ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "МҮХАҮТ-аас цагдаагийн байгууллагад "Сүүлийн үед эх орон, байгаль орчноо хамгаалах нэрийн дор ТББ, бүлэг, холбоо, иргэний зүгээс бизнесийн тодорхой салбарууд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад дотоодын компаниудад дарамт шахалт үзүүлэх, дайрч орох, айлган сүрдүүлэх, бие болон нэр хүндэд нь халдах тохиолдол гарсаар байна. Үүнийг цаг алдалгүй шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцно уу" гэсэн албан бичиг ирүүлсэн. Үүний дагуу цагдаагийн байгууллагад холбогдох шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. ЦЕГ дуугүй байна гэдэг нь ажлаа хийхгүй байгаа гэсэн үг биш. Бид хийж буй ажиллагаа бүрийг олон нийтэд мэдээлэх боломжгүй, тэгээд ч хуулиар хориотой. Бид зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээлэл хийдэг. Мөрдөн байцаах үйл ажиллагаа нууцаар явагддаг гэдгийг олон нийт ойлгоосой гэж хүсэж байна.
Хэргийг авч үзвэл, сүүлийн үед хэрэгт яллагдагчаар татагдсан иргэд нийгмийн сүлжээг ашиглан, янз бүрийн мэдэгдлүүдийг хийж байна. Тодруулбал, байгаль дэлхийгээ хайрлаж, ард иргэдийнхээ төлөө явж байхад цагдаагийн байгууллага дарамталж, хууль бусаар мөрдөн шалгаж, хорьж байна гэсэн хэд хэдэн мэдэгдлийг цахим сүлжээгээр цацсан тул уг асуудалд товч тайлбар өгөх нь зүйтэй.
“Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Энэ хэрэг одоо шалгагдаж байгаа.
Мөн “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 14.1 буюу ялгаварлан гадуурхах, 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татаад байгаа. Дээрх хэргүүд прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул бид хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй.