С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн уг хэргийг захиалгат хэрэг байсан гэж үзэн өнөөдөр хэвлэлд мэдээллээ.
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн худал хуурмаг шүүх хурал болоод өнгөрсөн. С.Зоригийн хэргийн талаарх шүүх хурлын эмгэнэлт жүжгийг ард түмэн бүгд мэдэж байгаа байх. Х.Амгаланбаатар гэж алуурчны үгээр гэм буруугүй үрийг нь минь хилс хэрэгт тохож байна. Энэ бол Ц.Элбэгдорж, Хурц, Улсын ерөнхий прокурорын зохиомол захиалгат жүжиг гэдгийг ард түмэндээ сонордуулъя. Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж худлаа зүйл яриулаад түүнийгээ эвлүүлээд нотлох баримт гэж хэлж байгаа. 14 мянган хуудас хэргийн материалыг ил болгочихлоо гээд байгаа юм. С.Зоригийн хэргийн материалыг ил болгосон юм байхгүй, харин ч өөрсдийнхөө асуудлыг нууцын зэрэглэлд оруулсан" гэв.
Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат "Х.Амгаланбаатар хүн амины хэрэг үйлдэж бүх насаараа ял авсан. Дээд ял авсан тул дахиж ял нэмэх ч арга байхгүй. Тиймээс яасан ч яахав гэсэн сэдлээр хоёр гэм буруугүй хүнийг хэрэгт холбогдуулсан. Энэ хүн дүүгийн минь гэрийг ухаж гурван бурхан хулгайлж байсан удаатай. Энэ талаар цагдаад мэдэгдэж хэл ам хийсэнд өш санаж ийн явж байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хэвлэлд нотлогдсон баримттай гэж хэлээд, огт үндэслэлгүй зүйлүүдийг ярьж байна. Түүний яриад байгаа зүйлүүдэд үзүүлэх баримт байхгүй. С.Зоригийн гэргий Булган гэдэг эмэгтэйг гэрчээр оруулахгүй байж, байсан байгаагүй нь мэдэгдэхгүй байрны гадаа сууж байсан гэх хүмүүсийг шүүх хурал дээр гэрчээр оруулсан. Гэрч биш хүнээр ам зураг гаргуулсан.
С.Зориг агсныг нас барсны дараа Булган ам зураг гаргаж өгсөн байдаг. Эрэгтэй нь намхан, эмэгтэй нь өндөр гэсэн. Гэтэл манай дүү Чимгээ Содномдаржаагаас намхан.
Прокурорынхны ярьж байгаагаар Содномдаржаа, Амгаланбаатар, Чимгээ нарыг нэг нутаг усныхан, найзууд гэсэн байгаа юм. Нэг нутаг ус гэдэг нь үнэн гэхдээ Амгаланбаатар, Содномдаржаа нар найман насны зөрүүтэй.
Б.Хурц Тагнуулын Ерөнхий газрын дарга болонгуутаа Ц.Элбэгдоржийн захиалгаар энэ хэргийг сөхөж Х.Амгаланбаатар гэдэг яахаас ч буцахгүй гэмт хэрэгтэнд зохиомол хэрэг нэмэн гэмгүй иргэдийг хилсдүүлж байна гэж үзэж байна. Дүү минь хорин жилийн ял авсан. Нотлох баримт үндэслэлгүй байхад ингэж болохгүй" гэв.