Монголын өдөр тутмын сонинуудын холбоо хоёрдугаар форумоо өчигдөр хийлээ. Энэ удаагийн форумыг Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын сэтгүүлчдийн байгууллагыг удирдаж, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр хамгийн олон жил ажилласан, төр, нийгмийн зүтгэлтэн Цэндийн Намсрай агсны нэрэмжит болгон зохион байгуулав. Ц.Намсрай агсны мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй агаад тэмдэглэн өнгөрүүлэхээр санаачилсан олон ажлын нэг нь энэ юм.
Монголын хэвлэлийн зах зээлд ажиллаж, олон нийтийг мэдээ мэдээллээр хангаж буй бүх л өдөр тутмын сониныг эгнээндээ багтаасан тус холбооныхон сэтгүүлчдийнхээ дунд явуулсан санал асуулгаар тодруулсан бодлого, хандлага, чиглэлийг нь өөрчлөх, хөгжүүлж, сайжруулах учиртай тулгамдсан 10 асуудлыг хоёрдугаар форумоороо хэлэлцэв. “Хүүхэд хамгаалал”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Монголчуудын эрүүл мэнд”, “Эдийн засгийн хөгжил: Ядуурал, ажилгүйдэл”, “Дотоодын аж үйлдвэрлэл”, “Монгол иргэдийн хүнсний аюулгүй байдал”, “Сургууль, цэцэрлэг болон орон сууцны хүртээмж”, “Нийгэмд нүүрлэсэн хар тамхины эрсдэл”, “Боловсролын тогтолцооны гажуудал, тулгамдсан асуудал” гэсэн сэдвээр үйл явдлын мөрөөр орж, үнэн мөн, ончтой шийдлийг олон нийтэд хүргэхээр нийтлэл, сурвалжилга бэлтгэдэг сэтгүүлчид өөрсдөө илтгэл хэлэлцүүлсэн нь зөвхөн дарга, захирлууд ярьж, байр сууриа илэрхийлдэг чуулга уулзалт, хэлэлцүүлгээс ялгаатай байлаа.
“Хүүхэд хамгаалал” сэдвээр илтгэсэн манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг хүүхдийн эрхийг хамгаалахад хамгийн ойр ажилладаг хороо, сумын хамтарсан багт нэг ч төгрөгийн төсөв байдаггүйгээс гар мухар суудгийг тодотгосон. Өнчирч хоцорсон, харж хандах хамаатан садангүй хүүхдийг асрамжийн төвд хүргэж өгөх ч шатахууны зардал байдаггүй гэхээр манай улс ирээдүй хойч болсон үрсээ хамгаалж, өмгөөлөх бодлогоор дутмаг байгааг харуулж буй хэрэг аж.
Түүний дараа “Өдрийн сонин”-ы албаны дарга Н.Гантулга “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвийг хөндөв. Нийгмийн сүлжээ хүч түрэн хөгжиж, хэрэглэгчдийн тоо олшрох тусам цахим орчин ашиглаж үйлдэх гэмт хэргийн тоо өссөн. Мөн нийгмийн сүлжээгээр бие биенээ ялгаварлан гадуурхах, нэр хүндийг нь гутаах тохиолдол газар авч байгаа. Ялангуяа үзэл бодол нь төлөвшиж, ухаан нь тэлээгүй багачууд нэгийгээ бүлэглэн доромжлох, эвсэл ашиг хонжоо харсан, гаж араншингаа гүйцэлдүүлэх гэсэн томчуулын зохиос болох тохиолдол хэд хэд гарсан.
Нийгмийн сүлжээгээр үеийн нөхдөдөө бусармаг үгээр доромжлуулсан өсвөр насны охин амаа хорлосон эмгэнэлтэй хэрэг явдал гараад удаагүй байна. “Нийгмийн сүлжээний хар сүүдэр нялх балчир үрсийг дайрч буй нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг” гэж Н.Гантулга дүгнэсэн. Зарим нэгэнд хэт сүржин дүгнэлт гэж санагдаж магадгүй ч энэ бол хараа хяналтаасаа гаргаж болохгүй, байнга анхаарч, цагдаж байх сэдэв яах аргагүй мөн.
