Байгаль орчин, тэр дундаа хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг зүйл бол үнс. Хүн амын тоо, эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж буйтай холбоотойгоор энэ төрлийн хаягдлын хэмжээ үлэмж нэмэгдэж, дэлхий нийт жилдээ 750 сая тонн үнс байгальд “нийлүүлэх” болжээ. Хаягдал дахин боловсруулагчид үүний тал хувийг нь л ашигладаг бөгөөд үлдсэн нь байгаль орчин бохирдуулагч эх үүсвэр болдог аж. “Дэлхий нийт 2030 он гэхэд эрчим хүчний 45 хувийг нүүрснээс гарган авна” гэсэн тооцоог судлаачид хийсэн нь хаягдал үнс байгаль орчинд дайсагнасан хэвээр байхыг баталж буй. Тиймээс улс орнууд эрчим хүчний эх үүсвэрээ баяжуулж, “ногооруулах”-д анхаарч байгаа.
...Өдгөө нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон гурван станц үнсэн сангаа “тордоход” жилд багадаа зургаан тэрбумыг зарцуулдаг байх нь. Түүнчлэн жил бүр их хэмжээний хаягдал “экспортолдог”. “ДЦС-3” жилд дунджаар 100, “ДЦС-4” 250- 300 мянган тонн үнс, шаарга ялгаруулдаг. Дэлхий нийт энэ төрлийн хаягдлыг хэрхэн багасгаж, яаж боловсруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж байхад манайхан хадгалах нэрийдлээр тэрбум тэрбум төгрөг үнстэй хамт булшилсаар байна...
Ийм зохицуулалт хийж чадахгүй нь хаягдал үнсээр баялаг бүтээх санаачилга гаргах болж. Тухайлбал, үнсийг барилгын төрөл бүрийн материал, сандал, саравч, хогийн сав, замын хашлага, хайс, шуудангийн хайрцаг зэрэг нийтийн эзэмшлийн бүтээгдэхүүн хийхэд түгээмэл ашигладаг гэнэ. Харин Монголд үнс хамгийн хэрэгцээгүй хаягдлын тоонд орсон хэвээр байна. Ангилан ялгаж хаядаг соёл, дадал ч алга.
Үнс нийлүүлдэг гол хоёр эх үүсвэр нь гэр хороолол, дулааны цахилгаан станц. Манай улс жилдээ 500-700, нийслэлийн гэр хорооллынхон 160-200 мянган тонн үнс хаядаг. Нийслэлийн гэр хорооллоос ялгарсан хаягдлыг Цагаан даваа, Морингийн даваа, Нарангийн энгэрт төвлөрүүлэх нэрийн доор байгальд ил, задгай асгадаг. Үнсийг ил хаяснаар байгаль орчин бохирдоод зогсохгүй гал гарах, хог тээвэрлэгч машин шатах эрсдэл ихэссэн. Тийм учраас энэ төрлийн хаягдлыг ашигтай түүхий эд болгох санаачилга бүхий төсөл боловсруулах ажлын хэсгийг нийслэлээс өнгөрсөн оны сүүлчээр байгуулжээ. Уг төслийн судалгааг гардан гүйцэтгэж буй ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийнхнээс ажлын явцынх нь талаар тодруулахад “Үнсийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ямар боломж байгааг биднээр судлуулсан. Хамгийн боломжтой хувилбар нь химийн хорт бодис шингээгч үрэл үйлдвэрлэх. Ахуйн хаягдал үнсийг цахилгаан станцынх шиг өндөр хэмд шатааж ашигладаггүй учир онцлогтой. Бид арьс шир, түүхий эд боловсруулах “Харгиа” үйлдвэртэй хамтарч байгаа. Ажил амжилттай үргэлжилж байна” гэв.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдал, тохижилт үйлчилгээний хэлтсийнхэн “Сайжруулсан түлшний үнсийг авто замын далан, байгаль орчны нөхөн сэргээлтийн бодис, гэр, байшингийн дулаалгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрхэн ашиглах боломжтойг тал талаас нь судалж, технологийн туршилт хийж байна” гэсэн юм. Хэрэв энэ судалгаа амжилттай болбол тус хэлтсийнхэн төсөл, холбогдох стандарт боловсруулж, иргэдийг урамшуулах аргаар гэр хорооллын хаягдал үнсийг нэг доор төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах гэнэ.
Ахуйн хаягдал үнсийг бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглаж буй нь дэлхий дахинд шинэ технологи биш. Монголд ч хувийн хэд хэдэн компани үнс ашиглан бордоо, нөхөн сэргээлтийн бодис, замын тэмдэг, тэмдэглэгээ хийх санаачилга гаргаж байсан. Харин төр, хувийн хэвшилтэй хамтраад, шинжлэх ухааны салбарынхныгаа дайчлан далайцтай “хөдөлсөн” нь анх удаа юм. Тиймээс нийслэлийн орчны бохирдлын гол эх үүсвэр болсон үнсний асуудлыг нэг тийш болгох боломж бүрдсэн гэж үзэхэд буруудахгүй. Харин одоо цахилгаан станцын хаягдал үнсээ хаашаа шингээх вэ.
