Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн алба хаагчид өнгөрсөн баасан гаригт нэгнийхээ аминд хүрчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр шинэ жилийн баяр тэмдэглэж, архидаад нэгнийгээ машинаар дайрч хөнөөсөн байна. Болсон үйл явдлыг тодруулахаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг томилогдон, Ховд аймагт ажиллаж эхэлсэн бөгөөд ямар нэг мэдээлэл хэвлэлийнхэнд өгөхөөс татгалзан, нууж байгаа бололтой.
Юутай ч энэ үйл явдалтай холбогдуулан Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Д.Мөнхболд, дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, хошууч Н.Өлзийхутаг нарыг албан тушаалаас нь өөрчлөхөөр болж буй сурагтай. Гэвч тус газрын дарга, дэд хурандаа Д.Мөнхболд энэ хэрэг явдал болох үед эзгүй, гадаадад явчихсан байсан аж.
Зарим хэвлэлд Д.Мөнхболдыг ангийн найз, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Бямбацогтын нөлөөгөөр нутгийнхаа Цагдаагийн газрын дарга болсон тухай бичиж байсан юм. Үүнээс гадна Баянгол дүүргийн нутаг, 10 дугаар хорооллын туслах замд согтуу цагдаа урсгал сөрж, 4-5 машин мөргөсөн хэргийг ЦЕГ-ынхан ихэд нууцалж байна.