Л.ЭНХ-АМГАЛАН (БШУ-ны сайд):
-Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт сүүлийн таван жилд огт нэмэгдээгүй, судалгаа хөгжүүлэлтийн
ажилд ихдээ 12-15 орчим тэрбум төгрөг төсөвлөдөг. Нэг судалгаанд дунджаар 19.8 сая төгрөг ногдож буй нь салбарын судалгаа шинжилгээний ажлын үр дүн, чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм.
Д.БАТТОГТОХ (БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, доктор)
-Улс орнууд шинжлэх ухааны судалгаа хөгжүүлэлтэд зарцуулдаг санхүүжилтээ жилээс жилд нэмэгдүүлж байна. Тухайлбал, улс орнуудын шинжлэх ухаанд зарцуулж буй зардал 1990-ээд оны үед 377 тэрбум ам.доллар байсан нь өдгөө 1.94 их наяд болсон. БНХАУ гэхэд шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг 15 жилийн хугацаанд 300 гаруй тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн байна. Манай улс дэлхий нийтийн энэ жишгийг дагаж, шинжлэх ухаандаа хангалттай төсөв хуваарилж чадалгүй өнөөдрийг хүрсэн.
Т.ДОРЖ (Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, эдийн засгийн ухааны доктор, академич):
-Дэлхийн орнууд шинжлэх ухааны салбартаа ДНБ-ийхээ 0.2-4.8 хувийг зарцуулдаг гэх судалгаа бий. Израил дөрөв, Япон 3.5, АНУ 2.8, БНХАУ 1.9, ОХУ 1.5, Африкийн орнууд 0.2 хувийг зарцуулж байна. Гэтэл манайх Африкийн орнуудынхаас ч багыг (дунджаар 0.12 хувь) зарцуулсаар иржээ. ЮНЕСКО-гийн зүгээс Африкийн орнуудыг энэ чиглэлд хуваарилдаг төсвөө даруй нэмэгдүүлэхийг, ШУА байгуулахыг зөвлөж буй. Шинжлэх ухаан судлалд зарцуулдаг төсөв ДНБ-ий 0.4 хувиас доош бол нийгэм, соёлын үзэгдэл төдий түвшинд байна гэж үздэг.
Дээрх хүмүүсийн ярианаас манай улсын шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал бодитоороо харагдаж байна. Ерөөсөө шинжлэх ухааны салбарын хамгийн эмзэг, олон жил яригдаж буй асуудал нь санхүүжилт юм. Тиймээс тэд салбарынх нь 100 жилийн ойд зориулсан “Шинжлэх ухаан-2021” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ талаар ний нуугүй, нухацтай ярьцгаажээ. Ярихаас ч аргагүй, дэлхийн жишиг, улс орнуудын түвшинтэй харьцуулахад ичмээр үзүүлэлт энэ салбарыг олон жил “дагалдсан” учраас тэр биз.
Үе үеийн Засгийн газар “Эрдэмтэн, судлаачдаа дэмжинэ, сонсоно. Шинжлэх ухаан, технологи, инновацад суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлнэ” гэж лоозогнодог ч энэ салбарт “шүлс” шиг төсөв хуваарилж, ярьсныхаа эсрэг ажилласаар ирсэн. Өнөөхийг нь эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хуваарилах гэж, төсөл, судалгааны санхүүжилтийг тасалдуулахгүй хүргэх гэж үйлээ үздэг талаар ШУА-ийн ерөнхийлөгч нь хүртэл хэлж байв. Монголын эрдэмтэн, судлаачид эдийн засгийн ийм л боогдмол, хүнд нөхцөлд ажилласаар олон жил болов. Сайшаалтай нь, БШУЯ эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулах төсвийг дөрөв дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж, үүний хүрээнд тодорхой бодлого, шийдвэрүүдийг гаргаж эхэлсэн талаарх таатай мэдээ энэ өдрүүдэд дуулдаж эхэллээ. Үүнийг хэрэгжүүлж чадвал нөхцөл байдал бага боловч дээрдэж, судалгаа шинжилгээний цар хүрээ тэлэх нь гарцаагүй. Тэр хэрээр анхаарах, зохицуулалт хийх асуудлууд ч байна. Тухайлбал, аливаа судалгаа, төслийн ач холбогдлыг сайтар тооцоолсны үндсэн дээр шаардлагатай зардлыг олгох, нэгэнт санхүүжүүлсэн бол дэмжсэн шиг дэмжиж, ирээдүйн үр ашиг, өгөөжийг нь нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай. Үүнийг хоёр жишээгээр тодруулъя.
