Вест-Виллаж дахь Дамир Пейчиновичийн гэр
АНУ, Европт 20 жил үнэт эдлэл хулгайлсан Дамир Пейчинович гэгч Нью-Йоркийн шоронд авах ялаа хүлээж сууна. Түүний багт цахилгаанчнаас авхуулаад акробатчин хүртэлх мэргэжилтнүүд байжээ. 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жил тэмдэглэхээр Нью-Йоркийн Таймс-Скверт хоёр сая хүн цугласан байв. Францын Ницце болон Берлинд алан хядах ажиллагаа болчихсон тул болзошгүй довтолгооныг няцаахад хотын эрх баригчид бэлтгэж, тэр хавийн гудамжуудыг хог ачдаг машинаар хааж, 7000 цагдаа талбайд авчирчээ. Шөнө дунд болохоос өмнө өндөр ишид бэхэлсэн аварга том гэрэлт бөмбөлөг доошилсоор зохих цэгт хүрэхэд самбар дээр 2017 гэсэн тоо гарч ирэн, цугласан олон хашхиралдаад явчихлаа.
Зэргэлдээх гудамжинд гурван эр чухам энэ мөчийг хүлээж байв. Хөөрч баярласан хүмүүсийн дуу талбайгаас сонсогдоход мань гурав ажилдаа орлоо. Үнэт эдлэл хийдэг фирмийн ачаа оруулдаг хаалгаар тэд дотогш нэвтэрч зургадугаар давхарт гарч алх, царил ашиглан агуулахын хаалгыг нээв. Баяр ид дундаа орж, цагдаа нар тэднийг анхаарахтай, манатай болсон хойно юунд нь яарах билээ.
Агуулахад төмөр шүүгээнүүд байх бөгөөд зургаан оронтой тоогоор үнэлэгдсэн бугуйвч, эрдэнийн чулуу, хүзүүний гоёмсог зүүлт тэдгээрт дүүрэн. Хулгайчдын нэг нь утсаар хэдхэн үг солиод л тоон кодтой түгжээг тэр дор нь онгойлгосон нь цахим ажиглагч төхөөрөмжийн хальсанд тодхон буужээ. Дөрвөн төмөр шүүгээний хоёрыг нь хулгайчид ядах юмгүй хоослов.
Тус бүр нь 150 000 ам.долларын үнэтэй, 18 каратын алтан бугуйвч, алмаас эрдэнийн шигтгээтэй ээмгүүд үүргэвч рүү шилжих нь тэр. Гурван эр тэндээс тайван гарч, зугаацан цэнгэх олны дунд орлоо. Ийм хэрэг гарсныг 15 цагийн хугацаанд хэн ч анзаарсангүй. Фирм хохирлоо зургаан сая ам.доллароор үнэлжээ.
Хулгайчид үнэт зүйлсийг хялбархан авчихсан нь гайхал төрүүлж байлаа. Тэд түгжээг онгойлгох нууц кодыг мэдэж байсан нь илт. Төмөр шүүгээнүүдийг түрээсээр өгсөн компани л кодыг бусдад алдах магадлал өндөр байв. Хэвлэлд бичсэнээр бол мансуурах донтой хүн л мэдээллийг худалдсан байж магадгүй аж. Ажиглалтын цахим төхөөрөмжийн бичлэгээс үзвэл хулгайчдын нэг нь алдаа гаргаж уг төхөөрөмжийн эгц өөдөөс харжээ.
Үүнээс бараг хоёр жилийн дараа Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны таван машин Манхэттений хамгийн өндөр өртөгтэй дүүргийн нэг болох нам гүмхэн Вест-Виллажид ирж зогслоо. Зэвсэглэсэн хүмүүс машинаас буун гурван давхар тоосгон байшинд орж түүний эзэн 44 настай, гэргий, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг Пейчиновичийг баривчлав. Түүний хамтрагч “сармагчин” хочит Элвис Сирикович, Адриан Писеку, Гзими Бойкович нарыг ч баривчилжээ. Хууль сахиулах байгууллагад хуримтлагдсан мэдээллээс үзвэл Пейчинович болон түүний нөхөд 2006 оноос эхлэн үнэт эдлэлийн 13 дэлгүүр хоосолж, өөр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна. Дээрх дөрвөн хүнийг баривчилсны дараа Манхэттений прокурор Жеффри Берман “Атлантын далайн хоёр талд үйлдсэн 10 сая гаруй ам.долларын үнэтэй бараа хулгайлсан хэргийн ар талд байгаа гэмт хэргийн адармаатай сүлжээний нэг хэсэг нь л эд нар юм” гэж хэлсэн аж.
