Болд эхээс дөрвүүлээ, айлын том хүү. Муухайгаар хэлэхэд, багаасаа л аавынхаа гарын “чилээг” гаргасан. Эцэг нь бор дарсанд толгойгоо мэдүүлснээр ээжийг нь зодож, хүүхдүүдээ ч ийн тамлах болжээ. Сүүлдээ архидан согтуурах нь утгаа алдаж, орон байраа самардаг болсонд гэрийнхэн нь түүнийг Эрүүлжүүлэх байранд тушаан, нэг шөнийг ч болтугай амар тайван өнгөрүүлэх. Гэвч эцэг нь эрүүлжүүлэгдэж гарч ирэнгүүтээ л араа шүдээ “ирлэн”, цагдаад барьж өгсөн эхнэр, хүүхдэдээ өс санажээ. Эхнэр нь согтуу нөхрөө Эрүүлжүүлэх байрт өгөх бүртээ өөрийг нь болон хүүхдүүдийг нь хэрхэн тамлаж, зоддогийг хэлж байгаагүй нь хүчирхийллийг улам гааруулсан гэх. Энэ байдал удаан үргэлжилжээ. Хэсэг хугацааны дараа Болд нас биед хүрч, дүү нар нь ч том болсноор эцгийнх нь ааг омог аажмаар дарагдаж, элдвийн ааш гаргахаа больсон гэнэ билээ. “Ээж минь залуу сайхандаа бидний төлөө л тэр их зодуур, зовлон шаналлыг тэвчиж гарсан байх. Бидний хүүхэд насны аз жаргалыг архи л үгүй хийсэн” гэж Болд харамсдаг юм.
Албадан архиа гаргуулдаг хүмүүсийн 53 орчим хувь нь 25-39 насныхан. 2018 онд эрүүлжүүлэгдсэн “баатруудын” 76.1 хувь нь бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн байдлыг нь авч үзэхэд 80.8 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ
Болд, түүний ээж, дүү нарынх нь амссан зовлон зүдгүүр хэзээ ч илчлэгдээгүй гэр бүлийн хүчирхийллийн нэг л хэлбэр. Эцэг, эхээ, төрсөн хүүхдээ, ах, дүү, хамаатан саднаа хүчирхийлж, агсамнадаг этгээд нийгэмд олон. Сэтгэл судлаач нарын хэлж буйгаар эрүүлжүүлэгдсэн нэг хүний ард хүчирхийлэл нуугдахыг үгүйсгэхгүй гэх. Тэгвэл улсын хэмжээнд жилд дунджаар 85-120 мянган хүн Эрүүлжүүлэх байраар “үйлчлүүлдэг” гэсэн судалгааг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон өглөө. Өнгөрсөн онд гэхэд 85 840 хүн тэр байранд хоносны 55 хувь нь гэр, орон сууцаас, 33.5 хувь нь гудамж, талбайгаас хүргүүлж иржээ.
Үүнээс харахад олонх нь гэрээсээ, эсвэл өөр хэн нэгнийхээс баривчлагддаг байна. Зуун грамм “татсан”, ямар нэгэн хэл ам гаргаагүй хүмүүсийг, өөрөөр хэлбэл, зүгээр байхад нь гавлаагүй нь ойлгомжтой. Тэдний хэд нь ар гэртээ агсам тавьж, эцэг, эх, эхнэр, хүүхдээ айлгаж, ичээсэн бол. Статистик дүнгээр, албадан эрүүлжүүлэгдсэн арван хүн тутмын найм нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр төмөр торны цаана архиа гаргадаг гэнэ. Олонх нь Эрүүлжүүлэх байрны хөлсөө төлөөд, Зөрчлийн тухай хуулиар торгуулах үндэслэлтэй гэж үзвэл нэмж мөнгө тушаагаад гэртээ харьдаг. Эрүүлжүүлэх байруудаар “гэр хийдэг” нь ч цөөнгүй.
