-Энэ бизнесмэн гэргийгээ хөнөөж, охиноо худалдах хүсэлтэй байв. Шунал, тачаал хоёр түүнийг үгүй хийжээ-
Уолл-Стритэд амьдардаг санхүүгийн ажилтны гэр бүлийн хүний амийг хөнөөсөн хэргийг арван жил мөрдөн шалгав. Тэр эр эхнэрийнхээ мөнгийг гартаа оруулахын тулд юу ч хийхээс буцсангүй. Тэрбээр төрсөн эцэг, эхээ хордуулж, насанд хүрээгүй охиноо хулгайлж хүчээр хүнтэй суулгажээ. Гомдсон нууц амраг нь түүний замд саад болж чадсан байна.
2009.12.31
Есөн настай Анна бусдаас түрүүлж сэрэв. Гурван настай дүү Майлз нь унтаж байлаа. Охин ариун цэврийн өрөөнд оржээ. Түүний нүдэнд аймшигтай юм үзэгдэв. Усны онгоц доторх ус цусаар будагдаж, ээж нь тэнд доошоо хараад нас барчихсан байх нь тэр.
Анна аав руугаа утасдаж, “Ээж нэг л биш болчихсон байна” гэж хэллээ. Хэдхэн мөч өнгөрөхөд 36 настай Родерик Ковлин гэртээ ороод ирлээ. Түүний эхнэр Шеле хэдэн сарын өмнө салах өргөдлөө өгсөн ч, аавтайгаа хамт байхыг хүсдэг хүүхдүүдээ бодоод нөхрөө нэг өрөөндөө байхыг зөвшөөрчээ. Родерик Ковлин аврах алба руу ярьж, болсон явдлын талаар мэдээлэв.
Цагдаа нар болон аврагчдад тэрбээр хаалгаа нээн оруулж, ариун цэврийн өрөө рүү дагууллаа. Родерик Ковлин гэргий агсныхаа цогцсын хажууд шалан дээр сөхрөн суулаа.
“Ямар нэг юм хийгээч” гэж тэр гуйна. Эмэгтэйг аврахад оройтсон, цогцсын байдлаар таамаглавал амьсгал хураагаад нэг цаг гаруй болжээ. Нүүрэн дээр нь саяхан шалбарсан шарх үзэгдэнэ. Толгойноос нь цус гарсан байв. Усны онгоц дээр байх шүүгээний хаалга нугасаараа салсан байлаа.
Цогцсыг уснаас гаргаж, хөнжлөөр бүтээж, хиймлээр амьсгалуулах гэж оролдсоноо Родерик Ковлин ярьж байв. “Тэр маань шүүгээнээс барьж авах гэж оролдоод, унахдаа ар шилээрээ ванн цохиж ус руу унасан юм шиг байна” гэж таамаглаж байгаагаа ч хэлэв. Түүний сэтгэл эвгүй байгаа нь илт. Гар, бие нь чичирч, цагдаа нарыг тэвэрч авахыг хичээж, “Ийм юм болсонд итгэж чадахгүй байна” хэмээн үглэнэ.
Шеле, Родерик нар 1998 онд танилцаж, хэдэн долоо хоноод хурим хийжээ. Хоёул Уолл-Стритэд ажилладаг байв. Родерик наймаа хийдэг, Шеле хувийн аж ахуй эрхэлж, санхүүгийн томоохон компанийн дэд ерөнхийлөгчийн алба хашиж байлаа. Тэд тансаг Манхэттен дүүрэгт амьдарна.
Шелег бодвол Родерикийн ажил тийм ч бүтэлтэй биш. Тэрбээр ажилгүй удаж, гэргийнхээ цалингаар амь зууж, заримдаа эцэг, эхийнхээ мөнгийг арвижуулж өгнө. Бусад үед бүх л цагаа хоббийдоо зориулна. Тэрбээр таэквондогийн хар бүстэй, тэмцээнд байнга оролцоно.
Түүний бас нэг хобби нь хүүхэн аж. Шелегээс салахаасаа өмнө олон хүүхэнтэй байнга холбоотой байжээ. Будилахгүйн тулд тэдэнтэй уулзах хуваарь гаргаснаа компьютертоо хадгална. Биеэ үнэлэгчидтэй байнга уулзаж, танилын хүрээгээ тэлэхийг интернэтээр шаргуу оролдож байв. 2009 оны 10-12 дугаар сард фэйсбүүкээр 860 эмэгтэйтэй харилцаж байсан аж.