Хөрс доройтуулагч, орчны бохирдол, тоосжилтын үндэс болсон үнсийг их хэмжээгээр нийлүүлэгч нь цахилгаан станцууд. Энэ байгууламжаас ялгарсан үнсийг зориулалтын санд хадгалж буй. Ийм сан барихад 5-6 тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд түүнийг дунджаар 4-5 жил ашиглаад, шинийг байгуулах шаардлага тулгардаг гэнэ. Мөн үнсэн сангийн далан өндөрлөх болон бусад зардалд багагүй мөнгө “урсгадаг” аж. “ДЦС-4” гэхэд үнсээ хадгалах, хаягдал зайлуулах шугам, хийн шахуурга бүхий систем ажиллуулахын тулд жилд хоёр тэрбум төгрөг зарцуулдгийг судлаачид хэллээ. Өдгөө нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон гурван станц үнсэн сангаа “тордоход” жилд багадаа зургаан тэрбумыг зарцуулдаг байх нь. Түүнчлэн жил бүр их хэмжээний хаягдал “экспортолдог”. “ДЦС-3” жилд дунджаар 100, “ДЦС-4” 250-300 мянган тонн үнс, шаарга ялгаруулдаг. Дэлхий нийт энэ төрлийн хаягдлыг хэрхэн багасгаж, яаж боловсруулах вэ гэдэгт ухаанаа уралдуулж байхад манайхан хадгалах нэрийдлээр тэрбум тэрбум төгрөг үнстэй хамт булшилсаар байна. Цахилгаан станцын хаягдлыг үнсэн санд төвлөрүүлэхгүйгээр ашиглах боломж бий юү. Хэрэв тийм бол түүгээр юу хийх боломжтой вэ.
Монголын хамгийн залуу академич Ж.Тэмүүжин “Цахилгаан станцын хаягдал үнсээр барилгын материал үйлдвэрлэх нь” судалгааг таван жилийн өмнө хийсэн. Түүний судалгаа тухайн үедээ олон нийт, шинжлэх ухааны салбарынхны анхаарлыг татсан юм. Тэрбээр “Бид цахилгаан станцын хаягдал үнс ашиглан лабораторийн түвшинд бетон, хавтан, блок, плита зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, туршлаа. Бетон хийхдээ цементийг нь үнсээр орлуулсан. Үнсийг натрийн шүлттэй хольж, элс, хайргаар баяжуулан зуурснаар шинэ төрлийн барилгын материал үйлдвэрлэх боломжтой. Ингэж хийсэн бетон энгийнээсээ ч бат бөх болдгийг туршилтаар баталсан” хэмээн ярьж байв. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд холбогдох байгууллагуудад хандаж, патент авахаар Оюуны өмчийн газарт хүртэл хүсэлт гаргасан юм. Гэвч түүний санаачилгыг төрийн байгууллагууд дэмжээгүйгээс судалгаа нь ажил хэрэг болоогүй ч “Бетонд хэрэглэх дулааны цахилгаан станцын шүүлтүүрийн үнс” буюу MNS 6469:2014 стандарт батлагджээ.
Харин ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Материал судлал, технологийн лабораторийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Ц.Золзаяа цахилгаан станцын хаягдал үнсийг барилгын материал үйлдвэрлэлд өргөн ашиглаж, үнсэн санд зарцуулдаг хөрөнгийг хэмнэх боломжтойг онцоллоо. Тэрбээр “Их хэмжээний хаягдал үүсгэдэг дулааны цахилгаан станцын үнсийг боловсруулах нь байгаль орчныг бохирдлоос хамгаалах онцгой ач холбогдолтой. Ийм үнсийг цемент, бетоны үйлдвэрлэлээс гадна холбогч хэлбэрээр ашиглах нь эрчим хүч, түүхий эд хэмнэх давуу талтай юм. Хаягдал үнснээс гаргаж авсан геополимер материал нь химийн болон механик үзүүлэлтүүдээрээ ердийн портланд цементэн бетоноос давуу. Элэгдэл бага, хатуулаг өндөр, гал, ус болон хүчилд тэсвэртэй, агшилт, суналт бага, удаан эдэлгээтэй зэргээрээ барилгын материалын шаардлагад бүрэн нийцдэг” гэв.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багш, барилгын материалын үйлдвэрлэлийн технологич Б.Бямбадэлгэр “Цахилгаан станцын хаягдал үнсийг барилгын материалд түүхий эд болгоход тохиромжтой. Зарим нь үнсийг цацраг идэвхтэй учир ашиглах боломжгүй гэдэг юм. Гэхдээ үнс нь барилгын материалд ашиглах нэмэлт түүхий эд шүү дээ. Өөрөөр хэлбэл, бусад түүхий эдтэй хольж, боловсруулан, цацрагийн хэмжээг бууруулах боломжтой. Гол нь холбогдох журам, стандартыг баримтлах шаардлагатай. Хөгжингүй орнууд энэ хүрээнд л ашиглаж байна” хэмээсэн юм.
Цахилгаан станцын үнсэн сан дүүрсэн тохиолдолд тухайн газрыг дахин ашиглах боломжгүй. Элэгдэж, доройтсон газар хэрэгцээгүй болдог гэсэн үг.Тиймээс хуучныгаа хөрсжүүлж, хучаад үнсэн сангаа шинэ газарт байгуулдаг. БХБЯ, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газрынхан өнгөрсөн онд цахилгаан станцын үнс, Төв цэвэрлэх байгууламжийн лагийг ашиглан үнсэн санд биологийн нөхөн сэргээлт хийсэн ч энэ нь олны нүд хуурсан ажил болсныг мэргэжилтнүүд хэллээ. Хотжилт, хүн амын төвлөрөл эрчимжиж, хөрсний бохирдол, тоосжилт ихэссэн өнөө үед хаягдал үнс төвлөрүүлэх зорилгоор эрүүл газраа зэрэмдэглээд байж боломгүй. Дулааны цахилгаан станцын хаягдлыг баялаг болгох ажлыг холбогдох байгууллагууд даруй эхлүүлэх шаардлага тулгарчээ.