Хар тамхи, мансууруулах бодис хил нэвтрүүлдэг, бэлдмэлийг нь боловсруулдаг, худалдан борлуулдаг бүлгийг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчидтай хамтран өнгөрсөн долоо хоногт баривчиллаа. Бидэнд олдсон мэдээллээр энэ сарын 14-нд есөн залууг мансууруулах бодис худалдаж, худалдан авч байхад нь саатуулсан аж.
Тэдний дотор өмнө нь хар тамхи хил нэвтрүүлж, худалдсан хэргээр Баянгол дүүргийн шүүхээс 10 жил нэг сар хорих ял шийтгүүлсэн Б.Явуухулан гэх эр байжээ. Тэрбээр хорих ял эдэлж байхдаа оргосон хүмүүсийн нэг гэдгийг баттай эх сурвалжууд хэлэв.
Түүнээс гадна Европын холбооны улсуудаас хар тамхи оруулж ирдэг байж болзошгүй хэрэгт 10 гаруй хүн саатуулсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулахад “Бээжин” гэх хочтой Баяраа тэргүүтэй 10 гаруй залууг энэ сарын эхээр баривчилсан. Тэднийг Европын холбооны улсуудаас “мөс” оруулж ирж байж болзошгүй гэж сэжиглэж буй ч мөрдөн байцаалтаар хангалттай нотлогдоогүй. Тэднийг саатуулан шалгаж байгаа” гэсэн юм.
Энэ он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүнийг шалгаж буй бөгөөд зөвхөн гуравдугаар сарын 16-ны байдлаар 28 хүн хар тамхи хэрэглэж, худалдаж байгаад баригджээ. Тэдний дотор каннабис хэмээх олсны ургамал боловсруулан, хар тамхи хийж зардаг хүн ч бий гэнэ.