Өндөр хоршоо, Төв дэлгүүр зэрэг нэртэйгээр Ардын хувьсгалаас хойших жилүүдэд үйл ажиллагаа явуулж байсан Улсын их дэлгүүрийг мэдэхгүй хүн үгүй. Нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг борлуулж, нийслэлчүүдийн нэлээд хэсгийнхний гол үйлчлүүлдэг газар болсон, хуучин тогтолцооны үед түүгээр орж үзээгүй нэгнийгээ хүн биш гэх нь холгүй байсан энэ газрыг 1999 онд Засгийн газрын тогтоолоор “Улсын их дэлгүүр” (УИД) хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан билээ. Хувьцааны дийлэнх хувийг “Номин холдинг” ХХК эзэмших болсон ч, УИД ХК-ийн нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу 9.203.644 ширхэг нь 45.415 иргэнд байгаа юм. Илүү дэлгэрүүлбэл, тус компани нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 36.807.850 хувьцаатай. Үүнээс Р.Содном, Ш.Уламбаяр, Ш.Баярсайхан, М.БатОргил, Ш.Энхбаяр нар 25.174.919 ширхэг буюу нийт хувьцааны 68.4 хувийг эзэмшдэг, үлдсэн нь дээрх 45.415 хүнд ногдож байна.
“НОМИН ХОЛДИНГ”-ИЙНХОН ХЭТ ДООГУУР ХАНШААР ТАЛБАЙ ТҮРЭЭСЭЛДЭГ
“Номин холдинг”-ийнхон УИД-ийн хувьцааны дийлэнхийг эзэмших болсноор хөрөнгө оруулалт болон менежментийн өөрчлөлтийг үе шаттай хийж, дэлхийн жишигт хүрсэн худалдаа үйлчилгээний томоохон төв болгож чадсан гэж үзэх хүн олон. Сайны хажуугаар саар гэгчээр тэд жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироож буй тухай мэдээлэл нэлээд эртнээс яригдах болсон ч өнөөг болтол хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй сураг алдарчихаад буй.
2007 оны аравдугаар сарын 25-нд УИД-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоход маш олон хүн “Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хохирч байна” гэдгийг илэрхийлэхэд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Энхбаяр биднийг дарамталсан маягтай хандсан. Ердөө дөрвөн хүн л бүх хувьцааны 70 хувийг эзэмшиж байгаа. Тэр хурлын үеэр “УИД-ийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох саналтай байна. Саналын хуудсаа бөглө” гэж санал өгөхийг тулгасан. Бид үг хэлээ ололцохгүй байсан тул тэр хурал хойшилсон, жижиг хувьцаа эзэмшигчид эрх ашгаа хамгаалах түр зөвлөл байгуулсан” хэмээн тухайн үед мэдээлж байв. Түүнээс хойш асуудал нэг хэсэг намжмал байснаа 2015 онд дахин тэмцэл хийж эхэлсэн билээ. Тэд хэвлэлийн бага хурал хийхдээ “УИД алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар жижиг хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хүртэж чадахгүй байна. 16 жилийн хугацаанд гурван удаа нэгж хувьцаанд 50 мөнгө, гурван төгрөг, таван төгрөгийн ногдол ашиг тараасан. Дийлэнх хувьцааг эзэмшдэг “Номин холдинг”-ийнхон охин компани болох “Номин реалтор”-т гурван тэрбум төгрөгөөр түрээсэлдэг. Тэр нь цаашаагаа түрээслэн ашгийг нь хүртдэг” хэмээн мэдээлж байв. Тэд ашиггүй гэрээг цуцалж, хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг нөхөн олгож, жижиг хувьцаа эзэмшигчдийг ТУЗ-д оруулан УИД ХК-ийн барилгыг барьцаанд тавих гэж байгааг зогсоох, зохиомол өр зээлийн дарамтад оруулсан гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарыг хариуцлагад татуулах талаар тухайн үед ярьж байв. Тэдний гомдол Санхүүгийн зохицуулах хороонд ирсний дагуу тус хорооноос дээрх компанийн үйл ажиллагааг шалгасан аж. 2015 онд хийсэн хоёр ч удаагийн шалгалтаар УИД компанийн Төлөөлөн удирдах зөвлөл 2008 оны есдүгээр сарын 10-нд “Номин холдинг”-той зээлийн гэрээ байгуулах асуудлыг шийдвэрлэсэн нь Компанийн тухай хуулийн “Сонирхлын зөрчилтэй хэлцэлд хамаарч, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг зөрчсөн”, их дэлгүүрийн барилгыг бүхэлд нь түрээслэх гэрээ байгуулахдаа ТУЗ-ийн хурлаар хэлэлцээгүй, 2000-2014 онд “Номин холдинг”-ийнхон нэгдмэл сонирхолтой этгээдүүдээр дамжуулан түрээсэлж байсан нь УИД компанийн түрээсийн орлогын хэмжээг бууруулахад хүргэсэн үйлдэл болсон, “Номин холдинг” ХХК, УИД компанитай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үнийн дүнг гадаад валютаар тогтоож төлбөр тооцоог хийсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн” гэж дүгнэсэн байгаа юм.
