БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлүүдийн талаар тус цэцэрлэгийн багш нар болон эцэг эхийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандав.
Тэдний мэдээлж буйгаар Ө.Алдармаа нь цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулах нэрийдлээр жил бүр хүүхдүүдээс мөнгө хураадаг ч цэцэрлэгтээ засвар хийдэггүй хувьдаа зарцуулдаг гэнэ. Үүний уршгаар 24 сая орчим төгрөг шамшигдуулсан хэргээр АТГ-т шалгагдаж байгаа юм. Зөвхөн АТГ-т ч бус УМХГ, Нийслэлийн болон Дүүргийн боловсролын газруудад шалгагдаж байх хугацаандаа үндэслэлгүй тушаал гарган багш, ажилчдыг дур мэдэн халж, оронд нь багшлах эрхгүй танилын хүмүүсээ багшаар тавьж байгаа хэмээн тус цэцэрлэгийн багш нар ярилаа.
129 дүгээр цэцэрлэгийн багш Ц.Энхжаргал хэлэхдээ "Ө.Алдармаа нь 24 сая төгрөг хувьдаа зарцуулсан хэргээр АТГ-т шалгагдсан ч ердөө 3 сар цалинг нь 30 хувиар торгох шийдвэр гарсан. Үүгээр ч зогсохгүй маш олон хууль бус үйлдлүүдийг удаа дараа хийж байсан. Жишээлбэл, Улаан-Үд рүү ажилчид, ах дүү хамаатнуудаа зугаалуулахдаа цэцэрлэгийн бүх тогоочийг авч явснаас болж коридор цэвэрлэдэг үйлчлэгч, өөрийнх нь нарийн бичиг болох эмч н.Мядагмаа, гал тогооны сав угаагч нар хүүхдүүдэд хоол хийж өгсөн. Гэвч тухайн хоолны мах нь түүхий, улаанаараа байдалтай байсан. Саяхан гэхэд 30 хүүхэд суралцдаг "хувилбарт" сургалтын ангийг тараасан. Улмаар дуу хөгжмийн багшийг ажлаас нь халж, хувилбарт бүлгийн багшийг дуу хөгжмийн багшаар тавьсан. Ингээд өөрийнхөө танил талыг нөгөө бүлгийн багшаар тавиад хувилбарт сургалтад явж байсан 30 хүүхдийг бусад бүлгүүд рүү тав, таваар нь хувааж, 65 хүүхэдтэй ангийг 70 хүүхэдтэй болгож хууль бус үйлдэл хийсэн. 70 хүүхэдтэй ангийг хоёр багш дааж авна гэдэг бол боломжгүй зүйл. Ийм их ачаалалтай ажиллаж чадахгүй гэсэн багш нарыг хууль бусаар дарамталсан гэсэн мэдээлэл ирсэн" гэв.
Мөн эцэг эхийн төлөөлөл Ж.Оюунбаяр "Хоёр настай хүүхэд маань энэ жил цэцэрлэгт элссэн. Сугалаагаар цэцэрлэгт ороход хоёр ангид нийт 80 хүүхэд авна гэж байсан ч 9 сарын 1-нд хичээл эхлэхэд 115 хүүхэд буюу 35 хүүхэд илүү авсан байсан. Тэгэхээр энэ хүүхдүүдийн эцэг эхээс хандив нэрээр хахууль авч оруулсан байсан. 500 мянган төгрөг өгөхөөр авдаггүй гэсэн. Тэгээд мөнгө, хахууль авдаггүй хүн юм байна гэж бодтол доод тал нь 1 сая төгрөг өгч байж оруулдаг гэсэн мэдээлэл ч ирсэн" гэлээ.
Иймд БСШУС-ын сайдад өргөдөл хүргүүлж байгаа гэнэ. Тус өргөдөлдөө дээрх гомдлуудыг шалгаж тогтоогоод эрхлэгч Ө.Алдармааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүссэн байна.