Нэг гэр бүлийн долоон хүн зам тээврийн ослоор амиа алдаж, ар гэрийнхэн нь бүтэн жил болоход гэм буруутай этгээдийг олж чадаагүй хэмээн АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн билээ.
Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутаг, Хүй долоон худгийн замд 2016 оны наймдугаар сарын 5-ны 20.00 цагийн үед “Тоёота Приус-20” маркийн машин “Ланд Круйзер-200”-тай мөргөлдөж, суудлын тэрэг замын хажуу руу онхолдсоны улмаас дөрвөн том хүн, гурван хүүхэд амиа алдсан юм. Төв аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт уг ослын материалыг нэг сарын дараа шилжүүлэн өгсөн бөгөөд үүний дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийж эхэлжээ. “Ланд Круйзер” загварын, осол гаргасантай ойролцоо байж болзошгүй цайвар өнгийн тээврийн 3500 хэрэгслийн явсан цаг, маршрут зэргийг нь нэлээд удаан хугацаанд шалгасан гэнэ. Энэ талаар тус аймгийн прокурор С.Алимаа “Ослыг харсан гэрчүүдийг байцаах, зам дагуу байрладаг Төв аймгийн Лүн сумын Цагдаа- гийн хяналтын постын дүрс бичлэгийн санд үзлэг хийх, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Улаанбаатар хот руу орох, гарах чиглэлийн камерын бичлэгүүдийг хуулж авах, Автотээврийн үндэсний төвийн салбараас “Ланд Круйзер 100, 105, 77, Прадо” маркийн цагаан болон шаргал өнгийн тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа авч, 21 аймаг, есөн дүүргийн нутагт эрэн сурвалжлах, гэмт хэрэг гарснаас хойш засвар үйлчилгээ хийлгэсэн цагаан, шаргал өнгийн жийпүүдийг шалгах гээд олон ажил хийсэн” хэмээн мэдээлсэн юм. Үүний дүнд хохирогчдын ар гэрийнхэн мэдээлэл хийснээс хойш нэг их удалгүй сэжигтнийг олж тогтоожээ. Ингээд эсрэг урсгалд зорчиж явсан 01-16 УНА улсын дугаартай “Ланд Круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б-г буруутгах үндэслэл тогтоогдоогүй аж. Учир нь “Приус-20” олон машин гүйцэж түрүүлэн маш хурдтай явж байхдаа эсрэг урсгалаас ирсэн машинтай мөргөлдөн, замын хажуу руу онхолдож шатсан гэх дүгнэлтийг мэргэжлийн байгууллагаас гаргасан сурагтай. Үүнийг нь үндэслээд Төв аймгийн Прокурорын газрынхан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм байна. Харин УЕПГ-аас мөрдөн байцаалтаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж нотлон, тогтоогоогүй гэж үзээд сэргээн шалгаж эхэлжээ.
“Ланд Круйзер”-ийн жолооч нь хувиараа бизнес эрхэлдэг нэгэн бөгөөд машиныг олсон даруйд “Ийм осолд холбогдсон нь үнэн. Уг нь зогсох гэж бодсон ч машин шатсан учраас явчихсан юм” гэсэн мэдүүлэг өгсөн гэнэ. Нотлох баримт хангалтгүй, машины марк, дугаар нь тодорхойгүй ийм үед жолооч эр “Тэнд яваагүй, ослын талаар мэдэхгүй” гэсэн тайлбар өгсөн бол яах байсан бэ. Эзэн холбогдогч нь тогтоогдохгүй явсаар хэргийг хаах ч байсан юм бил үү.