Бид тал сайхан нутаг, тансаг сайхан ус, таван хошуу мал, тараг айраг элбэгтэй оронд төрж өссөн хэмээн монгол хүний хувь заяа, амны хишигтэйг бахдаж, Монгол дэлхийд гоцгойрох “им тамга” бол олон зуун жил унаган төрхөөр нь хадгалан авч яваа бэлчээр нутаг, түүнийг дагасан нүүдэлчдийн соёл гэж гайхуулан ярьж, сурталчилдаг. Дэлхий нийтийг, тэр дундаа шинжлэх ухааны хөгжлөөр тэргүүлдэг томоохон гүрнүүдийг сандаргасан коронавирустэй нүүр тулахдаа ч монголчууд энэ бардамналаа орхиогүй. “Бэлчээрийн олон ургамал сорчилж иддэг таван хошуу малын мах, хүйтэн сэрүүнийг ажралгүй боловсорч, гүйцдэг чацарганатайгаа байхад бид алзахгүй” хэмээн том дуугарч, тэрсэлсэн үндэстэн дэлхийд биднээс өөр үгүй л болов уу. Ер нь монголчууд хэзээнээсээ л тал нутаг, таван хошуу малаа тахин шүтэж, дээдэлж ирсэн. Харин бидний энэ бахдал, баялаг “маргааш”, түүний дараах өдрүүдэд ч “амь бөх” хэвээр байх уу гэдгийг бодитойгоор үнэлж, дүгнэх цаг ирснийг эрдэмтэн, судлаачид сүүлийн үед байнга сануулах боллоо.
Судлаачдыг ийнхүү эргэлзэж, болгоомжлоход хүргэсэн зүйл бол бэлчээрийн доройтол. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт хэмээх дэлхий нийтийг хэрсэн аюул, жилийн жилд сая саяар бүл нэмдэг (өнгөрсөн 70.9 саяд хүрсэн) мал сүрэгтэй “хавсран” ийм байдалд хүргэсэн. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхон “Манай орны нийт бэлчээрийн 65 хувь нь унаган төлөвөө алдаж, доройтсон. Хэрэв энэ хэвээрээ 5-10 жил үргэлжилбэл Монголын газар нутгийн гуравны нэг нь амьд организм байх боломжгүй болтлоо цөлжих аюултай” гэв. БОАЖЯ, ХХААХҮЯ зэрэг холбогдох байгууллагаас хийсэн судалгаа, мониторингийн үр дүнгүүд ч энэ дүгнэлтийг бататгаж байна.
Бэлчээр доройтохын хэрээр түүнийг тэтгэгч олон зүйл ургамал устаж, үгүй болох, нөөц нь багасах аюултай. Монголын бэлчээрт ийм “үзэгдэл” түгээмэл ажиглагдах болжээ. Өөрөөр хэлбэл, бэлчээрийн 1000 гаруй зүйлийн ургамал, түүнээс мал сорчлон иддэг 800 гаруй зүйлийн эмийн ургамал аюултай нөхцөлд орсон гэсэн үг.
БОАЖЯ-ны Байгаль орчны төлөв байдлын тайланд дурдсанаар, амьдрах орчинд учруулж байгаа хүний дарамт, хэт ашиглалтын улмаас ургамлын зүйлийн 11 хувь нь устаж буй, 26 хувь нь устаж болзошгүй, 37 хувь нь эмзэг буюу эрсдэл өндөр, 15 хувь нь ховордож болзошгүй гэж үнэлүүлжээ. Тодруулбал, нийт ургамлын 89 хувь нь ямар нэг хэмжээгээр аюулд өртсөн байна.
Бэлчээрийн ургамлын бүлгэмдэл, төрөл, зүйл нь хамгийн их өөрчлөгдөж, хумигдсан нутагт Архангай, Өвөрхангай, Төв аймгуудын зааг, Завханы зүүн хэсэг, Дундговийн хойд, Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын хил залгаа бүс багтаж байна. Эдгээр аймагтай ижил зовлонтой ч бэлчээр нь байгалийн аясаар сэргэх чадвар өндөртэйд Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Хөвсгөлийн зүүн өмнөд, Увс, Баян-Өлгийн зарим нутаг хамаардаг аж. “Эдгээр бүс нутагт хүн, малын тоо хэт их, бэлчээрийн даац байнга хэтэрдэг. Иймд даац, ачааллыг нь тохируулах замаар зохистой менежмент хийх шаардлагатай” хэмээн БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн онцоллоо.
Бэлчээр доройтож, ургамлын төрөл, зүйл хумигдах үйл явцыг хамгийн соргог хүлээн авч буй нь малчид. Хэдэн зуу, мянган малаа нэгийг нь ч алдалгүй, зүсчлэн нэрлэдэг тэд идэш тэжээл болсон ургамал, ногоог нь ч танихдаа гарамгай. Бэлчээрийн доройтлоос үүдэлтэйгээр “Ийм, тийм ургамал ер харагдахаа байлаа. Мал идэх дуртай сан” хэмээх яриа малчдын дунд байнга үүсдэг.
