Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2012 болон 2015 онд хоёр хүний амь хэрцгийгээр бүрэлгэсэн Б.Баяржаргал, Б.Өнөрхишиг нарт холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2012 оны тавдугаар сарын 30-нд Хан-Уул дүүргийн нутаг, Дунд голын эрэг дээр Г гэх эмэгтэйг зодож, олон хавиргыг нь хугалж гэмтээсэн аж. Шалтгаан нь “Өгсөн мөнгөөр хувцас авч өмсөхгүй, өмнөх нөхөртэйгээ уулзлаа” хэмээн банзаар цохисон аж. Тухайн үед “Хүний хөгжил” сангаас олгодог байсан 21.000 төгрөгөө авч байхад нь өөр газар аваачин түүний аманд архи цутгаж хөнөөсөн байна. Үүний дараа 2015 оны арванхоёрдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Депо”- гийн автобусны буудлын орчимд иргэн Б-ийг “архи нэхэж дарамталлаа” хэмээн хөнөөжээ. Тэдний эхний хүн амины хэргийг 2014 онд тухайн үеийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүх хэлэлцээд Б.Баяржаргалыг 20, Б.Өнөрхишигийг 18 жил хорих ял шийтгэсэн юм. Харин Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан аж. Хэргийг нэмж шалгаж байх хооронд нь тэд хүний аминд дахин хүрсэн юм байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг хоёр хүний амийг хэрцгийгээр бүрэлгэсэн гэм буруутайд тооцоод, 2002 оны Эрүүгийн хуулийн заалтуудыг нь энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуульд нийцүүлэн сольж, улмаар Б.Баяржаргалд 14, Б.Өнөрхишигт 13 жил хорих ял хаалттай дэглэмд эдлүүлэхээр өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэжээ.