Үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нар “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилга хамтарсан бүтээлээрээ Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн БАЛДОРЖ шагналын 2018 оны 10 дахь удаагийн шалгаруулалтын Гран при шагналын эзэд, БАЛДОРЖ шагналтан боллоо.
Ж.Сувдмаа МУИС-ийг утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2015 оноос “Монгол ньюс” ХХК-ийн “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны сурвалжлагчаар ажиллаж байна. Сэтгүүлч Т.Энхбат “Оюуны өргөө” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн эдийн засгийн сэтгүүлчдийн мэргэшсэн курс төгссөн. 2013 оноос “Өнөөдөр” сонинд Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албаны тоймчоор ажиллаж байна. МСНЭ-ийн “Ган үзэгтэн” шагналтан, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан тэрбээр 2014, 2017 онд БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-ын нэгээр тодорч байлаа.
Т.Энхбат нэгэн редакцад хамтран зүтгэгч сэтгүүлч Ж.Сувдмаатай хамтарч бэлтгэсэн “Хариуцлагатай уул уурхайн эрэлд” цуврал сурвалжилгын зэрэгцээ “Уул уурхайтай ханилсан орчин цагийн малчин” сурвалжилгаараа БАЛДОРЖ шагналтан боллоо.
БАЛДОРЖ шагналын энэ оны 10 дахь удаагийн шалгаруулалтын дэд байрыг МҮОНРТ-ийн Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Лхагвасүрэн нарын гишүүнтэй эрэн сурвалжлах мэдээллийн “Баримт” нэвтрүүлгийн баг “Хүний эрх” сэдвээр эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлгээрээ эзэллээ.
БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-ыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилга болон “Амьдрал сайн уу” цуврал нийтлэлээрээ тэргүүлэв. “Шилдэг 10”-ын удаах есөн байрт ямар хэвлэл мэдээллийн байгууллагын хэн гэдэг сэтгүүлч шалгарч, шагналын тайзнаа хүндэтгэлтэйгээр нэрээ дуудуулсныг мэдээлье.
“ТВ-9” телевизийн сэтгүүлч Д.Ганзориг “Хасах градус:Алт дагасан харуусал буюу гэрийн буурины эрх мэдэл” цуврал, “Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн” нэвтрүүлгээрээ БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-ын хоёрдугаарт жагслаа. “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” нийтлэл, “Зургаан настай Баяндүүрэнгийн сургуульдаа хүрэх зам” сурвалжилгаараа БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-ын гуравдугаар байрыг эзэлсэн. Тэрбээр “Орхон гол уйлж, алтны компанийнхан туйлж байна” бүтээлээрээ 2016 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг арав”-т орж байсан бол “Нулимстай бөхөн”, “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” бүтээлээрээ сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн эзэн болж, Гран при шагнал хүртэж байлаа.
“MN 25 дугаар суваг” телевизийн найруулагч Д.Эрдэнэбаяр, нэвтрүүлгийн албаны сэтгүүлч, редактор Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, зураглаач Г.Нацагдорж нарын бүрэлдэхүүнтэй баг “Нэг удаа” үндэсний контент:Монгол, Солонгост нэг удаа” телевизийн цуврал нэвтрүүлгээрээ энэ удаагийн шалгаруулалтын “Шилдэг 10”-ын дөрөв, “Монголын медиа корпорац”-ын сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй Монгол” цуврал нийтлэлээрээ шалгаруулалтын тавдугаар байрыг эзэлсэн юм.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго “Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрхийг олгоё”, “Аврал эрсэн зэрлэг амьтдыг хамгаалъя” цуврал нийтлэлээр БАЛДОРЖ шагналын “Шилдэг 10”-ын зургадугаарт, “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэг “Харилцуурын цаадах нулимс”, “Гурван сая иргэнээ хар тугалгатай махаар хооллодог 60 сая малтай Монгол” нийтлэлээрээ долдугаар байрт жагслаа.
“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчуудын нэг өдөр” сурвалжилгаараа энэ удаагийн шалгаруулалтын “Шилдэг 10”-ын наймдугаар байрт оров. Тэрбээр “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дууслаа”, “Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог” буюу Хануйн бага сургуулийн сурагчид” нийтлэлээрээ БАЛДОРЖ шагналын 2015 оны Гран при шагналыг хүртэж байсан юм.
“МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Б.Алтанхуяг “Аниргүйн гүн дэх эх цаг хугацаа” цуврал ярилцлага, “Өөрийгөө үл тоон бусдын өмнөөс дуугарах нь сэтгүүлчийн үүрэг болохоос, сэтгүүл зүй карьер хөөдөг салбар биш” нийтлэлээрээ шалгаруулалтын “Шилдэг 10”-ын есдүгээрт бичигдсэн бол “Блүүмберг” телевизийн сэтгүүлч Н.Хонгорзул “Монголд үйлдвэрлэв” телевизийн цуврал нэвтрүүлгээрээ шалгаруулалтын “Шилдэг 10”- ын аравдугаарт жагсав.
Шагнал гардуулах ёслолоос хийсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг маргаашийн дугаараас уншаарай.