Францын шар хантаазтануудын эсэргүүцлийн хөдөлгөөн улсынхаа олон бүс нутагт жагсаал, цуглааны гурав дахь сарыг өнгөрөгч бямба гарагт эхлүүллээ. Энэ өдөр долоо хоногийн өмнөхтэй адил 84 мянга шахам хүн жагссан байна. Тэд татварын эсрэг уриа, лоозон барьж, иргэний санаачилгын бүх нийтийн санал хураалт явуулахыг шаарджээ.
Парист жагсагчид цагдаагийнхантай зөвшилцсөн маршрутаар анх удаа явсан аж. Энэ үеэр бага хэмжээний мөргөлдөөн гарсан гэнэ. Улс даяар хэв журам сахиулахын тулд Засгийн газар нь 80 мянган цагдаа дайчилсны 5000 нь нийслэлдээ ажиллажээ.
Парист жагсаал дуусахын үед түрэмгий оролцогчид нь зөвшөөрөлгүй гудамж руу орох гэснийг цагдаагийнхан зогсоох үед эмх замбараагүй байдал үүсэж, хууль сахиулагчид нулимс асгаруулах хий, даралттай ус, резинэн сум хэрэглэсэн гэнэ. Нийслэлд 42 хүн саатуулагдсаны 36, тэдний дотор өсвөр насны хоёр хүүхдийг цагдан хориход хүрчээ.
Засгийн газар нь ирэх гуравдугаар сарын дунд хүртэл Францын хотуудаар болон нийгмийн сүлжээгээр дамжуулан явуулах хэлэлцүүлгийн дүнгээр нийгэм, эдийн засгийн шинэ арга хэмжээгээ зарлах хүртэл шар хантаазтанууд эсэргүүцлээ зогсоохгүй хэмээн ажиглагчид үзэж байна.