Тарвага, чоно зэрэг амьтныг агнахыг хориглосон гурван жилийн хугацаа дуусаагүй. Гэвч орон нутгийн иргэд хулгайгаар тарвага агнаж тулам хэлбэрээр хотод оруулан худалдах, арьсыг нь зарах явдал гарсаар байна. Өнгөрсөн сарын 31-нд Баянгол дүүргийн ХХ хорооны нутаг, “ДЦС-IV”-ийн дэргэдэх замаар явж байсан “Хьюндай Грейс” маркийн микро автобусыг шалгаад их хэмжээний тарваганы арьс авч явсныг тогтоосон юм. МБА-ны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн “Илрүүлэл-Оргодол” нэгдсэн арга хэмжээний үеэр иргэн И “Эмээлт”-ээс хятадуудын худалдан авсан тарваганы 1500 ширхэг арьсыг нь ачиж явсан гэж мэдүүлсэн гэнэ. Цагдаагийнхан БНХАУ-ын нэр бүхий гурван иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэгвэл үүний өмнөх өдөр буюу аравдугаар сарын 30-нд Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Д өөрийнхөө эзэмшлийн “Тоёота Фейлдер” маркийн автомашинд 1980 ширхэг арьс ачиж явсан байна. Жолооч тэдгээр арьсаа хот руу оруулахаар явж байсан тухайгаа мэдүүлсэн гэнэ. Түүнээс гадна Төв аймгийн Батсүмбэр сумын нутгаас бодон гахай агнаж, Улаанбаатар хот руу оруулахаар ачиж явсан жийптэй залуусыг тус аймгийн Цагдаагийн газрын ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм. 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хууль бусаар ан хийсэн, эд эрхтнийг нь наймаалцсан хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татдаг байсан. Гэтэл өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд хулгайн анчид, ангийн эд эрхтний наймаачдад тээг болж байсан заалтыг оруулаагүй, Зөрчлийн хууль руу шилжүүлсэн нь байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэгсдэд ихээхэн завшаантай хэрэг болоод буй аж. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөлгүйгээр ан хийсэн тохиолдолд торгоод л өнгөрөх юм. Тиймээс байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа явдлыг зогсоож, ан амьтан руу зохих зөвшөөрөлгүй буу шагайсан хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татах заалтыг сэргээх талаар санал нэгдэж буй гэнэ.