Урин дулааны улирал айлчилж, хөрс гэсэж байгаа нь авто зам эвдрэх орчин нөхцөл бүрдүүлдэг тул том оврын авто машин болон хүнд даацын автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг Замын цагдаагийн албанаас өнөөдөр мэдэгдлээ. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр аймаг, дүүргийн Мэргэжпийн хяналтын алба, Автотээврийн үндэсний төвийн салбар, Автозамын асуудал хариуцсан нэгжүүдтэй хамтран өнөөдөр буюу 3-р сарын 20-ноос эхлэн нэг сарын хугацаанд хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулах гэнэ.
Энэ талаар ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Мөнхгэрэл "Олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор тухайн авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн буюу Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS 4595:2011 стандартын 4.8-т “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүй байна” гэсэн заалтыг зөрчсөн, овор хэмжээ, даацтай тээврийн хэрэгслийг хатуу хучилттай авто замаар зорчуулахгүй хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлдэг.
Иймд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн овор, хэмжээ даацтай тээврийн хэрэгсэлтэй тогтоосон хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг жолооч нарт анхааруулж байна.
Хүнд даацын авто машин ихээр зорчдог замууд дээр тухайлбал Шувуун фабрик, Өлзийт хороолол орчимд гурван пост гаргаж, нэг цэг дээр цагдаагийн гурван албан хаагч ажиллана" гэлээ.
Мөн нийслэл хотын нутаг дэвсгэрт
-
Дугуйгаа цэвэрлээгүй зам бохирдуулах,
- Ачааны автомашинаар барилгын материал, хог хаягдал, хөрс шороог тээвэрлэхдээ ачааны автомашины тэвшийг даац хэтрүүлэх зорилгоор үйлдвэрийн хийцийг өөрчлөн өндөрлөх,
- Авто замаар зорчихдоо зориулалтын хучлага, бүтээлэггүй зорчих, тээвэрлэж байгаа ачаагаа зам дээр асгах,
- Контейнер тээвэрлэж байгаа ачааны автомашины тэвшний зориулалтын бэхэлгээ, түгжээг хийхгүй тээвэрлэх зэрэг зөрчлийг гаргаж байгаа тул энэ чиглэлийн зөрчлийг арилгуулж, цааш хөдөлгөөнд оролцуулах чиглэлд анхаарч ажиллах юм байна.