Ховд аймгийн Үенч сумын Улиастай багийн малчин Н.Цогт “Хамгийн сайн мэдэх гогод (анхил сонгино), агь, морин агь илт ховордсон. Бог, бод гээд бүх мал эдгээр ургамлыг идэх дуртай байдаг. Малчид ногоо, ус сайтай газар сонгож, нутагладаг. Бид ч тэгдэг. Бэлчээр муудсанаас болоод олон малтай айлууд саахалтгүй, эзгүй, бөглүү газарт нутаглах болсон гэнэ лээ. Манайх хүн хүч муутай учраас саах нийлүүлэхээ бодоод, айл бараадан нутагладаг” гэв. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багт 20 орчим жил мал дагаж буй Х.Туяа “Ер нь хэцүү байна. Тогтуун сайхан, хөдөлгөөнгүй идээшилдэг байсан мал өвс ногоо хайгаад жилийж одно. Араас нь явах л ажилтай боллоо. Бэлчээрээ булаацалдах малчид сөргөөцөлдөж, дайсагнах нь энүүхэнд. Энэ жил гэхэд говьд бороо ер ороогүй. Бударгана, хялгана цайраад, олигтой ургасан ч юм алга” хэмээн ярилаа.
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс энэ зун манай орны дийлэнх нутаг гантай, бэлчээрийн ургамлын тархац муу байна гэсэн зураглал гаргасан. Малчид ч энэ тухай хэлэв. Х.Туяа “Наана чинь орж, сандаргаад байгаа бороо энд ирээсэй гээд залбирч сууна. Чийг хур багатай нь бэлчээрийн ургамлын нөөцөд ч сөргөөр нөлөөлж байна” гэв.
Говь нутгийн экосистемийг хамгаалах асуудлыг байнга хөнддөг “Гайхамшигт говь” төрийн бус байгууллагын тэргүүн, судлаач Х.Түмэндэлгэр “Малынхаа тоо толгойг ухаангүй уралдан өсгөж, бэлчээрийг ямар ч хяналт, зохицуулалтгүй ашиглуулснаас талхлагдаж, доройтсон газрын хэмжээ ихэссэн. Бэлчээр дэх ургамлыг боловсорч, үрээ хаях, нөхөн сэргэх завдал олгохгүй сүйтгэж байна. Хур борооны давтамж өмнөх 20 жилийнхээс эрс багасаж, үүнийг дагаад бэлчээрийн ургамал гүйцэд ургаж, үр өгөхөө ч болилоо. Хаврын чийгээр навчлаад, бүрэн томорч ургасан хойноо цэцэглэдэг бажууна буюу намхан гишүүнэ хүртэл дөнгөж цухуйхдаа дэлгэрдэг болсон. Ургамал байгаль, цаг уурын хүнд нөхцөлд дасан зохицож, хувирч өөрчлөгдөж буйн жишээ энэ. Бэлчээрийн доройтлыг гааруулдаг гол хүчин зүйл нь малын тоо толгойн эрчимтэй өсөлт. Иймд бүх малд татвар ногдуулж, төвлөрсөн хөрөнгөөр бэлчээр усжуулах, ган, зудын үед тусламж үзүүлэх зэргээр малчдад өөрт нь зориулах хэрэгтэй” хэмээсэн юм.
Бэлчээрийн ургамлын төрөл, зүйлийн хумигдал зөвхөн малчдад хамаатай асуудал биш юм. “Унаган байгалиараа үлдсэн, хээрийн “ориг” бэлчээртэй ганц орон бол Монгол” хэмээн бахддаг, мах, сүү, цагаан идээ хүнсэндээ хэрэглэдэг, малын ашиг шимийг ямар нэг байдлаар хүртдэг хүн бүхэнд хамаатай асуудал. Гадаадын хөгжингүй орнуудынх шиг хашаа, байгууламжид “вакуумжуулан”, зохиомлоор таргалуулж, тордсон малын шимгүй мах идэхгүйн тулд бид бэлчээр нутаг, түүнийг үнэд оруулагч ургамлаа хамгаалахаас аргагүй. Харин тэр цаг нь хэдийн болжээ. Энэ нь цаашлаад монгол хүн эрүүл байхын уг үндэс болсон хүнсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой.
Бэлчээр нутгийг хамгаалахын тулд малын тоо толгойг хязгаарлаж, малчдаас татвар авах ёстой гэж судлаачдын олонх нь санал дэвшүүлдэг бол судалгаа, шинжилгээний байгууллагынхан бэлчээрийн ургамлыг тарьж, нутагшуулах нь үр дүнтэй хэмээн үздэг. ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд гэхэд судлаачид өдгөө 139 төрлийн 600 орчим зүйлийн мод, сөөг, өвслөг ургамал тарьж, туршсанаас 480 гаруйг нь нутагшуулах боломжтойг тогтоожээ. ХААИС-ийн харьяа Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн ч энэ чиглэлийн судалгаа хийж байгаа аж.