Манай улсад жилд дунджаар 27 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэгээс 30-37 хувийг нь хулгайн хэрэг эзэлдэг. Энэ оны эхний 10 сарын байдлаар хулгайн гэмт хэрэг 26 хувиар өсчээ. Шалтгааныг нь ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас тодрууллаа.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хулгайн гэмт хэргийн тоо эрс өссөн. Шалтгаан нь хулгайлахыг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьсан.
Өөрөөр хэлбэл, 300 мянган төгрөгөөс доош үнэтэй эд зүйл хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Тус хуулийн 8.6-д “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна” гэж заасан. Тэгэхээр 300 мянган төгрөгөөс доош үнэтэй эд зүйл хулгайлаад 7-30 хоног баривчлагдаад өнгөрөх нь. Ингэж хулгайлах гэмт хэргийг энгийн зөрчил мэтээр хуульд заасан нь хулгайчдыг өөгшүүлсөн.
-Ямар төрлийн хулгайн гэмт хэрэг хамгийн их байна вэ?
-Хувийн өмчийнх 27, малын хулгай 11 хувиар өссөн. Тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан бол халаасных 48 хувиар нэмэгджээ. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жилд 12 тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайчид алдаж байна. Тэдгээр эд зүйлийг ломбард, ченжүүдэд 2-3 дахин хямд үнээр зардаг. Тэд хулгайнх гэдгийг нь мэдсээр байж, цааш дамлан ашиг олдог юм.
-Сүүлийн үед илрүүлсэн хулгайн гэмт хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул зэрэг дүүргээр машинтай явж, 40 гаруй айл ухсан, 18-45 насны дөрвөн хүнийг шалгаж байна. Мөн 100 гаруй айл ухсан нэг гэр бүлийнхнийг шалгаж эхэлсэн. Хулгайлсан эд зүйлээ эхнэрийнхээ нэр дээрх ломбардад тавьсан нь тогтоогдсон хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.