Таван настай охиныг хойд эцэг нь хүчиндсэн тухай мэдээлэл хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр тарсан. Олныг цочирдуулаад байгаа мэдээллийн мөрөөр олон байгууллага, хүмүүс арга хэмжээ авч эхэлж байна. Одоогоор хүүхдийн болон хуулийн байгууллагууд охины нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч эхэлсэн байна.
Тодруулбал, шүүх эмнэлгийн хүлээн авах тасагт доголж явсан охиныг шинжилгээний мөнгөгүй гэдэг шалтгаанаар үзээгүй байхад нь иргэн Б.Золбоот тусалж, энэ талаараа фэйсбүүк хуудастаа нийтэлснээр хэргийг шалгаж эхэлжээ.
Тэрбээр цахим хуудсандаа
"5 настай охинд хэрхэн тус дэм олох гэж сандруу бичсэн постонд маань олон хүмүүс хандаж туслах хүсэлтээ илэрхийлсэнд баярлалаа. Энэ дундаас Лантуун Дохио ТББ-ийн Ч.Ганжавхлан ахтай хамт 5 настай охины гэрт очиход 108 төв буюу хүүхэд хамгааллын төвийхөн ирсэн байсан бөгөөд охиныг хамгаалалтанд авсан болно. Хойд эцэг гэгдэх одоогoор сэжигтэн залууг баривчилсан. Энэ хугацаанд хамт дуу хоолойгоо нэгтгэж байсанд та бүхэнд баярлалаа. Энэхүү үйл явдлын дараагаар миний ойлгосон зүйл бол бид бүхэн тухайн хугацаанд сенсаци буюу асуудлыг дэвэргээд орхидог зангаа хаях хэрэгтэй байна. Та санаачлаад ажиллах боломжгүй бол Ид Шидийн Орон буюу Лантуу Дохио ТББ-ын залуучуудын жагсаал цуглаан олон нийтийн ажилд идэвхтэй байх нь таны оролцоо юм шүү. Үүнээс хойш миний бие энэ ажилд өөрийн чадах бүх зүйлээр оролцох болно. Олон хүний сэтгэл эмзэглүүлсэн хэргийн нэг болохоор та бүхэн цааш нь түгээж хүмүүст шийдэх арга зам байдаг тул нүд нь сохор чих нь дүлий битгий өнгөр, тэдэнд тусламжийн гар сунгах хэрэгтэйг хамтдаа уриалахыг чин сэтгэлээсээ хүсье" гэсэн байна.
Одоогоор охины эрүүл мэнд ямар байгаа тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр "Охиныг "Хүүхдийн тусламжийн 108" төв хамгаалалтад авсан байна. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Үзлэгтэй холбоотой эмч нарын дүгнэлт хараахан гараагүй байгаа. Энэ хэрэг дээр хуулийн дагуу хорооны Засаг дарга, эмч, цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг ажиллаж байна. Харин охины ээж өнгөрсөн 7 дугаар сараас хойш сураггүй байгаа аж. Түүний ар гэрийнхэн нь самранд явсан гэж байгаа сүүлийн хоёр сарын хугацаанд ямар нэгэн сураг дуулдаагүй учир цагдаагийнхан эрэн сурвалжилж эхэлсэн гэдгийг мэдээллээ. Харин хойд эцэг гэх хүчирхийлэгч этгээдийг баривчлан саатуулаад байгаа" гэнэ.