Шинжлэх ухааны салбар дахь судалгаа хөгжүүлэлт, төсөл, хөтөлбөрийг Шинжлэх ухаан, технологийн сан (БШУЯ-ны харьяа) хариуцдаг. Шаардлагатай дэмжлэг, санхүүжилтийг үзүүлдэг гэсэн үг. Эл сан үүсэн байгуулагдсан цагаасаа хойш 4200 гаруй төсөлд 176 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Жилд дунджаар 144 төслийг дэмжин ажилласан байх нь. Энэ нь хөгжингүй орнуудынхтай харьцуулахааргүй боловч тус салбарт хуваарилж буй хязгаарлагдмал төсөв, манай улсын эрдэмтэн, судлаачдын тоотой харьцуулахад боломжийн үзүүлэлт. Харин нийт төслийн ердөө 16 хувь нь (674) “амьдарсан” нь анхаарал татахаар баримт юм. Өөрөөр хэлбэл, улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 84 хувь нь туршилтын шатнаас хэтрэлгүй, үр өгөөжөө өгөлгүй зогссон, зардлынх нь дийлэнхийг үр ашиггүй зарцуулсан гэсэн үг. Аливаа төслийн ач холбогдол, үр нөлөөг тооцоолсны үндсэн дээр санхүүжилтийг нь шийдвэрлэх, тоо бус, чанарт анхаарах эхний шалтгаан нь энэ болж байна. Удаах нь үр өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой.
Манай улс шинжлэх ухааны зургаан салбарт улсын төсвөөр эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, олгосон санхүүжилтийг шүүж үзвэл байгалийн шинжлэх ухааныхныг бусад салбарынхнаас илүү “эрхлүүлжээ”. Энэ салбарт хамгийн олон төсөл туршиж, хамгийн өндөр дүн бүхий санхүүжилт олгосоор иржээ. Сүүлийн гурван жилд гэхэд 382 төслийг 4.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Техник, технологийн салбарт энэ хугацаанд 95 төсөл туршиж, 1.8 тэрбум төгрөг зарцуулсан аж. Хөдөө аж ахуйн салбарын 189 төсөлд 2.9, анагаахын 152 төсөлд гурван тэрбумын хөрөнгө оруулжээ. Нийгмийн шинжлэх ухааны салбарын 172 төсөлд 2.8 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Харин хүмүүнлэгийн салбарт хамгийн цөөн буюу 71 төсөл туршиж, 713 сая төгрөг хуваарилж.
Цар тахлаас улбаатайгаар шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг сүүлийн жилүүдэд танасан. Муу дээрээ муу, муухай дээрээ улцан гэгчээр угаас хүрэлцээгүй төсвийг нь бүр ч багасгаж, хүндрэл учруулсан. Энэ үед ч байгалийн шинжлэх ухааны салбарынхан давуу эрх эдэлсэн байгаа юм. Жишээлбэл, өнгөрсөн онд эл салбарт 94 төслийг 907.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн нь мөн л хамгийн дээд үзүүлэлтэд тооцогдож байна. Харин хөдөө аж ахуйн 62, анагаахын 47, нийгмийн 41, хүмүүнлэгийн 23, техник, технологийн 22 төсөлд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Энэ бүгдээс дүгнэхэд, Монгол Улс байгалийн шинжлэх ухааны салбар, тэр дундаа энэ чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагууд (Биологи, Газар зүй, геоэкологи, Одон орон, геофизик, Потаникийн хүрээлэн, Цөмийн физикийн судалгааны хүрээлэн зэрэг есөн газар)-ын судалгааны төслийг дэмжихэд онцгой ач холбогдол өгдөг аж. Харин үүний хэрээр үр өгөөж гарсан уу гэвэл үгүй юм. Үүнд л гол учир бий.