Хуримаа хийгээд арван жил болоход Родерик Ковлин нээлттэй гэр бүл байж, өөр хүүхнүүдтэй уулзаж учрах эрхтэй баймаар байгаагаа гэргийдээ шулуухан хэлсэн гэнэ. Нөхрөө бусадтай бужигнаад явааг гадарладаг байсан Шелегийн хувьд энэ нь эцсийн шийдвэр гаргахад хүргэжээ. 2009 оны дөрөвдүгээр сард Шеле түүнийг гэрээсээ хөөж, сарын дараа салцгаав. Салсан нөхөр нь хонзон өвөрлөнө гэж эмээж буйгаа тэрбээр төрөл садангийнхан болон ойр дотнын хүмүүстээ хэлж, амар тайван байлгахыг хүсэж түүнд 250 мянган ам.доллар өгдөг юм уу хэмээн бодож байжээ.
Ингэж болгоомжлох нь дэмий юм биш байв. Мөнгө, орлогогүй хоцрох нь Родерикийг яагаад ч баярлуулахгүй нь ойлгомжтой. Тэгээд Шелег хороохоор шийдэж, эхлээд байгууллагынх нь удирдлага руу утасдаж түүнийг мансууруулах бодис хэрэглэдэг гэж хэлээд “Итгэхгүй байна” гэхээр нь татварын албанд бичнэ гэж сүрдүүлжээ. Гэргийнх нь байрны нэг түлхүүр Родерикт байсан тул сэм гэрт нь орж, ирсэн мессеж, цахим харилцааг нь үзсэн байна. 2009 оны долдугаар сард мань эр Шелегийн эсрэг хэл ам үүсгэсэн ч гүтгэсэн гэсэн дүгнэлт гарч, харин ч түүнийг бусдын хараа хяналтгүйгээр хүүтэйгээ уулзахыг нь хориглов. Үүнээс гадна Родерикийг өөрт нь ойртохгүй байхыг шаардсан шүүхийн шийдвэр Шеле гаргуулж авчээ.
2009 оны арванхоёрдугаар сард Шеле хуульчид хандаж, гэрээслэлээсээ нөхөр аснаа хасахыг хүсжээ. Шелег нас барсан тохиолдолд хураасан дөрвөн сая ам.доллар нь хүүхдүүдэд нь үлдэх, Родерик Ковлин түүнээс юу ч авахгүй байх ёстой.
2010.01.01
Шүүх эмнэлгийн шинжээчид Шелегийн цогцсыг үзлээ. Баруун гарын бугуйн дээр нь зоосны дайтай хөхөрсөн, долоовор хуруун дээр нь цус хурсан байхыг шинжээч анзаарчээ. Мэргэжилтэн цогцсыг нээж үзэх хэрэгтэй гэхэд Шелегийн эцэг, эх сүсэг бишрэлтэй хүмүүс байсан болохоор зөвшөөрсөнгүй. Хоёр хоноод шарилыг оршуулав.
Родерик Ковлин
Хуумгай хандсанаа Шелегийн төрөл төрөгсөд удалгүй ойлгож эхэлжээ. Сэжигтэй зүйл хэтэрхий олон байв. Амиа алдахаас нэг өдрийн өмнө Шеле гоо сайхны газарт очиж үсээ янзлуулж, индүүдүүлсэн гэдгийг хэн нэг нь санасан байна. Ийм үйлчилгээ хийлгэсний дараа гурав хоног үсэндээ ус хүргэж болдоггүй, гэтэл цогцос усан дотор байсан. Түүний зэрэгцээ Шеле ваннтай усанд суух дургүй, шүршүүр хэрэглэхийг илүүд үздэг байсныг бүгд мэднэ. Бас “Родерик хүүхдүүдээ хайрлахаас илүү намайг үзэн ядаад байх юм” гэж Шеле ярьж байсныг дүү нь санав.
Цогцост задлан шинжилгээ хийхийг Шелегийнхэн 2010 оны дөрөвдүгээр сард зөвшөөрлөө. Талийгаачийн нүүрэн дээр арьс нь зулгарсан, уруул нь хэгзэрч цус хурсан, хоёр хавирга нь булгарсан байв. Эмэгтэйн амьсгалыг боож амийг нь хороосныг энэ гэмтлүүд нотолж болох юм.
