Бид хөгжихгүй байна. Энэ үгийг өдөр бүр “хүлхэж”, бас сонссоор одоо бүр залхах болов. Хөгжил гэдгийг хэтэрхий холоос, эсвэл толгой эргэм тоон дундаас хайсаар бид сүүлийн 30 гаруй жилийг үдсэн. Хөгжил гэдгийг бид хүний нутгийн гоё, гял цялын дотроос олж харснаа гайхан, цэцэрхсээр өчнөөн жилийг барлаа. Үнэндээ бол бидний хайгаад байгаа тэр “юм” хол биш, ойрхон, хүн бүрийн сэтгэлийнх нь чанадад байгааг ухаарах цаг болжээ. Хөгжихгүй байгаа нь, муу яваа нь хэн нэгэн, эсвэл ямар нэгэн хүчин зүйлээс болсон мэтээр санаж, түүндээ итгэн өөрсдийгөө хуурахаа больё.
Хэд хоногийн өмнө нийтийн тээврийн жолооч автобусны буудал эзлэн зогссон машинуудыг холдуулахаар дуут дохиогоо хангинуулахад тэр хавьд байсан хүмүүс “Ямар бүдүүлэг юм бэ. Зүгээр л хажууд нь зогсчихгүй сүржигнэлээ” гэхчлэн ам уралдан муулав. Угтаа бол иргэд тэр жолооч нарт шаардлага тавьж, зорчих хэсгийг чөлөөлүүлж болох л байсан. Тэгэх ч үүрэгтэй. Автобусны зогсоолд машинаа байрлуулсан жолоочийг торгоно энэ тэр гэсэн хууль, журмыг хэрэгжүүлэхэд бидний оролцоо нэн чухал гэдгийг ойлгохгүй хүмүүс бусдад төвөг учруулдгаа ч мэдэхгүй байгаа болов уу. Мэдэхгүй биш, тийм сэтгэлгүй учраас л бурууг өөгшүүлж байгаа юм. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксины зогсоол дээр (22.00-06.00 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно. Түр, удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуулийн 35.1-т заасныг 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөх болсон. Тээврийн цагдаагийн албанаас автобуснуудын камерыг ашиглан буудал дээр зогссон автомашинуудыг хянаж, торгоно л гэсэн. Хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн аль ч буудлаас харж болно. Ялангуяа төвийн буудлууд хувиараа таксины үйлчилгээ эрхлэгчдэд эзлүүлчихсэн хэвээр. Замын хөдөлгөөн зохицуулж байгаа цагдаа нар тэдгээр жолоочид шаардлага тавих нь бараг үгүй. Шаардсан ч тэднийг далд ороход нь л дахин “жагсчихдаг” нь гэм биш зан. Ийм байхад иргэдийн үгийг өнөөх “танхай” жолооч нар биелүүлэх нь юу л бол.
Шаардлага тавиад хариуд нь “Хуц, чиний гэрт орчихсон байгаа биш, дуугүй бай” гэж загнуулсан нэг залуу жолоочийн зургийг авч, нийгмийн сүлжээнд тавина гэтэл утсаа булаалгасан тохиолдлыг саяхан найз маань харсан гэж ярилаа. Дураараа жолооч хүний гар утсыг авчихаад, “дунд хурууны боов” өгсөн гэсэн. Нийслэлийн нийтийн тээврийн газраас автобусанд суурилуулсан камерын бичлэгийг хянаж, энэ мэт зөрчлийг арилгах ажил хийдэг, эсэхийг үнэндээ мэдэхгүй. Монголд “хэрэгждэггүй” хууль олон. Ялангуяа иргэдийн хариуцлагыг дээшлүүлснээр хэрэгжүүлэх боломжтой энэ мэт “хялбар” хууль бий ч сэтгэл дутсанаар “хэрэгждэггүй” нь харамсалтай.
Өөр нэг жишээ. Автобусны урд хаалгаар буусан хүүхэнд шаардлага тавьсан настан иргэдэд адлуулахыг харлаа. Гудамжинд шүлсээ хаяж, тамхи баагиулан яваа нэгнийг зэмлээд бараг “цохиулах” шахсан хүнийг ч мэднэ. Өдөр тутамд тохиолддог иймэрхүү “жижиг” асуудлыг хувь хүний, нийтийн сахилга батаар хэмжих, засах боломжтой тун энгийн зүйл атал бидэнд тийм сэтгэл, зориг алга. Сайхан амьдралын төлөө сэтгэлээ л засаж, хариуцлагатай байхад болчих байтал бид “татгалзаад” л. Тэгсэн атлаа “Улс хөгжихгүй байна” гэж гомдоллоод байгааг ойлгоход тун бэрх. Бид хөгжихгүй байна гэхээсээ урьтаад хүн бүр сэтгэл дэх “зэвсгээ” ашиглан нийгмийн бурууг засахын төлөө явъя.
