Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-ын дарга Г.Гантөмөртэй холбоотой гомдол АТГ-т очсоны дагуу шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн төсвийн болон олон улсын төслийн хөрөнгөөс завшсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа гэх мэдээлэл бий. Үүнээс гадна гэмт хэргийг үл мэдээлсэн гэж буруутгаж болзошгүй байгаа гэнэ. Үнэт цаас хуурамчаар үйлдэж улсад хохирол учруулсан ажилтнуудаа хууль сахиулах байгууллагынхнаар шалгуулалгүй өнгөрөөсөн аж.
Барилга барьж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд усны тоолуур, цахилгааны тоолууртаа СХЗГ-аар заавал баталгаажуулалт хийлгэдэг. Сүүлийн үеийн байр болгон хэрэглээний халуун, хүйтэн усны болон цахилгааны тоолууртай байгаа. Тэр болгоныг нь тус газраас баталгаажуулдаг гэсэн үг. Орон сууц барихдаа компаниуд олноор нь дээрх гурван төрлийн тоолуур авч буй. Баталгаажуулалтыг нь үнэт цаасан дээр хэвлэдэг болохоор хувилах болон хуурамчаар үйлдвэл гэмт хэрэг гэсэн үг.
Гэтэл СХЗГ-ын улсын шалгагч нар үнэт цаас хуурамчаар үйлдэж, хуурамч тамга дарж улсад хохирол учруулсан гэх мэдээлэл байна. 2012-2014 онд үйлдэгдсэн уг хэргийг 2015 онд илрүүлсэн гэнэ. Үнэт цаасны зарцуулалт, гүйцэтгэлийн хяналт, шалгалт хийх ажлын хэсэг 2015 онд улсын баталгаажуулалт хийж олгосон гэрчилгээ, тайланд хяналт, шалгалт хийхэд хэмжүүрийн улсын шалгагчид улсын баталгаажуулалтын гэрчилгээ болон лабораторийн эрхлэгчийн тэмдгийг хуурамчаар үйлдсэн нь ШШҮХ-гийн шинжээчдийн гаргасан дүгнэлтээр нотлогджээ.
Энэ зөрчлийг нь илрүүлсэн ажлын хэсгийнхэн СХЗГ-ын дарга Г.Гантөмөр тэргүүтэй хүмүүст танилцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа тул хууль, хяналтын байгууллагаар шалгуулах санал гаргасан гэнэ. Гэтэл зөрчил гаргаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй албан хаагчдаа ажлаас нь халаад л, цагдаад шилжүүлэлгүй өнгөрсөн гэнэ.
Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг нуун дарагдуулсан гэж үзэж болохоор. Тухайн үед тус газрын эрх бүхий албан тушаалтнууд нь “Улсад учруулсан хохирлыг нь тогтоохгүй явуулж болохгүй шүү дээ. Цагдаа шүүхэд хандах ёстой” гэсэн ч үл ойшоож, гурван хүнийг халж явуулсан аж.
Тэгсэн атлаа албан хаагчдаасаа санал авалгүй, өөрөө хүссэн хүмүүсээ томилж, СХЗГ-ынхаа Ёс зүйн хороогоор хүссэн шийдвэрээ гаргуулдаг болсон гэх. Ёс зүйн хороо нь төрийн албан хаагчийг илт гүтгэж, гүжирдсэн тайлбарыг үндэслэж дүгнэлт гаргаж, төрийн албан хаагчийг хэлмэгдүүлсэн тохиолдол байдаг гэнэ.
Эрүүгийн хуулийн 23.5.1-д “Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт бий.
СХЗГ-ын дарга Г.Гантөмөр улсад онц хэмжээний их хохирол учруулсан алба хаагчдаа зохих байгууллагаар шалгуулаагүй нь хуулийн дээрх зүйл заалтыг зөрчсөн байж болзошгүй байна. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан учрыг нь олж, хужрыг нь тунгаах биз ээ.