Гаалийн байгууллагаас нэгдүгээр сарын 31-наас хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд нэр бүхий зургаан байгууллага тээвэрлэлтийн горим зөрчиж, 500 тонн тахианы махыг улсын хилээр оруулсан хэмээн мэдээлж байсан. Тодорхой хэлбэл, “НВЦ трейдинг” 150.2, “Агро” 100, “Хос очир трейд” 50, “Хасхүү-9999 трейд” 100, “Далай цэнгэл” 50, “Эйшин органик фүүд импорт” компани 50 тонн тахианы мах импортлохдоо, хөргүүргүй таваарын вагонд ачиж хил нэврүүлжээ. Уг нь хууль журамд зааснаар тусгай халаалт, хөргөлтийн горимтой чингэлгээр дээрх бүтээгдэхүүнийг тээвэрлэх ёстой. Тиймээс чанар, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байж магадгүй гэсэн үүднээс дээрх 500 тонн тахианы махны цээж, гуя, цээж, цул хэсгээс 19 сорьц авч, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид өгчээ. Улмаар цацраг, хүнд металл, механик хольц, нян, эмийн бодис, шувууны томуу байгаа, эсэхийг нягталжээ. Шинжилгээний хариугаар 500 тонн тахианы мах эрүүл ахуйн шаардлага хангасан буюу худалдаанд гаргаж болно гэж гарчээ. Тийм хэдий ч тээвэрлэлтийн шаардлага хангахгүй нөхцөлд чанараа амархан алдах хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн компани, импортолсон аж ахуйн нэгжүүдийг хуульд заасан үндэслэлээр 1000 нэгжээр торгохоор болжээ.