Буу болон хутгаар зэвсэглэж, цагдаагийн ажилтнуудыг буудна гэж сүрдүүлэн зугтсан этгээдийг ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд хамтран шуурхай ажиллан уржигдар шөнө баривчиллаа. Булган аймгийн Баяннуур сумын хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч Б.Батхүү, цагдаа зохицуулагч, ахлах ахлагч Б.Мөнх-Оргил нар замын цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байхдаа энэ сарын 20-ны 19.45 цагийн үед “Тоёота Ландкруйзер-70” маркийн автомашиныг зогсоожээ.
Уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан хүний үнэмлэхийг шалгахад Төв аймаг дахь Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсан Г болох нь тогтоогдсон гэнэ. Цагдаагийн дээрх хоёр алба хаагч сэжигтнийг саатуулах гэтэл Г машиндаа суун зугтсан аж. Түүнийг ийн зугтмагц Төв аймгийн Цагдаагийн газар руу мэдээлэл өгч, тус аймгийн хойд талын сумдын цагдаагийн ажилтнууд хариуцсан нутаг дэвсгэртээ саатуулахаар бэлтгэсэн бөгөөд Лүн, Баянхангай сумын нутагт зогсоохоор оролдсон ч зугтсан аж.
Улаанбаатараас Тусгай ажиллагааны газрынхан, Төв аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, Баянхангай сумын Зэст толгой гэх газарт 21-ний 04.30 цагийн үед цасанд суулгаж байж баривчилжээ. Сэжигтэн Г цагдаагийнхныг ойртох үед “Та нарыг ойртвол буудна, өөрийгөө хутгална” хэмээн сүрдүүлсэн төдийгүй цаснаас машинаа гарган цагдаагийн нэг машиныг мөргөхийг завдсан гэдгийг эх сурвалжууд мэдээллээ.
Түүнийг баривчлан машинд нь үзлэг хийхэд “Тоз-8” маркийн сумласан буу, дайзтай сум, дөрвөн хутга, хоёр заазуур байсныг эд мөрийн баримт болгон хураан авсан гэнэ. Сэжигтэн 1967 онд Төв аймагт төрсөн, осол гаргаж, бусдын амь нас хохироосон, онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн алба хаагчид гэмтэл учруулсан зэрэг хэд хэдэн үндэслэлээр дөрвөн ч удаа ял шийтгүүлсэн нэгэн аж. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд Төв аймгийн Батсүмбэр сумын байгаль хамгаалагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь зодож, гэмтээсэн хэрэгт холбогдоод оргосон байжээ.