Баримтыг нягталбал, ҮСХ-ны “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” судалгаанд энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 78 300 хүн эрүүлжүүлэгджээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 16.9 мянга буюу 27.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 3142 болж, өмнөх оныхоос 42.9 хувиар нэмэгдсэн байна. Үүн дотор гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 789 хэрэг бүртгэгдсэн ч 229-ийнх нь эзэн холбогдогчийг л Эрүүгийн хуулиар шийтгэсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, 2019 оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн 229
хэрэг гарсан гэж бүртгэжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс бас л 27.2 хувиар нэмэгдсэн дүн юм. Хүчирхийлэгчдийг эрүүлжүүлэх нэрээр ганцхан хоног торны цаана хориод асуудал шийдэгдэхгүйг дээрх баримтууд гэрчлэх биз ээ. Эрүүлжүүлэгдсэн 85 000 хүнийг байг гэхэд ядаж олон удаа муу үйлдэл гаргасан хүмүүсийн ар гэрийнхнийг нь мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авч, судлах цаг болжээ.
Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэлзүйч М.Алтанцэцэгээс энэ талаар тодруулахад “Архи, согтууруулах ундаа, хар тамхи, интернэтийн гээд донтолтын үр дагавар адилхан. Өөрөөр хэлбэл, тархинд үзүүлэх нөлөө нь ижил бөгөөд үүнийг сэтгэл зүйн эмгэг гэж үздэг. Архинд донтсоноос амьдрал нь сүйрч байгааг мэдсэн хэрнээ өөрийгөө хянаж, татан авч чадахгүй байгаа нь сэтгэцэд нөлөөлсний илрэл. Донтох өвчин нь сэтгэл хөдлөл, мэдрэмж, зовиураа дарах, сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байх, асуудлаас зугтах, тайтгарал, эерэг мэдрэмжийг хүсэх зэргээс үүдэлтэй. Тэгэхээр архинд донтож, ар гэр, ойр дотнынхноо айлган сүрдүүлж буй хүмүүс үнэндээ сул дорой, сэтгэл зүйн хатгүй байдаг. Тиймдээ ч хүүхэд, эмэгтэйчүүдийг дээрэлхэж, хүчирхийлэх нь элбэг. Архинд донтох эмгэгийг “Өрхийн өвчин” гэж нэрлэх нь бий. Учир нь гэр бүлийн гишүүн бүр архинаас хамааралтай сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэл амсдаг. Тиймээс донтох эмгэгтэй хүмүүст нийгэмших, мэргэжилтэй, амьдралын утга учир, зорилготой болоход нь туслах юу юунаас чухал” гэсэн юм.
Албадан архиа гаргуулдаг хүмүүсийн 53 орчим хувь нь 25-39 насныхан. 2018 онд эрүүлжүүлэгдсэн “баатруудын” 76.1 хувь нь бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн байдлыг нь авч үзэхэд 80.8 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байжээ. “Баасан гаргаас бямбад шилжих шөнө хөл хөдөлгөөн ихсэж, Эрүүлжүүлэх байрууд ч олон “зочинтой” өнждөг” гэж боддог хүн цөөнгүй. Тэгвэл даваагаас мягмар гарагт шилжих шөнө хамгийн олон буюу 12 мянга гаруй хүн эрүүлжүүлэхэд хонодог юм байна. Харин мягмараас бусад гарагт өдөрт дунжаар 11 000 гаруй хүн эрүүлжүүлэгддэг гэсэн судалгаа гарчээ.
Эрүүлжүүлэгдсэн хүмүүс бүгдээрээ дунд, түүнээс дээш зэргийн согтолттой байдаг аж. Монголчуудын идээний дээж хэмээдэг архийг эрт цагт найруулахдаа галзуу цагаан арслангийн тархи, галзуу зөгийн бал, галзуу нохойн шүлс, догшин мунхаг зааны хөөс, хорт могойн хэл, шуламсын чөмөг, хүүр идэгч чонын нүд, үхээрийн мах, эм мангасын цус “хольж”, нэрсэн гэх домог бий. Тиймдээ ч архи уусан, донтсон хүмүүс эдгээр хортны есөн шидийн зан авир гаргаж, өөрийгөө болон өрөөлийг хорлодог гэдэг. Харин бид энэ ундаанд хэрхэн живж буйг илтгэх тоо баримтыг одоо дурдъя.
“Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал 2018” судалгаанд манай улсын согтууруулах ундааны үйлдвэрлэл 2017 онд 671 тэрбум төгрөгт хүрч, борлуулалт нь 740.9 тэрбум буюу 2008 оныхоос тав дахин нэмэгджээ. Ашиг, орлогоороо аж үйлдвэрлэлийн салбарын эхний зургаад бичигдэж байгаа нь юутай эмгэнэл гээч вэ. Дэлхийд 15-аас дээш насны нэг хүнд жилд дунджаар 6.4 литр архи ногддог бол манайд энэ үзүүлэлт 12.1 литр байна. Бүр нарийвчилбал, 2018 онд насанд хүрсэн нэг хүн жилд 39.1 литр шар айраг, 12.1 литр архи, 1.3 литр дарс “хэрэглэж” байгаа аж. Согтууруулах ундааны дотоодын үйлдвэрлэл, экспорт, импорт, борлуулалт зэрэгт тулгуурлан гаргасан дүн нэг иймэрхүү. Нийтээр нь тооцвол нэг хүний согтууруулах ундааны жилийн хэрэглээ 52.5 литрт хүрснийг дээрх судалгаанд өгүүлжээ. Үүнд сүүлийн арван жилд шар айргийн хэрэглээ хоёр, архиных 1.6 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн гэнэ.
Өөрөө уудаггүй ч архи, согтууруулах ундааны хамааралд өртөөгүй хүн Монголд бараг үгүй болжээ. Шинэ жил, Цагаан сар, наадам, байгууллагын ой, хурим, үсний найр, инээдмийн, аавуудын, ээжүүдийн, ургийн, цэргийн баяр, найз нөхдийн төрсөн өдөр гээд бидэнд “заавал” архи ууж, тэмдэглэдэг өдөр өчнөөн. Тиймдээ ч нэг хүн жилд 52.5 литр согтууруулах ундаа “уудаг” биз. Харамсалтай нь, монголчууд сархад тааруулж хүртэх соёлд суралцаагүйгээс өнөөдөр дайн дажинтай улсаас ч долоон дор болсон. Архины уршгаар олон мянган гэмт хэрэг, зөрчил гардгийг “Согтууруулах ундааны хэрэглээ, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал” судалгаанд ч дурджээ. Наад зах нь бие махбодын хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 62.2 хувь нь нөхөр, эсвэл хамтран амьдрагчтайгаа архи уусан, эсвэл согтуугийн улмаас гэмт хэрэгт өртсөн байдаг аж. Цаашлаад “хар ус”-наас болж зам, тээврийн осолд орох, явганаар машинд дайруулах, хүний аминд хүрэх, өөрөө хорлогдох зэргээр тоймгүй хохирол амсдаг нь гашуун ундаанаас татгалзах хангалттай шалтгаан.
ДЭМБ-ын мэдээлснээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас манай гарагт жилд гурван сая буюу нэг минут тутамд зургаан хүн нас бардаг аж. Тиймдээ ч улс, орнууд архинаас болж нийгэм, эдийн засагт нь гарч болзошгүй сөрөг нөлөөг бууруулахад анхаарч ирсэн. Тухайлбал, согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг хуулиар зохицуулж, худалдан авах боломжийг нь хязгаарлан, үнэ болон татварын механизмаар дамжуулан эрэлтийг бууруулж байна. Түүнчлэн архины хамааралтай хүмүүсийг үр дүнтэй эмчилж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхийг хянах хөтөлбөрийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээрээ дамжуулан хэрэгжүүлдэг жишиг бий.
Харин манай дотоодын зах зээл дэх согтууруулах ундааны хэмжээ (спиртийг оруулаагүй) 2008 онд 58.6 сая литр байсан бол өнгөрсөн жилд 131.9 сая болж 2.2 дахин нэмэгджээ. Түүнээс аймшигтай нь хүн амын архи, согтууруулах ундааны хэрэглээ үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүйгээр өсөж байна. Архидан согтуурах явдал утгаа алдаж, орон гэртээ хүчирхийлэл үйлдэн, торны цаана эрүүлждэг боллоо. Тиймээс салбар дундын оролцоог сайжруулж, урт хугацааны тогтвортой бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг албаныхан хэлсэн. Тухайлбал, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх замаар үнийг өсгөх нь манайхны нөхцөлд үр дүнтэй аж. 1990 оноос өмнө нэг шил архины үнэ талхныхаас 43-50 дахин өндөр байхад хэрэглээ бага байжээ. Түүнчлэн согтууруулах ундаа борлуулах цэгүүдийг стандарттай болгож цөөлөх, худалдах өдөр, цагийн хязгаарлалтыг нэмэх, албадан эрүүлжүүлэх хоногийн төлбөрийг үнийн өсөлттэй уялдуулан тогтоодог байх нь зүйтэй аж.