Дэлхий нийтэд коронавирус дэгдэн хөл хорио тогтоосны улмаас манай улсад 2-4 дүгээр сард хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ 30 хувиар өсжээ. Тодруулбал, нэг сард улсын хэмжээнд 21 000 орчим тонн гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 2-4 дүгээр сард эл тоо бараг 30 000 тоннд хүрсэн байна. Мөн мах, ургамлын тос, хүнсний ногоо, цагаан будааны эрэлт өссөн аж. Нийлүүлэлт хангалттай байсны үр дүнд бид хүнсний бараа, бүтээгдэхүүний хомсдолд өртөөгүй хэвээр байгаа юм. Хорио цээрийн дэглэм хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй энэ үед хүнсний хангамжийг тогтвортой байлгах, иргэд үнийн хөөрөгдөлгүй, чанартай бүтээгдэхүүн худалдан авах боломжийг тасалдуулахгүйн тулд холбогдох албаныхан юу хийж буйг сонирхлоо.
Өнгөрсөн хавар манай улс 510 000 гаруй га талбайд тариалалт хийсэн нь 2019 оныхоос 10 орчим хувиар өсгөсөн дүн юм. Энэ жилийн хувьд цаг агаарын нөхцөл тааламжтай байж, хавар эрт бороо орсон, хур ихтэй байгаа нь арвин ургац хураах боломжийг өсгөж буйг мэргэжилтнүүд дурдсан. Манайх төмс, улаан буудайн хэрэглээгээ дотоодоос бүрэн хангадаг бол нэг жилд 5000 гаруй тонн нарийн ногоо тариалж, 15 000-16 000 тонныг импортолдог юм. Түүнчлэн 2017 онд гаргасан судалгаанд бид жимс, нарийн ногоог оролцуулан жилд 190 000 орчим тонн хүнсний ногоо хэрэглэдэг бөгөөд 2017-2019 онд тус бүр 80 000-90 000 тонн хүнсний ногоо хураан, 100 000 тонныг гадаадаас худалдан авчээ. Харин энэ намар хүнсний ногооны ургацын хэмжээг 40 хувиар өсгөхөөр төлөвлөн, тариалалт хийсэн байна.
Ургацаа урт хугацаанд, стандартын шаардлага хангасан орчинд хэрхэн хадгалах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун “2013 онд “Чингис” бондын санхүүжилтээр зоорь барьсан аж ахуйн нэгж олон бий. Гэхдээ тэд зоорио зориулалтын дагуу ашиглахгүй, мөн хадгалалтын өртгийг нь өндөр тогтоосноор ногоочдод ашиггүй байгаа юм билээ. Тиймээс зоорийн эздэд санал хүргүүлж, аж ахуйн нэгжүүд урт хугацаанд бүтээгдэхүүнээ хадгалах нөхцөл бүрдүүлэх, уян хатан үнийн бодлого баримтлахыг даалгасан. Одоогоор хэдэн тонн ногоог, ямар үнээр хадгалах нь тодорхойгүй байна. Ургацын урьдчилсан төлөв наймдугаар сарын гурав дахь долоо хоногоос мэдэгдэнэ. Тэр үед илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. Тариалангийн талбайн хэмжээг өсгөж чадсан, улмаар зоорийн ашиглалтыг сайжруулж, иргэдээ жилийн турш, хямд, чанартай ногоогоор хангахад анхаарч буй” гэлээ.
Монгол Улсын бэлчээр хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 80 сая малын даацтайг салбарын яам мэдээлсэн. Энэ нь нэг жилд 25 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэсэн үг аж. Өнгөрсөн өвөл 15 000 гаруй тонн мах нөөцөлсөн бөгөөд нийслэлчүүдийн хаврын хүнсний хэрэглээг хямд үнэтэй махаар хангахад том дэмжлэг болжээ. Мөн махны экспортыг хязгаарласны дүнд дотоодын зах зээлд нийлүүлсэн хэмжээ нь өнгөрсөн оныхоос нэмэгдэн, долдугаар сар гартал нөөцийн мах худалдсан юм. Тэгвэл ирэх өвөл, хаврын хэрэгцээний мах бэлтгэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг нь эхлүүлжээ.
Юуны түрүүнд компаниуд стандартын шаардлага хангасан агуулах, мах боловсруулах, мал төхөөрөх үйлдвэртэй байх хэрэгтэй гэлээ. Мөн малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгах, хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх шаардлага тавьжээ. Шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг энэ сарын 10 хүртэл нийслэлийн ЗДТГ-т бүртгэх юм байна. ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Ирэх өвөл, хаврын хүн амын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор нөөцлөх махны хэмжээг 20 000 тонноос бууруулахгүй байхаар төлөвлөсөн. Өнгөрсөн хавар улирлын чанартайгаар шинэ махны үнэ өссөн ч нөөцийн мах элбэг, үнэ нь хямд байсан. Мал төхөөрч, анхан шатны ангилан ялгалт хийн, савлаж, түгээдэг жижиг үйлдвэрийн тоо өмнөх оныхоос 10 орчим хувиар нэмэгдсэн нь олзуурхууштай. Тиймээс бэлтгэн нийлүүлэгчид олон байх болов уу. Манай улс хилээ нээж, БНХАУ-ын тал махны импортын хэмжээгээ өсгөвөл бид бүтээгдэхүүнээ гадаад зэх зээлд борлуулж, малчид, аж ахуйн нэгжүүдийн орлогыг өсгөхөд ч анхаарна” гэлээ.