Ингээд мөнөөх Родерикийг шууд сэжиглэв. Сэдэл хийгээд боломж гагцхүү түүнд л байв. Тэрбээр гэрээслэлд нь нэрээ үлдээх гэж л аллага үйлдэхээр шийдсэн байх магадлалтай гэж мөрдөгчид үзсэн байна. Гэрээслэлд нэр нь орвол тэрбээр хадгаламжаас хоёр сая ам.доллар, мөн даатгалаас нэг сая гаруй ам.доллар, хүүхдүүд нь бас хоёр сая ам.доллар авах боломжтой болно.
Бүхий л байдлаас үзэхэд мань хүн хаалгыг нь түлхүүрээр онгойлгон гэрт орж, Шелегийн багалзуурыг шахаж хөнөөсөн байж таарах нь. Тэгээд золгүй явдал болгож харагдуулахын тулд дүүрэн устай онгоцонд цогцсыг хийчихээд гараад явчих нь тэр.
Гэхдээ ердөө дам нотолгоонууд л түүнийг буруутай байж болох юм гэсэн дүгнэлтэд хүргээд байлаа. Цаг хожих үүднээс Шелегийн төрөл төрөгсөд өв хөрөнгө, даатгалын мөнгийг үлдэгсдэд нь хувааж өгөхийг зургаан жилээр хойшлуулж чаджээ. Мөрдөн байцаалт дуусаж, өөрийг нь сэжиглэх үндэслэлгүй гэж үзсэн нөхцөлд л Родерик Ковлин мөнгийг авч чадах юм.
Тэгэхээр талийгаач эмэгтэйн мөнгөнд хүрэх үлдсэн ганц боломж нь хүүхдүүд байлаа. Хэрэв хүүхдүүдийнхээ эцэг байх эрхээ хадгалж үлдэж чадвал Родерик Ковлин өв хөрөнгөнөөс нь хувь хүртэх боломжтой болох байв. Харин Шелегийн эцэг, эх эрс татгалзлаа. 2011 оноос Анна, Майлз нар Родерикийн аав, ээжтэй хамт байсан бөгөөд тэднийхээ нүдэн дээр Родерик хүүгээ зодсон аж. Родерик охиныхоо коллежийн сургалтын төлбөр гэж 80 мянган ам.доллар авчирч өгснөөс хэтэрсэнгүй.
Родерик өдий олон жил амьдрахдаа амь зуулгаа өөрөө хариуцах даваатай анх удаа л учрав. Тэгээд түгээгчээр ажиллах болсон байна. Хэнд ч бай хайр өршөөлгүй, хатуу ширүүн ханддаг нь бүхний гайхлыг төрүүлэх болжээ. Нэг захиалагч нь хорт хавдартай, зээлээ даруй төлөх боломжгүй байна гэж нэг удаа хэлжээ. Родерик дэлбэртлээ уурлаж, “Тэр хорт хавдартай нь надад ямар хамаатай юм бэ, надад мөнгө л хэрэгтэй” хэмээж байжээ.
Родерикийн уулзаж учирдаг хүүхнүүдийн нэг Дебра Олес 2015 онд цагдаагийн газарт ирсэн байна. Тэд Шелег амиа алдахаас хэдэн сарын өмнө нэгэн тэмцээний үеэр танилцжээ. Дебра Олес мэддэг бүхнээ ярихаар шийдсэн байв. Эхнэрээ бүрэлгэснээ Родерик хүлээж, дараа нь Анна, Майлз нарт очсон мөнгийг өөрийн болгох гэж оролдсоноо ч ярьсан гэж тэр эмэгтэй хэлэв. Зарим ярианы бичлэг түүнд байсан аж.
Олесын ярьснаар, асарч хүмүүжүүлэх асуудлаас болж Родерик эцэг, эхтэйгээ ам мурийсан байна. Хүүхдүүддээ ногдсон өв хөрөнгийг зарж үрэхэд эцэг, эх нь саад хийгээд байсан тул тэднээс хөндийрөхөөс аргагүй болж. Чухам хэрхэн хөндийрөхөө сайн мэдэхгүй байв. 2012 онд болсон шуурганы үеэр эцэг, эхийнхээ гэрийг шатаах бодол түүнд төржээ. Сүүлд нь сонгуулийн өмнөх үеийн хар арьст ухуулагч болж хувираад ээжийгээ каратэгийн мэх хэрэглэж хөнөөе гэсэн бодол толгойд нь орж ирэв. Тэгээд хүрэн будаг, хиймэл үс, наадаг сахал худалдан авчээ. Гэвч төлөвлөгөө нь биелсэнгүй.
