“Жаст групп” компанийн захирал Ш.Батхүүг АТГ-ынхан уржигдар 20.00 цагийн үед цагдан хорьж, “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Зарим цахим хуудсанд болон зурагтаар тэднийг нэг хэрэгт холбогдуулсан гэх мэдээлэл цацаж буй. Тэгвэл тэдний хэрэг тусдаа гэдгийг эх сурвалжууд нотолж байна. Ш.Батхүүгийн хувьд Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авахдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан их хэмжээний өрөнд оруулж, түүнийг Монгол Улсын Засгийн газар төлөх болсон, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шалгуулж эхэлсэн.
Уг банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан, эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан зэргийг шалгаж байгаа юм. Үүнээс гадна өөр олон нөхцөл байдал шинээр илэрсэн тул цагдан хорих саналаа мөрдөгчид прокуророор дамжуулан шүүхэд өнгөрсөн долоо хоногт гаргасан аж.
Шүүх мөрдөгчдийн саналыг хэлэлцэх болоход Ш.Батхүү янз бүрийн арга хэрэглэж, цагдан хоригдохгүйг хичээжээ. Бидний авсан мэдээллээр цагдан хорих, эсэхийг нь шийдвэрлэх шүүгчээс тэрбээр татгалзсан аж. Тиймээс баасан гаригт энэ асуудлыг хэлэлцэлгүй, уржигдар шийдвэр гаргасан гэнэ. Үүнээс өмнө Ш.Батхүү прокуророос татгалзаж, нэг удаа шүүх хурлыг хойшлуулж байсан гэх мэдээлэл бидэнд ирлээ.
Түүнийг цагдан хорих шийдвэр гарсантай холбоотойгоор эрүүл мэндийнх нь асуудлыг ар гэрийнхэн, өмгөөлөгч нар нь тавьж, батлан даалтад гаргахаар хөөцөлдөж буй гэнэ. БНН-ын дарга Б.Жаргалсайхан олон нийтийн сүлжээнд “Ш.Батхүүг шоронд хийх нь зөв. Гэхдээ нас баруулж болохгүй гэдгийг хууль хяналтынхан анхаарч байгаа биз. Энэ хүнийг үхчихвэл олон хүн аврагдаж, шударга ёс улам бүдгэрнэ” хэмээн өчигдөр бичсэн байв.
Үүнээс гадна Ш.Батхүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг хэвлэлд “Миний гарын үсэг биш байсныг тогтоосон” гэх мэдээлэл өгч байгаа юм.