Тэд Нью-Йорк, Лос-Анжелес, Портлэнд, Канзас-Сити, Беверли-Хиллсэд хулгай хийснийг шүүхийн баримтад дурдсан байв. Германд гарсан нэгэн хулгайн талаар бас баримт олджээ. Пейчинович, Сирикович нар Майн дахь Франкфуртэд 10 сая еврогийн үнэд хүрэх алт хулгайлахаар төлөвлөсөн ч чадсангүй, АНУ-д гуяа ганзагалаад иржээ. Олон улсын хулгайн бүлгийн толгойлогч хажууд нь байгааг Пейчиновичийн хөршүүд яахан мэдэх билээ. Тэгэхдээ тэр гудамжинд жирийн нэгэн огт амьдардаггүй болохоор тэр ямар ч байсан нэлээд “их эд” л гэж бодоцгооно. Сая сая доллар эргэлдүүлж байдаг бэлтэй хүн л ийм газар үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь ойлгомжтой. Жорж Соросын охины харш энд байдаг гээд хэлчихэд л хангалттай.
Пейчинович хаанаас, хэрхэн мөнгө олдгийг хэн ч үл мэднэ. Тэрбээр амьдралынхаа талаар хэнд ч үл ярина. “Энэ айл үл хөдлөх хөрөнгө худалдаж өдий зэрэгтэй болсон юм гэнэ лээ” гэх яриа л дуулдана. Түүнийг 40 насандаа тансаг хороололд байр авч, ая тухтай амьдрахаар шийдсэн өндөр хөлстэй мэргэжилтэн гэж зарим нэг нь үзнэ.
Пейчиновичийн гэргийн нээсэн гоо сайхны газар ажилладаг эмэгтэй “New York post” сонины сурвалжлагчид ярихдаа түүнийг “зожиг хүн” гэсэн байна. Хөршүүдийнх нь нэг “Дэмьен, Шпреса нар жирийн машин унадаг, гоо сайхны газраар нь үйлчлүүлдэг хүмүүсийг эс тооцвол тэдэн дээр хэн ч ирдэггүй” гэж ярина. Өөр нэг нь Дамир байшингийнхаа дээвэр дээр суучихаад хажуугаараа явах хүмүүс рүү инээвхийлдэг юм гэж ярьсан байна. Хар зах дээр зардаг үнэт зүйлийн шинжээч нэгэн тэднийг “Социалист лагерийн орнуудын цэргийн албан хаагч байсан хүмүүс биз. Тэд нүд хуурахыг хичээдэггүй, дуу шуугиан гаргадаггүй” гэж дүгнэжээ.
Энэ бол сонсоход аятайхан хэрнээ үнэнээс зөрүүтэй таамаглал юм. Берлиний ханыг нураахад Пейчинович 15 настай, бусад нь 6-7-той л байж. Таньдаг хүмүүс нь болон төрөл төрөгсөд нь фэйсбүүкт тавьсан бичлэгээс үзвэл Пейчинович Черногорын албани үндэстэн болов уу гэмээр. Тэрбээр 1990-ээд оны эцсээр Америкт ирж гар урлал эрхэлж, хөрөнгөжжээ.Дамир Пейчиновичийг 24 настай байхад нь Беверли-Хиллст баривчилсан аж. Холбооныхны хэрэглэдэг багаж барьчихсан үнэт эдлэлийн зүйлийн дэлгүүрийн дэргэд мань эр явж байж. Тэрбээр дэлгүүрийн дохиолол холбооны аль шугамд холбогдсоныг тогтоохыг оролдсон гэнэ.
Үүнээс хойших 20 жил Пейчинович болон түүний хүмүүс аюулгүй байдлын эсрэг тэмцэх арга зам боловсруулахад бүхнээ зориулжээ. Тэдний дотор хамгийн нарийн цахилгаан төхөөрөмжийг ч аюулгүй болгож чадах мэргэжилтэн байв. Прокурор Эндрю Кэнь-Вэй Чань шүүх хуралдаан дээр “Гэмт хэрэг үйлдэх газрынхаа дохиоллын системийг салгачих мэдлэг, чадвар эдний хүмүүст бий. Тэд үнэт эдлэлийн дэлгүүрийг харуул хамгаалалтын байгууллагатай холбосон цахилгааны шугамыг тасалчихдаг” гэж хэлсэн аж. Энэ нь бүтэхгүй бол хэрэглэдэг өөр арга бас бий гэнэ.
