Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ж.Жанболатаас малын хулгайн хэргийн талаар тодрууллаа.
-Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын малчны адууг тува иргэд хулгайлсан хэрэг гарчээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ногооннуур сумын VIII багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан гэсэн гомдол өнгөрсөн сарын 26-нд цагдаагийн байгууллагад ирсэн. Тус сумын Цагдаагийн тасаг, Хилийн цэргийн 0285 дугаар ангийн алба хаагчид хамтран малын хулгайчийг эрэн сурвалжилсан. Тухайн өдрийнхөө 15.00 цагийн үед тус сумын VIII багийн нутаг, Асгат гэх газраас ОХУ-ын Тувагийн дөрвөн иргэн хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсныг саатуулж эрүүгийн хэрэг үүсгээд байна.
-Хэчнээн тооны адуу байсан юм бол?
-Иргэн А “3-4 адуу алдсан” гэж манайд хандсан ч өөр олон тооны адуу хулгайлсан байж болзошгүй. Энэ хэргийг харьяаллынх нь дагуу тагнуулын байгууллагын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Өмнө нь адуу малаа алдсан, эрүүгийн хэрэг үүсгээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдтэй холбоотой байж болзошгүй гэж сэжиглэн, шалгаж байна. Тэд хилийн зурвасаас нааш 30 орчим км газар алхаж ирсэн юм билээ.
-Зэвсэглэсэн байсан гэж сонссон. Үнэн үү?
-Тэднийг саатуулахад биеэс нь хутга гарсан. Гэхдээ зэвсэглэсэн гэж хэлж болохгүй байх. Хүний биед эрсдэл учруулахаар авч явсан уу, өөр зорилготой юу гэдгийг шалгаж байгаа.
-Өмнө нь ингэж хил нэвтэрч мал хулгайлсан хэрэг гарч байв уу. Танай аймагт мал хулгайлах хэрэг хэр гардаг вэ?
-Өнгөрсөн онд мал хулгайлсан хэрэг 17 удаа гарсны хоёр нь хил дамнасан байсан. Энэ нь өмнөх жилийнхээсээ хоёр хэргээр нэмэгдсэн дүн юм. Ер нь хил дамнасан малын хулгайн хохирол их гардаг. Бод малыг олон тоогоор хил давуулах нь бий.