“Нийгмийн шуудан” сонины ерөнхий эрхлэгч С.Энхтуул “Монголчуудын эрүүл мэнд” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Элэгний, ходоодын хорт хавдар гэх өвчнөөр монголчууд ид хийж бүтээх насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлэх тохиолдол газар авсан. Энэ талаар хэвлэл мэдээллийнхэн байнга хөндөн бичиж, Засгийн газраас өвчний тархалтыг зогсоох, эмчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах болов.
Тэгвэл илтгэгч маань олон нийтийн төдийлөн анзаарч харахгүй байгаа өвчний талаар хөндөхийг салбарынхандаа уриаллаа. Энэ бол сүрьеэ юм. Амьсгалын замаар, өөрөөр хэлбэл агаараар халддаг энэ өвчнийг нэг танхимд хамт суусан хүн нь тусах боломжтой. Нас баралтаараа эхний 10-т ордог сүрьеэ өвчний халдварыг 2017 онд 3779 хүн авсан гэсэн статистик гарчээ. Сүрьеэ туссан хүн өвчнөө жилд 15 “найздаа” халдаадаг гэсэн судалгаа бий.
Эмнэж домнон, тархахаас хамгаалахгүй 2019 он гэхэд 850 мянган хүн сүрьеэтэй болох магадлалтай аж. С.Энхтуул үүнээс гадна үндэсний аюулгүй байдалд үнэхээр аюулын харанга дэлдээд буй тохиолдлыг хөндсөн. Үргүйдэлд манай улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 15 хувь нь өртжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн нэлээд хэсэг нь хүүхэд төрүүлэх боломжгүй болсон гэсэн үг. Олон улсад эмэгтэйчүүдийнх нь 15 хувь үргүйдсэн орныг “мөхөж буй” гэж тодорхойдог юм байна. Хаяанд ирсэн аюул харанга дэлдэж эхэлснийг бүртгэж суух биш, эмчлэх арга, урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэх цаг нь иржээ.
Удаах илтгэгч Г.Байгаль “Ядуурал, ажилгүйдэл”-ийг хөндөв. Улстөрчид энэ сэдвийг хамгийн их ярьдаг ч багасгах, бууруулах арга ухааныг өдий хүртэл олж чадаагүй байна. Гурван монгол хүн тутмын нэг нь ядуу амьдардаг. Иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй байгаа учраас ядуурал буурдаггүй. Эдийн засгийн өсөлт нь тогтворгүй, хөрөнгө оруулалтын орчин муутай манай оронд ажлын байр нэмэгдүүлэх нь нэлээд бэрх шийдэл.
Монгол Улсын төсөв 1995 онд 144.5 тэрбум төгрөг байжээ. Тэгвэл 2017 онд 7.9 их наяд болов. “Эдийн засаг ийн тэлсээр байгаа ч ядуурал 30 хувиас буурахгүй олон жил дамнан үргэлж буй нь ямар учиртай вэ” гэсэн асуултыг “Засгийн газрын мэдээ” сониныг төлөөлөн илтгэсэн сурвалжлагч Г.Байгаль тавьж байна. Зөвхөн том пүүс, корпорацуудад биш, иргэддээ эдийн засгийн өсөлтийг хүртээх талаар арга хэмжээ авах шаардлагатайг хөндөн нийтлэх нь зүйтэйг хэн ч үгүйсгэхгүй биз.
“Монголын үнэн” сонины албаны дарга Д.Мөнхжаргал “Монгол иргэдийн хүнсний аюулгүй байдал” сэдвээр илтгэлээ. Тэрбээр импортын хүнс чанарын шаардлага хангахгүй байгааг онцолсон юм. Манай улс хэрэглэх хүнсний ногооныхоо 50 орчим хувийг өмнөд хөршөөсөө импортолдог. Хятадууд ногоогоо химийн бордоогоор “бордож” ургуулдаг учраас элдэв өвчин үүсгэх нянтай байдаг нь хайхрахгүй өнгөрөөх асуудал яавч биш.