Биднийг мунгинаж, миний, чиний буруугаас хөгжил “дайжсан” гэж хэрэлдэх зуурт урд айлынхан улсаа дэлхийд гайхуултлаа урагшилчихаад байна. Зэргэлдээ орших хоёр улсын нэг нь урагшилж, нөгөөх нь ухарч байгаагийн гол шалтгаан нь хувь хүний сэтгэлтэй шууд холбоотой гэхэд буруудахгүй. Нийгэм хүн хэмээх эд, эсээс бүрддэг. Тэр эд, эсүүдийн сэтгэл, хандлага нь хаашаа байгаагаас хөгжлийн зүг чигийн баримжаа харагдах буй за. Монгол, Хятад хоёрын хөгжлийн ялгаа ердөө л энэ. Тодруулбал, монгол хүнд хөгжил дэвшлийг хүсэх сэтгэл дутаад байна. Хөгжлийг эдийн засгаар, улсын халаасны нимгэн, зузаанаар хэмжинэ, хүний сэтгэл хэмээх хоосон “орон зай” падгүй л гэх байх. Үнэндээ бол ингэж бодож байгаа нь ч хөгжлийн гацааны нэг шалтгаан гэж хэлнэ. Бид үзэл бодол, хандлагын энэ мэт хуучирсан, хэвшмэл байдлаа өөрчлөхгүй бол юу ч мөрөөдөх хэрэггүй. Хятадууд сүүлийн 30 гаруй жилд эрчимтэй хөгжиж байгаа нь сэтгэлдээ өөрчлөлт хийснийх гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Сэтгэл дэх зарчим ямар чухал болохыг хамгийн ойр байгаагаар нь Хятадаар жишээ татсан юм. Бага зэрэг “холдоод” япончуудын гайхамшигт хөгжлийн шалтгааныг шагшъя.
Арлын орныхон хөгжлийг “хөгийн” жижигхэн зүйлээс эхлэлтэй гэдэг. Тэр нь хүн бүрт үнэ төлбөргүй оршдог сэтгэл юм. Японд том корпорацын ерөнхийлөгч, үйлчлэгч хоёрт компанийн эрхэм зорилго буюу хүрэх цэгийн тухай ойлголт яг адилхан байдаг тухай олон улсад нэртэй, хөгжлийн талаарх номоос уншиж байлаа. Ердөө л энэ шүү дээ. Тэд амьдралынхаа зарчмыг сэтгэл гэж тайлбарладаг. Өдөр бүр чин сэтгэлээсээ хүсэж, хичээж ажиллах нь өөрийн, өрхийн, цаашлаад нийгмийн дэвшил гэж үздэг. Тэр арал дээр Монголынх шиг асар их нөөц баялаг байхгүй, нүд алдам нутаг ч үгүй. Гэсэн ч иргэн бүр хичээвэл улс хөгждөгийг япончууд үлгэрлэсээр. Эзний, эсвэл байгууллагын төлөө гэж, ажлын цагаа бүртгүүлэхийн тулд ч бус, өөрийн сайн сайхан, тухтай амьдралыг бүтээхээр зорьж байна гэж бодож сэтгэлээ шингээдэг учраас тэд дэлхийд тэргүүлэгч болсон. Ийм сэтгэлтэй хүний “ичих булчирхай”, хариуцлагаа ухамсарлах ухаан нь хэзээд түрүүлж ажилладаг учраас хөгжлийг сэтгэлээсээ хайхыг тэд зөвлөдөг.
Бид зурагтаар олон удаа харсан даа, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдэж, олны өмнө бөхийх япон хүнийг. Өөрийнх нь шууд оролцоо байхгүй ч хариуцсан салбарт нь доголдол гарах, удирдлагад нь байдаг хэн нэгний буруутай үйлдэл нийгэмд саад болоход япон удирдагч өмнөөс нь “ял” үүрч, ажлаа өгдөг. Энэ бол сэтгэлийн хариуцлага юм. Гэтэл Монголд эсрэгээрээ. Хүний өмнөөс хариуцлага үүрэх нь битгий хэл өөрөө алдаа гаргах, хариуцлага алдах, хүн алах, хүчирхийлж гутаах гээд ямар ч муу үйл хийсэн хариуцлагаас зугтдаг. Энэ бол сэтгэлийн бохирдол бөгөөд ийм байхад нийтийн хөгжлийн тухай яриа илүүц. Япон, Монголын хөгжлийн ялгаа ердөө л энэ. Энэ бол сэтгэлийн ялгаа юм. Монгол судлаач, япон эмэгтэй Кимүра Аяако “Хүнд сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлаа байдаг. Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал хийх хэрэгтэй” гэснийг санахад илүүдэхгүй буй за. Тэрбээр “Муухай монгол хүн”-дээ сэтгэлгүй монголчуудын талаар өчнөөн жишээ бичсэнийг бид мэддэг, тэр нь үнэн гэдгийг ч хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн атлаа өөрчлөгдөхгүй явсаар л.
Бид зэвсэг агсаад, жагсаал цуглаан хийгээд ч хөгжлийг авчирч чадахгүй. Харин сэтгэлээ засаад, хариуцлагаа “ташуурдаад”, хандлагаа өөрчилж байж л нийгмийн гажуудлыг засах боломжтой.
Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