Пейчинович, Сирикович, Писеку болон тэдний гарын доор байдаг хэдэн хүн 2011 оны эхээр Лос-Анжелесын нэгэн дэлгүүрийг дээрэмдэхээр зэхжээ. Хулгайчдын нэг нь хэдэн шөнө дараалан уг дэлгүүр лүү очиж хаалгыг нь өшиглөж дохиолол нь ажиллаж буй, эсэхийг шалгасан байна. Дараа нь юу болохыг хулгайчид алсаас ажиглав. Тэгээд энэ удаа хамгаалалтын дохиоллын системийг салгахгүй байхаар шийджээ. Тэд уг дохиоллын системд цагдаа нар итгэхээ болино гэж тооцоолжээ. Хулгайчид хаалгыг нь өшиглөнө, дохиоллын систем ажиллаж эхэлнэ, цагдаа давхиж ирж шалгаад юу ч болоогүйг үзээд буцна. “Эцэст нь манай дохиоллын системийг гажигтай гэж үзээд намайг торгодог. Дохиолол дуугарснаас хойш ямар хугацаанд цагдаа нар ирдгийг хулгайч нар сайн мэдэх болсон” гэж дэлгүүрийн эзэн Роберт Сагези дурсан ярьсан байна.
Хоёрдугаар сарын 18-нд хулгайч нар зэргэлдээх байшинд нэвтэрч, ханыг нь эвдээд үнэт эдлэлийн дэлгүүрт оров. Тун тохиромжтой цагийг сонгосон байлаа. Гэгээн Валентины өдөрт зориулж худалдахаар бэлтгэсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйл тавьсан лангуунуудыг эвдлээ. “Би ажиглах төхөөрөмж рүүгээ маш олон удаа харсан. Тэд чемодан, үүргэвчтэй ирээд үнэт эдлэлүүдийг чихэж гарсан байна лээ” гэж дэлгүүрийн эзэн ярьжээ.
Дохиолол ажилладгаараа л ажиллаж. Хэдэн минутын дараа цагдаа нар ирсэн ч хаалга нь урьдын адил бүрэн бүтэн байсан тул дотогш орсонгүй. Орж яах юм бэ? Дохиоллын систем дэмий л шуугиан дэгдээсэн биз. Дохиолол дуугарахаар цагдаа ирэхийг Пейчинович хэдэн шөнө ажиглаад ийм л байдлаар тэд хандана гэдэгт эргэлзэхгүй болсон байна. “Тэд цагдаа нар ирээд гаднаас нь харах үед ч дэлгүүрийг минь тоносон байж болзошгүй” гэж эзэн гомдоллов. Гурван сая ам.доллароор үнэлэгдэх бараа алдагдсаныг өглөө нь л мэджээ.
Сүүлийн жилүүдэд хулгай дээрэмд Пейчинович өөрөө биечлэн оролцохоо больсон аж. Тэрбээр мэдээллийг урьдчилан цуглуулж, төлөвлөгөөг чамбай боловсруулж, үүний дараа л аюул үл учруулахуйц зайнаас үйл ажиллагааг удирдана. Уг ажилд онцгой чадвартай хүмүүс, тухайлбал, дээврээр дамжиж дотогш орж чадах акробатчид, эсвэл ханыг лантуугаар хэмх цохих хүч чадалтан шаардагдвал тэднийг ядах юмгүй олно.
Шинэ жилийн шөнө хулгайлсан үнэт эдлэлийг Пейчинович, Бойкович, Писеку нар 2017 оны хоёрдугаар сард Лос-Анжелест аваачлаа. Тэнд бараагаа өндөр үнээр зарчихаад зогссонгүй, газар дээр нь нэгэн дэлгүүрээс хоёр сая гаруй ам.долларын үнэтэй зүйл хулгайлав. Тэгээд удаан хугацаанд чимээ аниргүй болжээ. Гэхдээ Пейчинович ингээд л сэтгэл цадчихсангүй, Бельги, Швейцарт үнэт чулуу арилждаг хүмүүсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулж, Амстердамын цагдаа нарын хэрэглэдэг радио холбооны үелзлийг тогтоож байв. Мөн Охайо мужид байдаг үнэт эдлэл урлаачдын талаармэдээлэл цуглуулжээ.
Пейчинович, Бойкович, Писеку, Сирикович нарыг айлган сүрдүүлэх замаар үнэт эдлэл олж авдаг, хулгайлсан зүйлээ өндөр үнээр өөр газарт аваачиж зардаг хэмээн буруутгав. Ийм хэрэгтэнд 5-20 жил хорих ял оноодог. Пейчиновичийг барьцаагаар суллахыг шүүх зөвшөөрөөгүй тул тэрбээр шүүхийн шийдвэр хүлээн, торны цаана суухаас аргагүй. Энэ хүн амьдралынхаа хагаст нь хийсэн хэргээсээ гэмгүй мултарч байж. Харин энэ удаа юу л бол...
Бэлтгэсэн: Р.Жаргалант