Дээрх салбар тус бүрт хэрэгжүүлсэн төслийн өгөөж, үр дүнг тооцоход байгалийн шинжлэх ухаан хамгийн муу дүн авч байна. Гүйцэтгэлийн хувь нь дөнгөж 34.7 байх жишээний. Гэтэл хамгийн бага санхүүжилттэй нийгэм, хүмүүнлэг, техник, технологийн салбарт энэ үзүүлэлт 50-иас дээш хувьтай байх юм. Амжилттай туршсан, нутагшуулсан төслүүдийн дийлэнхийг анагаах, нийгмийн салбарынх эзэлжээ. Шинжлэх ухаан, технологийн сангийн виртуал үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн инновацын бүтээл (өнөөдрийг хүртэлх хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн төслөөс “төрсөн”)-ийн үзэсгэлэнд байгалийн шинжлэх ухааны салбарт хамаарах 23-хан “зүйл” байна. Гэтэл анагаахынхан 82, нийгэм, хүмүүнлэгийн салбарынхан 73, хөдөө аж ахуйнхан 31 бүтээл танилцуулжээ. Эндээс чанар болон үр дүнгийн зөрүүтэй байдал маш тод харагдаж байна. Байгалийн шинжлэх ухаанд байдгаа барьсны хэрэг хангалттай хэмжээнд гарсангүй.
Шинжлэх ухааны салбаруудыг энэ нь ийм, тэр нь тийм гэж ялгаж, нэгийг нь нөгөөгөөс дээгүүрт тавих нь зохисгүй. Гэхдээ үр өгөөж, амьдралд нутагшуулах, хэрэглээнд нэвтрүүлэх боломжоос нь хамаараад төслийг ач холбогдлоор нь эрэмбэлдэг байх хэрэгтэй. Үүний үндсэн дээр санхүүжилтийг хуваарилах нь оновчтой. Ингэж байж төслийн үр өгөөж нэмэгдэнэ. Манайх шиг шинжлэх ухааны салбартаа мөнгө зарцуулахаас гар татдаг, “харам” улсын хувьд санхүүжилтийг оновчтой хуваарилах, хяналт, үнэлгээг сайжруулах замаар эрдэм шинжилгээний судалгаа, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол амжилттайгаасаа алдаатай нь олширно. Тэр хэрээр эдийн засагт хохиролтой.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Шинжлэх ухаан, технологи, инновацын судалгааны чиглэлийг оновтой, тодорхой болгох, аливаа төслийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөний тогтолцоонд шилжүүлэх, практик үр дүнг дээшлүүлэхэд анхаарна” гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Үүнийг нэн түрүүнд бодит ажил хэрэг болгох нь санхүүжилтийг нэмэгдүүлэхээс чухал юм. Санхүүжилт нэмэгдлээ гээд тус салбараас хүртэх үр өгөөж шууд өснө гэсэн баталгаа байхгүй. Харин ч өнгөрсөн жилүүдийнхээс ч “том” үнийн дүн бүхий мөнгөөр “тоглож”, үрэн таран хийх эрсдэлтэй. Тэгэхээр юуны түрүүнд судалгаа, төслийн ач холбогдлыг эрэмбэлж, төсвийн мөнгийг оновтой хуваарилж “сурах” нь тулгамдсан асуудал болоод байна.