Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг сүүлийн жилүүдэд огцом өсөж буй ч хууль тогтоогчид энэ төрлийн гэмт үйлдэлд оноох эрүүгийн хариуцлагыг эрс хөнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, “цагаан тахал”-ын наймаачид, хэрэглэгч, зуучлагчдад оноох хорих ялын дээд хэмжээг гурван жилээр багасгаж, Эрүүгийн хуульд тусгасан нь мансуурагчид, түүний наймаачдын үйлдлийг өөгшүүлээд байгаа билээ. Ингэснээр дуучин Б.Амархүүгээс авхуулаад маш олон хэрэглэгч өнгөрсөн сард Хар тамхитай тэмцэх газраас явуулсан тусгай ажиллагааны үр дүнд нэг шөнө баригдсан. Тэдний дунд улс төрд өндөр албан тушаал хашдаг болон хашиж байсан хоёр ч эрхмийн хөвгүүд саатуулагдсан гэх мэдээлэл бий. Тэдэнд хариуцлага ногдуулах, эсэхийг цаг хугацаа харуулах биз. Харин дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх түүнд холбогдох хэргийг яаж шийдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байгаа.
Нэгэн шүүхийн Тамгын газрын ажилтан Т.Оюунболд дүүдээ эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхийг нийлүүлж, цааш нь заруулдаг байсан хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан илрүүлэн шалгасан юм. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн шүүгдэгч гурван залуугийн гомдлоор хэлэлцсэн байна. Т.Оюунболд тухайн шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж байсан мансууруулах бодистой холбоотой хэргийн эд мөрийн баримт болох хар тамхинаас нууцаар авч дүү Т.Ганзоригтоо өгдөг байжээ. Улмаар “шагнал”-д нь гурван сая төгрөг авсан гэнэ. Ахаасаа авсан мансууруулах бодисоо Т.Ганзориг найз Б.Мөнхсүхэд өгч байж. Нэг удаа Ж.Тэгш-Ерөөлтөд мансууруулах бодисоо Б.Мөнхсүх нь борлуулах гэж байгаад үйлдэл дээрээ цагдаагийнханд саатуулагдсан юм байна.
Дээрх дөрвөн хүнд НПГ-аас урьдчилан тохиролцож, бүлэглэн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Анхан шатны шүүхээс Т.Оюунболд, Б.Мөнхсүх нарт зургаа, Т.Ганзоригт дөрөв, Ж.Тэгш-Ерөөлтөд хоёр жил хорих ял оноожээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ч ямар өөрчлөлт оруулснаа шүүхийн Тамгын газрын ажилтан холбогдсон учраас нууцалж буй гэсэн.