ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газар, НПГ зэрэг байгууллагатай хамтран нийслэлд нууцаар үйл ажиллагаа явуулдаг автомат мөрийтэй тоглоомын газруудыг илрүүлэн, шалгаж эхэллээ. Эдгээр байгууллагынхан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ ажиллагааг уржигдар орой хийсэн юм байна.
Энэ үеэр Баянгол дүүргийн нутагт нэгэн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байсан хүмүүсийг илрүүлж, орлогын мөнгө, төлбөрийн карт зэргийг хураан авчээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан” хэд хэдэн зөрчил илрүүлэн, тухайн тоглоомын газруудаар үйлчлүүлж байсан 21-50 насны 100 гаруй иргэнээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсэхийг шалгажээ. Мөрийтэй тоглож байсан хүмүүсийн хэнээс ч мансууруулах бодис илрээгүй гэнэ.