мэдлэг, ур чадварын тухайд “Шинжлэх ухааны хөгжил болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан, төрийн, хувийн хэвшлийн салбарт ажиллах мэргэжлийн болон хувь хүний ур чадваруудыг бүрэн эзэмшинэ” хэмээн тайлбарлажээ. Гэтэл МУИС мөн аялал жуулчлалын менежмент гэсэн хөтөлбөртэй бөгөөд үүгээр Бизнесийн сургууль нь сургаж төгсгөдөг аж. Хөтөлбөрийн индекс нь D 041304. Төгсөөд хаана ажиллах вэ. Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь төрийн болон бизнесийн байгууллагын аль ч түвшинд удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт, чиглэлээр ажиллах мэдлэг, чадвар эзэмшсэн стратегич менежер, гүйцэтгэх захирал, бизнесийн шинжээч, гүйцэтгэх түвшний менежерүүд, мөн эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагад сургалт, судалгааны чиглэлээр ажиллах боломжтой гэнэ. Энэ хоёрт ямар ялгаа байна вэ. Шинжлэх ухааны сургууль нь гүйцэтгэх ажилтан бэлтгэж, Бизнесийнх нь дарга төгсгөдөг гэж ойлгохоор ч юм шиг. Энэ хоёр хөтөлбөр сургалтын төлбөрийн ялгаатай байх л даа. Гэхдээ аль аль нь боловсролын бакалавр хэмээх зэрэгтэй төгсгөдөг юм билээ. Мөнгийг бус, элсэгчдийг буюу хүмүүсийг нэгдүгээрт тавьж авч үзвэл МУИС аялал жуулчлал гэсэн нэг хөтөлбөртэй байгаад, сургалтыг шат ахиулан “чангалж”, оюутанд энэ чиглэлээр олгох бүхий л мэдлэгийг өгч, бакалавр зэрэгтэй төгсгөснийхөө дараа магистрын түвшинд нь дарга, удирдагч болоход шаардагдах хичээлүүд зааж, шалгаад диплом гардуулдаг баймаар санагдах юм. Түүх, уламжлал нь ч тийм аж. Гэтэл сүүлд хийсэн зохион байгуулал - тын дүнд энэ мэтчилэн дотооддоо хөтөлбөрийн давхардал ихтэй болсон санагдана.
Мэдээллийн технологи гэсэн хөтөлбөрөөр Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль нь оюутан элсүүлж, сурган төгсгөдөг юм байна. Мөн тус сургууль нано шинжлэх ухаан, инженерчлэл, бас сүлжээний технологи гэсэн хөтөлбөрөөр ч сургадаг аж. Жишээ нь, МУИС эдгээр мэргэжлээр гадаадын их, дээд сургуулиудтай харьцуулдаггүй юм гэхэд ШУТИС-ийн түвшинд сургаж, мэргэжил эзэмшүүлж чаддаг уу гэсэн асуулт байна. Ингээд бичээд байвал бакалаврын сургалтын 115 хөтөлбөр дундаас авах нь байхад алгасах нь ч мөн бишгүй шиг. Энэ бүхэнд Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага өөрөө болон БШУЯ шүүмжлэлтэй хандаж, оюутнуудаас сургалтын төлбөр авч, энэ хөтөлбөрийн хүрээнд хичээл заах багш нарыг цалинжуулах гэж зүдэрч байхын оронд чанартай, өгөөжтэй хэдхэн хөтөлбөрөөр часхийтэл сургах нь хэн, хэний хэрэгцээ шаардлага, цаг үеийн ч дуудлага болсон гэлтэй. Хөтөлбөрийн болон элсүүлэх оюутны тоог нэмэхийн хэрээр сургалтын чанар сайжирдаг, оюутнууд бүгд ажлын байртай болж чадахаар төгсдөг сөн бол юу хэлэх билээ. Зөвхөн ганц их сургуулийн тухайд энэ. Үүнтэй адилаар төрийн болон хувийн хэвшлийн их, дээд 88 сургуулийн хэмжээнд хөтөлбөрийн давхардал, хийдэл, чанаргүйдэл хэр байгаа билээ гээд бодохоор манай улсын дээд боловсролын чанар, өгөөжийн байдал аяндаа мэдэгдэнэ. Хэдэн жилийн өмнө юм. БХИС-д эдийн засагч мэргэжлээр элсэн ороод, хоёрдугаар курст суралцаж байсан оюутан “Нэг л биш ээ, би яах гэж энэ сургуульд ийм мэргэжлээр сураад байгаагаа ойлгохоо болилоо. Төгслөө гэхэд надад ажил олдох уу” гэж асууж байсан нь санаанд орлоо. Өнөөдөр ингэж өөрөөсөө ч юм уу, өрөөлөөс асуух чадавхтай оюутан байхад, алийгаа мэдэхгүй, төөрөлдөж байдаг нь олон. Боловсролын салбарыг тогтолцоогоор нь шинэчлэхийн наана шийдээд явчих асуудал энэ мэтчилэн бишгүй байх юм.