Д.Мөнхжаргал хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд эх орныхоо газрын хөрсөнд ургасан хүнсний ногоог хэрэглэх шаардлага тулгарсныг сануулав. Гэтэл манайд үйлдвэрлэл төдийлөн өргөн далайцтай хөгжөөгүй. Үүнийг “Засгийн газрын мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Дуламхорлоогийн “Дотоодын аж үйлдвэрлэл” илтгэлдээ дурдсан статистик баримт бэлхнээ харуулав. Манай улс энэ оны эхний найман сард 3.8 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолжээ. Харин дотооддоо 1.4 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээгээр манай улс дэлхийн 144 орноос 109 дүгээр байрт оржээ. Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын үйлдвэрлэл жилд 86 ам.доллар байгаа аж. Япон улсынх 7374 “ногоон”-д хүрсэнтэй харьцуулбал, манай үйлдвэрлэлийн хөгжил дэндүү дорой юм.
“Зууны мэдээ” сонины сурвалжлагч С.Уянга “Нийгэмд нүүрлэсэн хар тамхины эрсдэл”-ийг салбарынхандаа “тайлагнав”. 10 жилийн өмнө хар тамхийг чинээлэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хэрэглэдэг гэсэн ойлголттой байсан. Тэгвэл өдгөө “Цагаан тахал” айл бүрийн хаалгыг тогших болсныг С.Уянгын танилцуулсан статистик мэдээлэл харууллаа. Санал асуулга явуулахад дөрвөн сурагч тутмын нэг нь хар тамхи хэрэглэж үзсэн гэж хариулжээ.
Энэ нь 130 мянган хүүхэд хар тамхи хэрэглэж үзсэн гэсэн үг юм. Ангиараа хар тамхи татсан тохиолдолд ч гарсан байна. Тэрбээр “Цагаан тахал” залуу үед заналхийлж байна гэж онцолсон. Үнэхээр ч тийм аж. Мэргэжилтнүүд хар тамхинд орсон хүнийг эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх нь зардал багатай гэж үздэг. Мөн гэр бүлийн гишүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт нь хар тамхинаас хүүхдүүдээ хол байлгахад нэн чухал гэнэ.
Форумын хамгийн сүүлчийн илтгэлийг “Үндэсний шуудан” сонины Ерөнхий эрхлэгч Э.Даваахүү “Боловсролын тогтолцооны гажуудал, тулгамдсан асуудал” сэдвээр тавилаа. Тэрбээр сурагч болохдоо анх монгол бичгээр сурчээ. Тэгээд хожим кирилл үсэг сурсан байна. Өөрийн жишээгээр тэрбээр боловсролын тогтолцоо байсхийгээд өөрчлөгдөж, чанар нь муудаж байгааг онцолсон юм. Боловсролын тогтолцоог хэн хүнгүй хөндөн ярьж, шогширч байгаа ч төр засгаас дорвитой шинэчлэл хийж чадахгүй байгаа. Тиймээс өдөр тутмын сонинуудын хэзээ ч орхиж болохгүй сэдэв мөн.
Өдөр тутмын сонинуудын холбооны Ц.Намсрайн нэрэмжит хоёрдугаар форумын хэлэлцүүлэгт нийтлэлч Баабар, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, Itoim сайтын эрхлэгч Г.Отгонбаяр нар оролцов. Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан “Сурах бичигт хурга, ишиг гэх мэт монголын ахуй соёлыг харуулсан жишээ зураг тавихаа больсон.
Муурын зулзагын зургийг 20 гаруй оруулсан байна. Энэ бол гажуудал, хүүхдийн сэтгэлгээнд өөрчлөлт хийх гэсэн оролдлого” гэж шүүмжилсэн. Тэгвэл Э.Сонинтогос сэтгүүлчдийг сургалтын төлбөр гэх мэт сэдвээс хальж, боловсролын тогтолцооны агуулга руу орж нийтлэл, сурвалжилга бэлтгэхийг захив. Форумын хэлэлцүүлэгт оролцогчид сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны талаар тус тусын байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандсан ч хөгжлийн жамаар явж байгаад засарна гэж хараад суухын оронд хөндөн бичиж, олон нийтэд зөв ойлголт төлөвшүүлэх нь зөв гэдэгтэй санал нэгдэж байлаа.