ЭЦА-ныхан энэ оны эхний хагаст хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, улсын хилээр нэвтрүүлсэн, борлуулсан 90 хэрэгт 200 хүнийг холбогдуулан шалгаж, зохион байгуулалтад орсон 11 бүлгийг илрүүлсэн. Уг статистикийг өнгөрсөн оны мөн үед бүртгэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй харьцуулбал 15 хувиар өссөн үзүүлэлт юм.
Хууль, хяналтынхан “цагаан тахал”-тай тэмцэх чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буй ч залуус хар тамхийг халаасалж явах боллоо. Цагдаагийн алба хаагчид өдөрт өвс татаж, мансуурсан 1-2 хүнийг саатуулж байна. Өнгөрсөн пүрэв гаригт Улаанбаатар хотын харьяат Б, Б, Э нар гурван кг каннабис тээвэрлэж яваад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь ЗЦА-ныханд баригдав. Мөн тус өдөр Баянзүрх дүүргийн оршин суугч Б, Г нар олсны төрлийн ургамал татаж байгаад цагдаа нарт баригдсан. Баасан гаригт Баянгол дүүргийн иргэн М хоёр кг өвс тээвэрлэж явсныг Төв аймгийн Баянчандмань сум дахь хяналтын постын ажилчдад илрүүлэв. Мансууруулах үйлчилгээтэй ургамал тээвэрлэж, хэрэглэсэн дээрх залуус 18-25 настай. Өөрөөр хэлбэл, хар тамхи хэрэглэгчдийн нас залуужиж, хэрэглээг нь хяналтаасаа алдах нь.