Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогт эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн талаар прокурор, мөрдөн байцаах байгууллагын хэд хэдэн эх сурвалж мэдээлэв. Түүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн сэжиглэн хэрэг бүртгэлт явуулж буй. Харин тэрбээр “Энэ худлаа мэдээлэл. Орон нутагт намын талцал бий болж, нэгнийхээ нэр төрд халдах гэсэн хүмүүсийн явуулга. Би ямар ч хүнээс авлига аваагүй. АТГ-т ч шалгуулаагүй. Харин өөрийнхөө нэр төрийг сэргээх гэж шалгуулах хүсэлт гаргасан” гэв. Хууль сахиулах байгууллагынхан Д.Галсандондогийг “Ховд аймгийн Дөргөн суманд нөхөн сэргээлт хийхээр очсон иргэн Д.Галбадрахаас 8.5 сая төгрөг авсан ч ажлыг нь өгөөгүй, улмаар тухайн иргэн өрөнд орж 120 сая төгрөгөөс болж шүүхэд дуудагдсан. Албан тушаалаа урвуулан ашиглаж ажилд оруулж өгнө хэмээн суудлын автомашин бэлгэнд авсан” үндэслэлүүдээр шалгаж буй гэнэ.