Өөр төлөвлөгөө боловсруултал 13 нас хүрч буй охиноо түүнд оролцуулах болоод байлаа. Эхлээд өвөөгөө хүчингийн хэрэгт буруутгахыг Аннадаа битүүхэн ятгаж. Охин зөвшөөрсөнгүй, эцэг нь ч бууж өгсөнгүй. Тэгээд охиноороо аав, ээж хоёроо хархны хороор устгуулах хүсэл төрсөн байна. “Охиныг шоронд суулгалаа ч удаахгүй биз” гэж амраг бүсгүйдээ мөнөөх эр ичгүүргүй ярьсан аж.
Дахин бүтэлгүйтсэнийхээ дараа Родерик энэ “ажилд” нөгөө талаас нь хандахаар шийджээ. Анна охиноо хулгайлж аваад Мексикт аваачиж хүчээр нөхөрт гаргах бодол төрсөн байна. Хүнтэй суулгачихвал асарч халамжлах шаардлагагүй болно. “10 мянган ам.доллароор 18 нас хүрсэн түүнтэй суухад бэлэн мексик хүү олдолгүй л яав гэж. Тэгээд гэр бүл болчихно, гэрээ байгуулчихна, цаашдаа тэд хамт амьдрахгүй нь мэдээж” гэж ярьсан байна. Родерикийг шийтгэл хүлээнэ гэдэг итгэлээ Шелегийн эцэг, эх алдахгүй л байв. Родерик ч илчлэгдсэн тохиолдолд хэрэг болно хэмээн нэмэлт даатгалын талаар бодох болсон байна. 2013 онд Родерик охиноо хүний амь бүрэлгэснээ хүлээсэн бичлэг өөрийнх нь өмнөөс утсанд нь хийжээ. “Би худлаа хэлсэн юм. Ээж минь халтирч унасан юм биш. Түүнийг өөр эр хүнтэй уулзах гэснээс болж тэр өдөр бид маргалдсан. Миний уур хүрээд түүнийг түлхчихсэн, их хүчтэй түлхээгүй. Би ээждээ муу юм санаагүйг тангараглая. Ээж минь ойчсон, нэг их айхавтар чимээ гарсан, удалгүй ванн дахь ус улаан болсон”. Энэ бичлэг түүнийг буруугүйг нотолж чадна гэж Родерик бодсон аж.
2015.11.06
Родерикийг баривчлав. Тэр үед тэрбээр “Аюул холуур өнгөрлөө. Дахиад хоёр сар өнгөрөхөд өв хөрөнгө хийгээд өөд болсон эхнэрийнхээ амь насыг даатгасан мөнгөнөөс хувь хүртэнэ” гэж тэр бодож байж.
Шүүх хурлын үеэр Родерик өөрийгөө буруугүй гэж зүтгэсээр байлаа. “Би гэргийгээ хөнөөгөөгүй, гэрийнхэн нь намайг энэ хэрэгт буруутгаад байх юм. Бид салчихсан, түүнийг амиа алдахад ямар нэг харилцаагүй болсон байсан. Түүний үхэлд би ямар ч хамаагүй” гэж мэдэгджээ.
Энэ хэргийг 2019 онд шүүх хэлэлцэв. Үйл явдал болсон газарт түрүүлж очсон цагдаа нар, эмнэлгийн шинжээчид, талийгаачийн төрөл төрөгсөд, таньдаг хүмүүс, ажлынх нь газрын дарга байсан хүн, Родериктой уулзаж учирч байсан хүүхнүүдээс Дебра Олес ч шүүх хурлын танхимд ирсэн байв. Тэд мэдэх юмаа бүгдийг ярьж. Нууц амрагуудтайгаа уулздаг хуваарийг нь шүүгдэгчийн компьютероос олж авснаа прокурор үзүүлжээ.
Родерик, Шеле нарын хүүхдүүд эцэст нь үгээ хэллээ. 12 настай хүү нь наанатай, цаанатай хандахыг шүүгчдээс хүсэж, “Би эцэг, эхийнхээ нэгийг нь алдчихлаа, хоёр дахийг алдмааргүй байна. Аав минь ялын дээд хэмжээ авчих вий гэж айж байна” гэв. 18-тай Анна нь шүүх хуралд оролцож чадаагүй ч эцэгт нь өршөөлтэй хандахыг гуйжээ.
Хүүхдүүдийн хүсэлт шүүгчдэд нөлөөлсөнгүй. Буруутайг нь нотлох баримт хангалттай байв. Родерик Ковлиныг насаар нь хорих ял оноох шийдвэр шүүх гаргалаа.
Бэлтгэсэн: Р.Жаргалант