Австралийн www.perthnow.com.au цахим хуудсанд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн шүүхээс 11 жил хорих ял шийтгүүлсэн Мохамед Ибрагим Мунши гэх хүний тухай мэдээлэл цацагджээ. Их Британи, Австралийн иргэншилтэй энэ хүн чухам ямар хэрэгт шийтгүүлэв гэдгийг бид эхэлж сурвалжилсан юм. Пакистанд 1960 онд төрсөн, геологич-уул уурхайн инженер мэргэжилтэй энэ эр манай улсад уул уурхайн бизнес эрхлэхээр ирсэн гэнэ. Ингээд “Гобикоал энд Энержи”, “Зараяа холдингс” ХХК-ийн захирлаар ажилладаг, дээрх компаниуд Монгол Улсад уул уурхайн чиглэлийн маш том төсөл хэрэгжүүлж байгаа, оруулсан хөрөнгөө хэд дахин өндөр ашигтайгаар эргүүлэн авах боломжтой гэж хүмүүст итгүүлж, хөрөнгө оруулсны хариуд ТУЗ-д нэг суудал өгч, Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Гобикоал энд Энержи”, “Зараяа холдингс”, “Бумбат консолидетэд лимитед” компанийн бүх л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч, хамтдаа удирдах болно гэж хэлж итгүүлж байж.
Улмаар “Моннис интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатараас 25.500.000 ам.доллар буюу 31.6 тэрбум гаруй төгрөг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдсон юм байна. Тэрбээр шүүх хурлын үеэр мэдүүлэгтээ “Энэ хэргийг Монголд шийдвэрлэх боломжгүй, хэргийн харьяалал зөрчсөн. Б.Чулуунбаатартай тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд танилцуулсан. Монголд буй авлига, гадаад иргэдийн хөрөнгийг булааж авах гэсэн оролдлого танай улсыг цааш нь хөгжүүлэхгүй байгаа юм” хэмээн мэдүүлжээ. Харин “Моннис интернэшнл” компанийн захирал Б.Чулуунбаатар “Би 25.500.000 ам.доллароо бизнес ярьж М.И.Муншид итгэж зээлсэн. Гэвч биднээс мөнгө авмагцаа эргэж холбогдохоо больсон. Тэрбээр анх бидэнд ярихдаа “Гоби коал энд Энержи” компанийн нэр дээр бүртгэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байх Хотгорын, Говь-Алтайн Чандмань суманд байх Зээгтийн ордыг сайжруулсан, коксжих нүүрснийх гэсэн боловч коксжих нүүрс биш гэдэг нь тогтоогдсон” гэж мэдүүлсэн аж.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Мохаммед Ибрагим Муншид холбогдох хэргийг өнгөрсөн долдугаар сард хэлэлцээд “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд зааснаар 11 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд эхнэр хүүхэд нь Австралийн дээрх цахим хуудсанд хандаж, “Хорих ангид хүний эрх зөрчиж байна. Удаан хугацааны турш усанд оруулдаггүй, өвлийн улирал болж, даарч, амь нас нь хутганы ирэн дээр байгаа, Монголд хөрөнгө оруулагчдыг яллаж байна” гэх мэтээр өгүүлэл нийтлүүлжээ.
Монгол хүнийг залилан мэхэлсэн хэрэгт ял шийтгүүлсэн гадаадын иргэний эрх үнэхээр зөрчигдсөн, эсэхийг ХЭҮК, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхнаас тодруулсан юм. Прокурорын байгууллагын албаны хүн “Мохамед Ибрагим Мунши гэдэг хүн, түүний өмгөөлөгч, ар гэрийнхнээс эрх нь зөрчигдөж байгаа талаар манайд нэг ч гомдол, мэдээлэл ирүүлээгүй. Түүний саатуулагдаж буй цагдан хорих 461 дүгээр ангид байнга прокурор ажиллаж, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж ажилладаг. Тус хорих ангийн дүрэм журмын дагуу монгол хүмүүсийн л адил эрх эдэлж байгаа” гэсэн юм. ШШШЕГ-ынхнаас дээрх мэдээллийн талаар тодруулахад “М.И.Муншид холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 11 жилийн хорих ял оноож, хаалттай дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдсэн юм. Тэрбээр одоо Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа, шийтгэх тогтоолыг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тус Цагдан хорих ангийн орчин нөхцөл нь олон улсын жишиг, стандартад нийцсэн бөгөөд түүнийг хоригдож байх хугацаанд хууль, журмын дагуу холбогдох эрхийг нь хангаж байна” гэсэн юм. “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла нар 35 тэрбум төгрөгийг Монгол Улсад төлөх, таван жил хорих ял шийтгүүлснийхээ дараа мөн л олон улсын хэвлэлд хандаж байсан түүхтэй. Монголын нэр хүнд дэлхий дахинд уналаа гэсэн шалтгаар дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлсэн билээ. Мохамед Ибрагим Мунши тэдэнтэй адил арга мэх хэрэглэж, ялаас мултрах, Австрали руу гарах гэж байхыг ч үгүйсгэхгүй.