Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинтэй нэр холбогдоод байсан Г.Сарангэрэл дахиад хар тамхины хэргээр саатуулагдсан тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр ЭЦА-ныхан мөрийтэй тоглоомын газруудад шалгалт хийж, тэнд мансууруулах бодис зарж борлуулж, хэрэглэж байж болзошгүй хүмүүсийг шалгахад Г.Сарангэрэл баригдсан гэнэ. Түүнээс тухайн үед шинжилгээ авахад шээснээс нь “мөс” илэрсэн аж. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газарт Г.Сарангэрэлийг шалгаад хар тамхи хэрэглэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан. Тэрбээр Баянгол дүүрэгт 10-аад хүний хамт “мөс” гэх бодис хэрэглэсэн хэмээн баригдаж ирсэн байсан. Түүнийг цагдан хорьсон гэх яриа гарсан нь ташаа” гэсэн юм.
Г.Сарангэрэл 2014 оны гуравдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Майами” зочид буудлын гадаа, автомашин дотор Х.Гэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх охидын хамт “Метафетамин” буюу “мөс” хэмээх мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт үйлдэл дээрээ баригдан цагдан хоригдож байсан юм. Тухайн үед цагдаагийнхан хар тамхи худалдаж авдаг хүнийг нь тогтоохоор ажиллаж байхдаа Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй харилцаатай болохыг гар утасных нь хандалтаар баталсан бөгөөд Г.Сарангэрэл ч “Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Би Х.Тэмүүжинтэй унтсан. Сайн ах гэж боддог. Ажлын байран дээр нь хүртэл очиж байсан” хэмээн ярьж байсан юм.