Албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаад салаавч гарган танхайрсан Ц.Баярцогт болон бусад зургаан хүнд холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 29-30-нд хэлэлцлээ. Тэрбээр Д.Ууганбаатар, О.Зоригтбаатар тэргүүтэй хүмүүс Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт хууль бусаар алт олборлож, улмаар түүнийхээ санхүүжилтийг босгохын тулд иргэн Д.Батбаярыг залилан мэхэлсэн хэрэгт холбогдсон юм. Тэдэнд эд хөрөнгөө мэхлүүлээд, улмаар хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь дээрх хүмүүсийн залилсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон учир Д.Батбаяр гэрээслэл бичиж, амиа хорлохыг ч завдсан билээ. Хууль бусаар ашигт малтмал олборлосон, бусдыг залилсан хэргийг тус шүүх хоёр хоног хэлэлцэхэд прокурор шүүгдэгчийг нэг жил гурван сар хорих ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгчид Ц.Баярцогтыг хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутайд тооцож, байгаль орчинд учруулсан 150 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэжээ. Харин бусдыг залилсан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байна. Бусад холбогдогчдыг нь ч ялгаагүй торгох ял шийтгэсэн аж. Өдгөө Ц.Баярцогт бусдыг зодож танхайрсан хэрэгтээ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулж буй юм.