Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сар шинийн баярын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж нийслэлийн 9 дүүргийн улсын ахлах байцаагчид ажилласан тайлангаа өнөөдөр мэдээллээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 138 аж ахуйн нэгж, 239 иргэнийг хамруулан худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ.
Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөв.
НМХГ-ын улсын ахлах байцаагч О.Нямдаваа "Шалгалтын явцад хуурамч, тодорхойгүй хаяг шошго наах, ил задгай сүү сүүн бүтээгдэхүүн зарах, ус холих, хортон шавжтай бүтээгдэхүүн борлуулах зэрэг хэрэг зөрчил гарч байгаа тул худалдан авч буй иргэд анхааралдаа авахыг санууллаа" гэв.
Гэрийн нөхцөлд хийсэн бүтээгдэхүүнээ "Urbanik", "Bagro"-ын савлагаанд хийн зарж байна.
Лабораторын шинжилгээгээр хар чавганаас хорио цээртэй хортон шавж илэрсэн: Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлаас хийсэн шалгалтаар 24 дээж шинжилгээнд хамруулахад 23 нь стандартын шаардлага хангасан бол нэг дээжинд хорио цээртэй хортон шавж илэрсэн. Шаардлага хангаагүй 7кг хар чавгыг хурааж устгажээ.
Хэвийн боов зарахдаа бусдын брэнд болсон хаяг шошгыг ашиглаж байсныг илрүүллээ. Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр НМХГ 87 дээж шинжилгээнд хамруулахад чанарын стандарт хангаж байгаа ч хаяг шошгоны асуудал гарлаа. Тодруулбал "Гандангийн шар тостой хэвийн боов" гэж худал шошготой савлаж гандангийн ойр хавьд борлуулж байжээ.
Сүү цагаан идээ ил задгай борлуулж байна.
Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт өгөх зорилгоор 17 цэгт шалгалт хийж, 16 дээжийг авснаас 3 дээжинд усны хольцтой, нян судлалын шинжилгээгээр 2 дээж бруцеллёзын үүсгэгч илэрсэн.