“Мөнгөн гүүр” эмнэлэгт мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эмийг зүй бусаар хэрэглэж байсныг илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Мөн БНСУ-ын иргэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гоо сайхны зориулалттай хоёр эм зөвшөөрөлгүйгээр хэрэглэж байсан зөрчлийг илрүүлж, 6670 ам.долларын үнэтэй эмийг нь хураан авсан хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлсэн билээ.
“Мөнгөн гүүр” эмнэлэгт мансууруулах үйлчилгээтэй эм зүй бусаар хэрэглэсэн хэргийг ЭЦА-ны Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст өнгөрсөн зун шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлсэн аж. Тус эмнэлгийн сувилагч Д нь нойр булчирхайн архаг үрэвслээ дарах гэж “Фентанил” гэх тариа өөртөө тарьж байгаад баригдсан юм байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сувилагч Д-д мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг зүй бусаар ашигласан үндэслэлээр тодорхой хугацаанд тэнсэн харгалзах шийтгэл ногдуулсан байна.