( БОДРОЛ )
Дэлхий дээр хамгийн их ганцаарддаг хүн бол удирдагч. Тэр дундаа бизнес эрхлэгч, ажил олгогч. Яагаад гэвэл тэд бусдаас хэдэн арав дахин өндөр хариуцлагыг хүлээж, бусдын төсөөлөхөөргүй хэмжээний их эрсдлийг үүрч байдаг. Харин тэрхүү ачаанаас нь хуваалцагч хүн нэгээхэн ч байдаггүй нь асуудлын учиг юм.
Асуудал үүсвэл шийдэх ганц хүн нь удирдагч. Татварын асуудлаар дуудагдахад очих хүн нь мөн удирдагч. Төр засгийн буруу шийдвэрт нам цохиулдаг нь бас л удирдагч. Харин түүний удирдлагад байгаа хүмүүс бол хамгийн жаргалтай улс. Компани эрсдэлд орох, үйл ажиллагаа доголдох нь тэдний хувьд гурав, дөрөвдүгээр зэргийн л асуудал. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч биш, үүсгэн байгуулагч бус. Ямар ч тохиолдолд цалингаа авдгаараа л авна. Тиймээс удирдагчийн өмнөөс санаа зовних шалтаг шалтгаан тэдэнд үгүй. Удирдагч, ажилтан хоёрын энэ ялгаа нь бизнес зах зээл болж хөгжсөн цагаас л тодорч ирсэн байдаг.
Ер нь удирдагч хүний амьдрал перпендикуляр ертөнц юм. Өөрөөр хэлбэл, газардсан талбар нь ойгүй их ой шугуй. Тусламж гуйх, дэмжлэг хүсэх ширхэг ч хүн тэнд үгүй. Өдөржин өлсөнө, шөнөжин даарна. Үүний хажуугаар өөрийгөө ундлах учиртай, амьд үлдэхийн тулд. Цонхийсон цагаан царай, галгүй хоёр нүд нь тойрон хүрээлэх их моддыг ширтэн суухдаа нэг л зүйлийг бодно. “Надад хэн ч туслахгүй. Тиймээс би л босох ёстой” гэж. Ингээд л өөрийгөө зоригжуулаад, гуя алгадаад босно доо.
Гэхдээ бусдын явдаг уламжлалт замаар явахгүй санаатай. Шинэ жим гаргахыг хүсэхийн зэрэгцээ орой нь үл мэдэгдэх оргил өөд мацна. Гагцхүү оргил өөд шүү. Уулын бэл түүнд доромжлол мэт ойлгогдоно. Энгэр газрыг бол байдаг л түвшин гэж дүгнэнэ. Гэвч тавьсан зорилго нь том байхын хэмжээгээр туучих замын нь бартаа асар их. Мод чулуу, ус шалбаагийг гатлах нь наад захын даваа л гэсэн үг.
Зам зуур таарсан хэн нэгнийг үүрээд өгсөх хэрэг бас гарна. Амьхандаа, замын уртад дэм болох болов уу гэж найдах. Гэвч өнөөхийгөө хооллох ундлах ажилд л ихэнхдээ баригддаг. Хоол багадлаа гээд гомдолловол өөрийнхөө унднаас илүүчилнэ. Ундлуулж байгаа нөхөр нь ундлагч хүнийхээ ядарч, бас цөхөрч байгааг ойлгохгүй. Ойлгохыг ч хүсэхгүй. Түүний гол сонирхол бол аманд нь орж буй хоол.
Энэ их бэрхшээл, тэр том ачааны хажуугаар өнөөх хөөрхий залуу (эсвэл бүсгүй) оргилд хүрэх дөт замыг, уруудчихгүй байх зөв гарцыг хайна. Эргэн тойрон дахь ой модод туслахгүй, нуруун дээр нь үүрэгдсэн нөгөө нөхөр ч дэмжихгүй. Энэ бол гарцаагүй ганцаардал.
Ийм л нийтлэг өнгө төрхийг удирдагч хүн агуулж байдаг. Тэрбээр аяллын замдаа гарлаа ч бизнес моделио олох гэж их зовно. Зүдэрч зүдэрч оловч олон асуудал ар араасаа цуварна. Анхны хэрэглэгчдээ татах, найдвартай хамтрагчдыг олох, сайн ажилчдыг хөлслөх гээд бизнес хийхэд зайлшгүй шаардлагатай хамаг ажлыг нугалдаг. Ганцаараа. Нугалж чадвал дэвшинэ, чадахгүй бол мөхнө. Мөхөхдөө мөн л ганцаараа.
Удирдагч дээрх асуудлыг нааштай шийдэж чаддаг юмаа гэхэд зүс царай өөр, өнгө үзэмж ондоо бартаануудтай халз уулзана даа. Тэдгээр нь, бизнес булаах гэсэн дээрэмчид, бизнесийн өрсөлдөгч болсон компаниуд, хууль хүчний дайралт, татвар санхүүгийн шалгалт. Тэднээс бизнесээ хамгаалахын тулд бие организмын болоод сэтгэл зүйн асар хүнд давааг туулна. Үүнийг даваад гарч чадахгүй бол компани нь жам ёсны бус замаар үгүй болно оо гэсэн үг.
Гэвч юм гэдэг их сонин. Эрх үүргийн хуваарилалт, хувь тавилангийн эрхээр оноогдсон жам ёсны энэхүү ганцаардал нь удирдагч хүнийг улам хүчтэй болгож байдаг. Сэтгэлийн асар их тэнхээг олгож байдаг. Тийм ч учраас удирдагчид “Унаж үзсэн, гэхдээ босох ёстойгоо” хамгийн сайн ойлгодог. “Уруудаж болсон юм бол өгсөж бас болох ёстойг” мөн ухаарна.
Нэрт хөгжмийн зохиолч Эннио Морриконегийн гүн агуулга бүхий аяз удирдагч танд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.
Хамгийн анхаарууштай нь, энэ бүх үүх түүх, саад бартаа, алдаа онооны үр дүнд удирдагчийн суурь зан араншин бүрэлдэн тогтсон байх. Тиймээс нэг хэсэг захирлын ууртай бухимдуу, нөгөө бүлэг даргын хүлээцтэй хянуур байдал нь туулж ирсэн түүхтэй нь тодорхой хэмжээгээр холбоотой байдгийг анзаарч нэг харахад илүүдэхгүй. Үүнийг, амьдралаас үүдсэн жишээ харуулдаг, практикаас улбаалсан баримт баталдаг юм шүү.
Гэхдээ ууртай бүхэн тэнэг, хүлээцтэй болгон ухаантай гэсэн үг биш юм. Зан араншин нь байгалиас заяагдсан унаган өгөгдөл ч гэлээ амьдралаас хүртсэн олдмол шинжээр цэнэглэгддэг учир цагийн явцад удирдагчийн зан байдал цаг ямагт хувьсан өөрчлөгдөж байдаг. Ингэж хувьсан өөрчлөгдөхөд нөлөөлдөг гол хүчин зүйл нь ажилтнуудын хийж буй ажлын гүйцэтгэл, менежерүүдийн хариуцсан төслүүдийн бүтээмж юм. Тэд ажлаа гагцхүү сайн хийсэн нөхцөлд л удирдагчийн ганцаардал жаахан ч гэсэн нимгэрч, бага ч болтугай дундардаг ажаму.
Амьдрал их сонин. Удирдагч хүртэл ганцаарддаг.