Уг шалгалтыг хийсэн СЗХ-ны ажлын хэсгийнхэн “Номин”-гийнхон хэт доогуур ханшаар их дэлгүүрийн барилгыг түрээслүүлсэн, ерөнхий түрээслэгч болох “Номин холдинг” болон нэгдмэл сонирхолтой компаниуд нь зах зээлийн ханшаар гуравдагч этгээдүүдэд дамжуулан түрээслүүлэхийн зэрэгцээ УИД ХК-д өндөр хүүтэй зээл олгосон нь компанийг алдагдалд оруулж, төлбөрийн чадваргүй болгох үндэслэл болжээ” гэсэн байгаа юм.
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ХҮЛЭЭСЭЭР Л...
Илэрсэн эдгээр зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг СЗХ-ноос УИД компанийн ТУЗ-ийн дарга Ш.Энхбаяр, гүйцэтгэх захирал С.Сайнбат нарт өгсөн юм билээ. Өөрөөр хэлбэл, жижиг хувьцаа эзэмшигч 45.000 гаруй иргэний эрх ашгийг хамгаалахын тулд дээрх хүмүүст шаардлага хүргүүлсэн аж. Гэвч УИД компанийнхан уг шаардлагыг үл зөвшөөрч, шүүхэд хандсан ч нэхэмжлэлээ буцаан авсан гэх юм билээ. Дараа нь СЗХ түрээсийн болон зээлийн 13 гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд УИД компанийн гүйцэтгэх захирал болон ТУЗ-ийн нэр бүхий гишүүдэд холбогдуулан нэхэмжлэл гаргасан юм байна. УИД компани нь хоёр ажилтантай, гүйцэтгэх захирал С.Сайнбат нь “Номин холдинг” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал, нягтлан бодогч Б.Ээжиймаа нь ахлах нягтлан бодогчоор давхар ажилладгийг, эздийн өмч алдагдсан тухай дээрх гомдолд дурджээ. Тухайн үеийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцээд зээлийн болон түрээсийн гэрээнүүд нь Компанийн тухай хуульд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч тогтоосон боловч сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх журмыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байгаа юм. Харин СЗХ анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй, тэдний эрхийг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулах шаардлагатай” гээд дахин хэлэлцүүлэхээр болжээ. Түүнээс хойш тэд эвлэрлийн гэрээ байгуулж, улмаар СЗХ-ноос энэ оны хоёрдугаар сарын 14-нд УИД компанийн үйл ажиллагааг сайжруулах, бие даасан байдлыг хангуулах гэрээ байгуулж талуудын эрх бүхий албан тушаалтнуудаар батлуулсан юм байна. Уг гэрээний дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сард Бизнес хөгжил, бие даасан байдлыг хангуулах стратеги төлөвлөгөөний төслөө тус компанийнхан СЗХ-нд хүргүүлсэн аж. Үүнээс хойш тэд хэлцэл хийсээр, жижиг хувьцаа эзэмшигчид хэрхэхийг нь хүлээсээр буй юм.