Албан үүргээ гүйцэтгэж байсан ЗЦА-ны Тусгай хамгаалалтын хэлтсийн цагдаа - зохицуулагч, ахлагч Б.Отгонбаатар руу салаавч гарган танхайрсан Цэцгээгийн Баярцогтыг Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүх энэ сарын 18-нд шүүх хурал болтол цагдан хорихоор болов. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд төрийн алба хаагч руу салаавч гаргаж, танхайрсан үйлдлийг нь хэлэлцэх шүүх хурал болох байсан ч өмнө нь үйлдсэн залилан мэхэлсэн, байгаль орчинд хөнөөл учруулсан эрүүгийн хэргийг нь хэлэлцэх шүүх хуралд оролцуулахын тулд Сэлэнгэ рүү цагдаагийнхан хуяглан хүргэжээ.
Шүүх хурал 15.00 цаг өнгөрөөж эхэлсэн бөгөөд хамт шүүгдэж буй залилангийн хэргийн холбог- догч Ууганбаатар, түүний гэргий шүүгдэгч Сарантуяа нар нэг өмгөөлөгчтэй байснаа дахин өмгөөлөгч авах нэрийдлээр хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан гэнэ. Шүүх хурлыг энэ сарын 18 хүртэл хойшлуулаад Ц.Баярцогт батлан даалтанд байхдаа танхайрч, нийтийн хэв журам алдагдуулсан тул цагдан хорих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн нь шийдвэрлэжээ. Цагдан хорих үндэслэл болсон танхайрах үйлдэл нь зөвхөн цагдаа руу салаавч гаргасан нэг удаагийн үйлдэлтэй холбоогүй гэнэ. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутагт зам хөндлөн гарч явсан хүнийг зодож танхайрсан бөгөөд тус дүүргийн Цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг ч цагдан хорих тогтоолдоо дурджээ.
Ц.Баярцогт салаавч гаргаж танхайрахдаа “Танай цагдаа намайг зогсоочихоод байна” хэмээн цагдаагийн хурандаа нар руу ярьсан нь бичлэгт үлдсэн. Үүнд ЦЕГ-аас албаны шалгалт хийж, ЗЦА-ны хоёр, хуучнаар Лицензийн төв буюу одоогийн Иргэдэд үйлчлэх төвд ажиллаж буй нэг хурандаагаас тайлбар авч байгаа гэнэ. Ц.Баярцогтыг ийн авирлах үед нь ЗЦА-ны нэг хурандаа нь “Чиний буруу, уучлал гуйгаад явахаа бод. Манай алба хаагчтай ёс зүйгүй харилцсан асуудалд чинь би тусалж чадахгүй” гэжээ. Харин Иргэдэд үйлчлэх төвийн нэг хурандаагаас тусгай дуут гэрэл дохионы зөвшөөрөлтэй холбоотойгоор тайлбар авч буй юм байна. Албаны шалгалтынхаа дараа цагдаагийнхан танхайрагч этгээдийг “өөгшүүлсэн” хурандаа нартаа ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгнө гэдэгт итгэлтэй байна. Эндээс ББСБ-д бүртгэлтэй машинд яагаад ийм дохио ашиглах зөвшөөрөл олгов гэсэн асуудал урган гарна. Дээрх төв, Автотээврийн газрынхан болон цагдаагийн дотоод хяналт шалгалтын албаныхны тогтоосноор Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн байхдаа 17- 93 УБҮ улсын дугаартай “Ланд Круйзер-200” машиндаа цэнхэр өнгөтэй гэрэл ашиглах зөвшөөрөл авсан байна. Улмаар тухайн оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаандаа ч ашиглаж. Энэ бүхнийхээ дараа Ц.Баярцогтод шилжүүлэхдээ тусгай дуут дохионых нь зөвшөөрлийг цуцлуулаагүй юм байна.