Одоогоор Монголд гурилын 10-12 үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулж буй бол 3-4 жижиг цехийг улирлын чанартай ажиллуулдаг юм байна. Дээрх 12 үйлдвэр 80-аас дээш хувийн хүчин чадлаар ажиллахад жилд 500 000 тонн орчим улаан буудай боловсруулах боломжтой гэнэ. Гэхдээ борлуулалт, хүн хүчээ тооцон, нийт чадлынхаа 60-70 хувийг ашигладаг буюу жилд 300 000 орчим тонн түүхий эд боловсруулж, гурил хийж буй аж. Хэрэв хангалттай түүхий эдтэй байж, үйлдвэрүүдийг 95 хувийн хүчин чадлаар ажиллуулбал урд хөрш рүү гурил экспортлох бүрэн боломжтойг мэргэжилтнүүд дурдсан. 2019 онд хавар, зуны эхэн сард хур бага байснаа ургац боловсрох үед маш их бороо орсны улмаас буудайн болц оройтон, ногоон түрүү хэнзэлж, гурилын үйлдвэрийн шаардлагыг хангаагүй түүхий эд их гарчээ. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ өссөний улмаас ОХУ-аас 82 000 гаруй тонн улаан буудай худалдан авчээ. Харин энэ хавар тариалангийн талбайгаа нэмэгдүүлсэн төдийгүй байгаль, цаг уурын хувьд сүүлийн таван жилд тохиогоогүй тааламжтай нөхцөл бүрдсэн учраас улаан буудай импортлохгүй, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэнэ.
Үүнээс гадна хашаа, газартай айл өрх бүрийг хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахыг салбарын яамнаас уриалж, голын ай сав, үржил шимт хөрстэй бүсэд нэмж газар олгон, тариалан эрхлэлтийг дэмжих бодлого баримталж буйгаа мэдээлсэн. Хаана, хэдэн га газар нэмж олгосон талаарх мэдээллийг одоогоор нэгтгээгүй аж. Нэг айлын хашааны газар буюу 0.07 га талбайг бүрэн ашиглаж чадвал нэг тонн хүнсний ногоо хураах боломжтойг Сонгинохайрхан дүүргийн иргэн, тэргүүний агрономич Ж.Бяцхандай хэллээ. Тэднийх хашаандаа хүнсний болон нарийн ногоо 10 гаруй, жимс, жимсгэнийн 5-6 төрлийн мод суулган, жилд нэг тонн орчим ургац хураадаг юм байна. Өрхийн хэрэглээний ногоогоо бүрэн хангадаг төдийгүй үлдсэнийг нь хорооныхоо иргэд дундын дэлгүүрээр борлуулдаг гэлээ. Тэднийх хүнсний болон нарийн ногоо, жимс худалдан авч үзээгүй аж. Ж.Бяцхандай “Хүнсний хомсдол, үнийн дарамтад өртөхгүй байх ганц боломж бол өрхийн тариалан эрхлэх шүү дээ. Нэг шуудай үрийн төмс тариалахад 15 шуудайг хураадаг. Байцайны нэг ширхэг үрнээс хоёр кг, луувангийнхаас 400 грамм ургац авдаг. Ширхэг үрний үнэ 100 төгрөг ч хүрэхгүй. Тиймээс айл өрх бүр ногоо тарьж, гараа хөдөлгөх хэрэгтэй. Гэр хорооллын айлуудын дийлэнх нь хүнсний ногоо, мод тарьдаг болчихвол өрхийн амьжиргаа дээжилж, орчны бохирдлыг ч бууруулна” хэмээн ярив.
Дэлхий нийтэд “Ковид-19” цар тахал дэгдсэний улмаас улс орон бүр хүнс болон бусад үйлдвэрлэлийн дотоодын хэрэгцээгээ хангах, импортын хамаарлыг бууруулахаар ажиллаж байна. Тухайлбал, Европын Холбооны улсуудад фермийн аж ахуй эрхлэгчид, тариаланчдын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлт сүүлийн дөрвөн сард 30-40 хувиар өсжээ. Ялангуяа орон нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгж, өрхийн борлуулалт сайжирсан аж. Цаашид дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиг хандлага өөрчлөгдөн, өрхийн аж ахуй, жижиг, дунд үйлдвэрүүдэд түшиглэн, хямд үнэ тогтоох боломж бүрдэж буйг Ханс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэдээлэлд дурдсан байна. Мөн малын тоо, үржүүлгийг чухалчлахаа азнах, нэг төрлийн ургамлыг том талбайд дагнан тариалахаас сэргийлэх, жижиг хэмжээтэй талбайд олон төрлийн бүтээгдэхүүн ургуулах хэрэгтэйг олон улсад мөрдлөг болгож буй аж. Өөрөөр хэлбэл, цөөн тоотой, том үйлдвэрлэгчдээс илүүтэйгээр өрхийн үйлдвэрийг хөгжүүлж, хүн бүр хүчин зүтгэвэл хямд, эрүүл хүнсээр хэрэгцээгээ хангах боломжтойг онцлож байна. Манай улсын хувьд ч ийм бодлого баримтлан, өрх бүрийг хүнс үйлдвэрлэгч, тариаланч байхыг уриалж буй. Үүнээс гадна улаан буудай, мах, хүнсний ногоо зэрэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хангамж ирэх жил тогтвортой байхыг холбогдох байгууллагууд нь онцоллоо.