Монгол улсын Засгийн газрын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагад даалгасан ажлыг хэрэгжүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Гэр оронгүй, тэнэмэл иргэд болон хараа хяналтгүй хүүхдүүдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах нэгдсэн ажиллагаааны төлөвлөгөө” гаргасан.
Дээрх ажлын хүрээнд Нийслэл хот болон хөдөө орон нутагт байгаа гэр оронгүй, тэнэмэл иргэд, хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэл судалгаанд авах, эмнэлгийн үзлэгт хамруулах, эцэг эх, асран хамгаалагчийг олж тогтоох, хүлээлгэж өгөх, нийгэмшүүлэх, нийгмийн хамгааллын төв болон төрийн бус байгууллагын халамжийн төвд хүлээлгэж өгөх, эрх зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Амьдрах ухаан төв зэрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13.00 цагийн байдлаар Нийслэлийн 11 дүүргээс 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхэд, орон нутагт насанд хүрсэн 148, хүүхэд 23 нийт 500 насанд хүрсэн хүн, 34 хүүхдийг эмнэлгийн үзлэгт хамруулж 11 хүүхдийг “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”-т, 120 иргэнийг “Амьдрах ухаан төв” төрийн бус байгууллагад хүлээлгэж өглөө.
Цаашид цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх, түр хамгаалах байранд хүлээлгэж өгөх, гэмт хэрэг, зөрчил үйлдэх, өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллахаар төлөвлөж байна.