Мансууруулах төрлийн ургамал түүж, бэлтгэх, хэрэглэх явдал багасахгүй, харин ч донтогчид улам нэмэгдэж, хүүхэд багачуудыг уруу татах болов. Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Агьтын хөндийд явж байсан “Аксент” маркийн автомашиныг Тус аймгийн Цагдаагийн газрынхан зогсоон шалгажээ. “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээний хүрээнд орон нутгийн замд ийнхүү цагдаагийнхан шалгалт хийж буй бөгөөд өнгөрсөн баасан гаригийн үүрээр дээрх машинд мансуурсан хүүхэд, залуус байгааг тогтоон саатуулсан гэнэ. Т, Б, Э гэх гурван залуу насанд хүрээгүй А, Э гэх охидын хамт каннабис хэмээх мансууруулах ургамал хэрэглээд зогсохгүй, машиндаа нэлээд их хэмжээгээр тээвэрлэж явсан байна.