Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас бэлтгэсэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст Монгол Улс өнгөрсөн оныхтой адил 70 дугаарт оржээ.
180 улсыг хамарсан уг жагсаалтыг Норвег улс гурав дахь жилдээ тэргүүлсэн бол эхний тавд Финланд, Швед, Нидерланд, Дани орсон байна. Манай хойд хөрш өмнөх оны үзүүлэлтээс нэг байр ухарч, 149 дүгээрт эрэмбэлэгдэв. Урд хөрш 177-д жагссан байна. Вьетнам, Хятад, Эритрей, БНАСАУ, Туркменистан 176-180-д бичигджээ. Нийт 180 орны ердөө 24 хувь нь сайн, хангалттай гэсэн ангилалд багтлаа. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 26 хувь байжээ. АНУ (48-д) гурван байр ухарч хэвлэл мэдээллийн орчин нь асуудалтай гэсэн ангилалд шилжжээ.
Өнгөрсөн оны аравдугаар сард Истанбул дахь Саудын Арабын (гурван байр ухарч 172-т) Консулын газарт болсон нийтлэлч Жамал Хашогги амь үрэгдсэн, Францад (нэг байр ухарч 32-т) урьд хожид үзэгдээгүй хүчирхийлэл дагуулсан шар хантаазтануудын жагсаалыг Хил хязгааргүй сурвалжлагчид онцолжээ.
180 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшнийг харуулдаг, 2002 оноос хойш жил бүр гаргаж буй индексийн хэмжүүрт олон ургалч үзэл, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, тухайн улсын цензур, эрх зүйн орчин, ил тод байдал, мэдээ, мэдээлэл бэлтгэхэд дэмжлэг үзүүлдэг дэд бүтцийн чанар зэргийг багтаадаг аж.